Б.ДОЛЖИНЖАВ

 

Жаргал, зовлон ээлжилдэг хүмүүний амьдралын өдөр хоногууд нэгэн хэвийн ижил дүр төрхтэйгээр хөвөрдөг мэт уйтгартай санагдах нь бий. Харин заримдаа өдөр бүр өөр өөрийн гэсэн өнгөтэй, давтагдашгүй мөчүүдийн хэлхээс мэт сонирхолтой санагдаж, амьдралд улам ихээр шунан дурладаг. Тэр дундаа анхны уран бүтээл, анхны хичээл, шинэ ажилтны эхний өдөр, анхны хайр, анхны хүүхэд гээд л анхны гэсэн тодотголтой юм бүхэн мартагдашгүй дурсамжийг бүтээж, амьдралд үргэлж өнгө нэмж байдаг. Яг ийм нэг мартагдашгүй ул мөрийг түүхнээ үлдээж, Монголд арьсан ширэн эдлэлийг урлаг болтол нь хөгжүүлэх анхны суурийг цутгасан хүн нь арьс ширэн эдлэлийн зураач, технологич Ж.Доржсүрэн байв. Тэрбээр хуучны ЗХУ-ын Эстони ССР-ийн нийслэл Таллин хотын Чимэглэх-Хавсарга урлагийн сургуулийг арьсны дизайнераар төгссөн цөөн монгол оюутны анхдагч юм. ЗХУ-д төгсч ирсэн шинэхэн боловсон хүчин Дүрслэх урлагийн дунд сургуульд арьс ширэн эдлэлийн ангийг 1971 онд нээж анхны мэргэжлийн зураач багш боллоо. Ингэхдээ шинэ цагийн технологи, арга зүйг арьс ширэн эдлэлийн урлалын  сургалтад нэвтрүүлж, шинэ цагийн зураач, урчуудыг төгсгөн гаргажээ.  Үүний үр дүнд бэлэг дурсгалын арьс ширэн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, чанар эрс сайжирлаа. Эртний нүүдэлчдээс уламжлан ирсэн арьс ширээр бүтээгдэхүүн урлах нэгэн шинэ салбар Монголд Ж.Доржсүрэн хэмээх эрхмийн  хичээл зүтгэл, санаачлагаар хөгжсөн түүхтэй. Тэрбээр 1988 онд насан эцэслэх хүртлээ  Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж, олон шавь төрүүлсэн гавьяатай. Тухайлбал, Ж.Доржсүрэнгийн шавь Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ийн багш Р.Ариунболд “Эмээл хазаар, ногт чөдрөөс эхлээд хувцас өмсгөл, ахуйн хэрэглээндээ арьсан урлалыг үндэсний хэв маягаа шингээн урладаг ардын урлагийн яндашгүй баялаг түүхтэй ард түмэн учир энэ соёл уламжлалаа үеийн үед өвлүүлэх учиртай” хэмээн “Хүрэл буга 4” арьсан урлагийн үзэсгэлэн  2019 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх үеэр ярьж байв. Эртнээс уламжлан ирсэн арьсан урлалыг урлаг болтол нь хөгжүүлж, Монголын урлагийн түүхэнд мартагдашгүй мөр үлдээсэн Ж.Доржсүрэнгийн хүү Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Д.Эрдэнэбилэгийг бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөж зураач болсон юм.

 

“Аав минь миний анхны багш”

 

Арьсан ширэн эдлэлийн урлагийн анхдагч аав, монгол эмэгтэйчүүдийнхээ гэрэл гэгээтэй үйл хэрэг бүхнийг дотоод болон гадааддаа сурталчлах хүндтэй албанд насаараа зүтгэсэн сэтгүүлч ээжийн гар дээр Д.Эрдэнэбилэг урлагийн хүн болон өсжээ.

Зураач аавынхаа хийж бүтээсэн бүхнийг багаасаа харж өсөхийн сацуу  авчирсан ном, сэтгүүлээр нь дамжуулан Д.Эрдэнэбилэг урлагтай ихэд эрт танилцжээ. Тиймээс түүний  анхны багш  нь аав Ж.Доржсүрэн нь байв. Аав нь Орост зургаан жилээр суралцах үед ээж нь захидал бичиж, Д.Эрдэнэбилэг хүү зураг зурж илгээдэг байжээ. Аавыгаа  төгсч ирснээс хойш дэргэдээс нь салаагүй тэрбээр аавын найзууд болох тухайн үеийн алдартай зураач нартай танилцаж, уран зургийн талаарх ойлголтоо улам өргөжүүлжээ. Зураач болох хүслийг нь ээж, аав нь дэмжсэнээр Д.Эрдэнэбилэг 1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид элссэн түүхтэй. Энэ тухай “Миний аав зураач хүн тэсвэр тэвчээртэй, хэн нэгэн хүнийг дуурайж бус өөрийн оюун санаанаас сэдэв, санаагаа ургуулан үргэлж шинэ, давтагдашгүй бүтээл зурах хэрэгтэй гэж захидаг байсан.  Зураач үнэхээр сайхан мэргэжил. Үзэх яруу найраг гэж нэрлэдэг  уран зураг бол гайхамшигтай. Бийр, цаас байхад хэнээс ч хамаарахгүйгээр биеэ даан бүтээлээ туурвидаг” гэж ярилаа.

