Т.САЙХАН

 

Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.

 

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан 1997 онд Үндсэн хуулийн цэц дээр очсон байдаг.  Цэц түүний талд буюу сонгох сонгогдох эрхийг нь хангаж шийдвэрлэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгох сонгогдох эрхийн асуудал мөн л Цэц дээр очлоо.  Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор эдүгээ Үндсэн хуулийн цэцэд урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэд дахин нэр дэвших эсэх асуудлаар маргаан өрнөж байна.

Гэтэл зарим хуульч,  хоёр өөр төрлийн маргааныг ижил мэтээр зориуд чулуу хөөлгөх янзтай.  Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд өмнө нь хүрэлцэн очихдоо ч энэ жишээгээр тайлбарлаж байсан удаатай. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших, эсэх маргаан П.Очирбат Ерөнхийлөгчтэй холбоотой маргаанаас огт өөр.

1990 онд П.Очирбат гуайг сонгосон субъект нь тухайн үеийн Ардын Их Хурлын төлөөлөгчид байсан бол 1993 онд түүнийг ард түмнээс сонгож, улмаар УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч байв. 

-Агуулга, үзэл санааны хувьд адилхан.  Тиймээс ч одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгох сонгогдох эрхийг хангаж шийдвэрлэх ёстой гэж ярьж байна?

-1997 онд СЕХ-ны нэр дэвшигчийг бүртгэсэн тогтоолд хэсэг иргэд Цэцэд мэдээлэл гаргасан. Гол үндэслэл нь П.Очирбат нь БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар АИХ-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүнийг 1992 оны Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвшихэд харшилж байна гэж үзсэн. Цэц дараах үндэслэлээр уг мэдээллийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд “БНМАУ-ын АИХ-аас 1990 онд батлагдсан, Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгч нь хэрэгжүүлэх бүрэн эрх болон сонгогдох зарчмын хувьд хоорондоо эрс ялгаатай байна. Нэр дэвшигч П.Очирбат нь нийт ард түмнээс Ерөнхийлөгчөөр сонгогдохоор хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. СЕХ-ноос нэр дэвшигч П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлснийг бүртгэж авсан 1997 оны гуравдугаар сарын 27-ны 03 тоот тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ. Товчхондоо  1990 онд Үндсэн хуулийн дагуу АИХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Шинэ Үндсэн хуулийн дахин нэг удаа нэр дэвших гэсэн хамаарахгүй гэж үзсэн. Ингэж П.Очирбатын  сонгох сонгогдох эрхийг цэц хангаж байв.  Өөрөөр хэлбэл, одоо Цэц дээр өрнөж буй маргаанаас зарчмын томоохон ялгаатай буюу харьцуулах аргагүй өөр маргаан.

-Одоо Цэц дээр өрнөж байгаа мар­гаа­ныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эсэх асуудлаар маргаж буй билээ. Энд өмнөх 1997 оны маргаанаас гол ялгагдах онцлог нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт л орсноос бус Шинэ Үндсэн хууль огт батлаагүй. Дээр нь уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хэлбэр, үе шат огт өөрчлөгдөөгүй байгаа нь дээрх маргаануудын гол ялгаа юм. 1990 онд П.Очирбат гуайг сонгосон субъект нь тухайн үеийн Ардын Их Хурлын төлөөлөгчид байсан бол 1993 онд түүнийг ард түмнээс сонгож, улмаар УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч байв. Тэгэхээр Цэц дээр өрнөж буй маргаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу төслөөр 2025 байсан саналыг 2020 он болгон өөрчилснөөс үүдэн өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх иргэн нэр дэвших эрхгүй болсонтой холбоотой маргаан өрнөж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.15 ПҮРЭВ № 76 (6553)