Улаанбаатар хотод 1959 онд төрсөн Д.Эрдэнэбилэг  Ж.Доржсүрэнгийн өргөмөл хүү нь аж. Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангиа төгсөөд  тэрбээр ОХУ-ын Москва хотын В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академид сүрлэг уран зургийн чиглэлээр 1979-1985 онд зургаан жил суралцжээ. Төгсч ирээд одоогийн МҮОНРТ хуучны Монголын үндэсний телевиз, Шинжлэх ухаан мэдээллийн төв,  “Монгол наадам” гэсэн хэд хэдэн  байгууллагад зураачаар ажиллалаа. Дараа нь Дүрслэх урлагийн дунд сургуульдаа 1991-1999 он хүртэл багшилж, аавын туулсан замналыг даган олон шавь бэлтгэн гаргажээ.

Монгол Улс ардчилсан дэглэмд дөнгөж шилжээд бүх зүйл нээлттэй, чөлөөтэй болсноороо давуу талтай боловч эдийн засгийн хямралд орсон нийгмийн ороо бусгаа цаг үед тэрбээр багшилдаг байв. Иргэдийн аж амьдрал сайнгүй байснаас үүдэн урлагийн талаарх хүмүүсийн ойлголт ч тун муу байсан  үе юм. Тиймээс шавь нартаа энэ хүнд цаг үед урлагийн хатуу замыг даван туулан хэрхэн амьдралаа авч явах талаар зааж сургадаг байжээ. Энэ тухайгаа  “Би шавь нартаа зургийг хэрхэн зурах гэдгээс илүүтэйгээр олон зураачаас хэрхэн онцгойрч, урлагийн хүний хатуу ертөнцөд дасан зохицож амьдрах вэ гэдгийг ойлгуулахыг зорьдог байсан. Нийгэмд хөлөө олж амьдрахын тулд зураач хүн юуг, хэрхэн зурах нь чухал. Урлагийн зам их хатуу гэдгийг ээж аав  нар сайн ойлгуулж чаддаггүй юм. Мөн  өөрийнхөө дотоод сэтгэлд байгаа мэдрэмжийг уран бүтээлээрээ илэрхийлж, зургийг нь харахад л тухайн хүний давтагдашгүй, цор ганц бүтээл гэж танигдахаар бүтээл туурвиж байвал тэр сайн зураач. Харин өөр хүнийг дуурайсан байвал өөрийгөө олоогүй зураач байна гэж бодно” хэмээн ярьсан юм.

Тэрбээр сүрлэг уран зургийн чиглэлээр төгссөнөөрөө  салбарынхнаасаа ялгардаг. Сүрлэг урлаг буюу монументаль нь том хэмжээний талбай, хоосон ханан дээр олон төрлийн техник ашиглан чимэглэлийн зураг зурах урлагийн нэг төрөл юм. Тухайн ханан дээрх бүтээл сэдэв агуулгын хувьд байгаль орчин болон архитектуртайгаа зохицсон байх хэрэгтэй байдаг аж. Монументаль бүтээлийн уран зураг ба уран баримал гэсэн хоёр төрөл байдгаас уран зураг нь илүү хөгжжээ.

Москвад В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академид суралцаж байхдаа сүрлэг урлагийн тухай  мэдлэгээ зузаатгасан  зураач Д.Эрдэнэбилэг “Улаанбаатарын 120 мянгатын автобусын буудлын ойролцоо байдаг том том байшингуудын ханан дээр тэр чигтээ Социализмын үеийн мозайкнууд бий. Түүнийг хуулж хаяхгүйгээр хадгалж байх хэрэгтэй. Саяхан Төв шуудангийн урд талын хоёр давхар байрыг нураачихлаа. Ханан дээр нь маш гоё Монголын  мозайкын түүхэнд орохуйц моннументаль байсныг устгачихсанд их харамсаж байна. “Цонжинболдог” цогцолбор бол монументаль баримал юм. Сүрлэг урлагийг олон хүн зэрэг хийдэг, барилга барьж байгаа мэт том ажил, зарлага ихтэй болохоор Монголд сайн хөгжсөнгүй” гэж харамсангуй ярьж байв. Бие даасан уран бүтээлч болсон тэрбээр одоо Монголын Урчуудын эвлэлийн хорооны менежерээр ажиллаж байна. 

 

Сайн багшийн сайн шавь

Зураач Д.Эрдэнэбилэг шавь нартаа зургийг хэрхэн зурах гэдгээс илүүтэйгээр олон зураачаас хэрхэн онцгойрч, урлагийн хүний хатуу ертөнцөд дасан зохицож амьдрах вэ гэдгийг ойлгуулахыг зорьдог байв.

Бидний нийтлэлийн эзэн Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид анх элсэхдээ Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач С.Дондогийн шавь болжээ.  Уран бүтээлчдийнхээ дунд “Армян” хэмээх нэрээрээ танил болсон С.Дондог уран зургийн мэргэжлийн багш нараас хамгийн олон жил ажиллаж, олон авьяаслаг сайн уран бүтээлч төрүүлсэн гэдгээр нь олон нийт түүнийг танина. Сонгодог арга зүйгээрээ онцгойлон ялгардаг  С.Дондог багш ЗХУ-ын Ленинград одоогийн Санкт Петербург хотын И.Е.Репиний Уран зургийн академийг ЗХУ-ын ардын зураач, төрийн шагналт Е.Е.Мойсеенкогийн урланд реалист уран зургаар суралцан төгссөн юм.   Тиймээс зураач Д.Эрдэнэбилэг түүний шавь болж, асар олон зүйлийг сурснаа бахархал дүүрэн ярьж байлаа.

Харин  түүнийг Монголын түүхээ сонирхож, түүхэн сэдвээр зурах эхлэлийг нь Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх тавьжээ. Зураач Б.Пүрэвсүхийг бид “Мандухай сэцэн хатан” киноны ерөнхий зураачаар ажиллаж байсан гэдгээр нь танина. Киноны зураач гэдэг найруулагчийн бодож боловсруулсан зохиолын зангилааг ургуулан сэтгэж, хэлэх гэсэн санааг нь улам тодотгодогоороо онцгой авьяас шаардсан нарийн төвөгтэй ажил хэмээн салбарынхан нь үздэг юм билээ. Ийн зураач Д.Эрдэнэбилэг  түүхэн сэдвийн хамгийн шилдэг зураач байсан багш Б.Пүрэвсүхээсээ эх орны түүх, түүхэн сэдэвт зургийг хэрхэн зурах арга барилыг нь заалгаснаар 1990-ээд оноос түүхэн сэдвээр зурж эхэлжээ. Өдгөө ч тэрбээр түүхэн зургаа зурахын сацуу Монгол ахуй, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин амьдралын хэв маягийг харуулсан уран бүтээлээ туурвиж сууна. Уран зураг, урлагийн хөгжил нь эртнээс уламжилсан ОХУ-д сурч Баруун Европын Франц, Итали, Германы сургалтын хөтөлбөрийг Оросоос Монголд тээж ирсэн зураач Д.Эрдэнэбилэгийн уран бүтээл нь Франц, Герман, Турк, Орос, Солонгос, Америк, Хятад, Тайвань, Тайланд, Энэтхэгийн галерей, хувийн цуглуулагчдын сан хөмрөгт байдаг.

Монголдоо шилдэгт тооцогдох багш нараар хичээл заалгаж, урлагт хөл тавьсан тэрбээр мэргэжлийнхээ онцлогийн талаар “Зураач хүн өөрийн ухаан бодол дахь  сурсан мэдсэн зүйлсээ бүтээлдээ тусгадаг учир бүх зүйлийг танин мэдэж байж л зурна. Тиймээс өргөн мэдлэг, зурж байгаа сэдвээ алдаа мадаггүй судалсан байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг өөрийн толгойдоо боловсруулсны дараагаар хов хоосон цагаан цаасан дээр  бүхэл бүтэн түүхийг “амьдруулдаг” учир тал талын мэдлэгтэй, сониуч  байх хэрэгтэй” хэмээв.

 

“Сайн хүн, сайн сайхан зүйл хаана байна......”

 

Зураач Д.Эрдэнэбилэгийн ээж Ч.Батчулуун гэх Монголын эмэгтэйчүүдийн хорооны дэргэдэх “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичиг хэмээх тун чухал албанд насаараа ажилласан сэтгүүлч эмэгтэй бий. Тэрбээр эх орны дайн, бүтээн байгуулалтын ид үед ажил хөдөлмөрийнхөө үр шимээр амжилттай яваа эмэгтэйчүүдийнхээ үйл хэргийг сурталчилж, Монголын эмэгтэйчүүдийн нэгэн зууны түүхийг бичилцсэн бахархам сайхан гавьяатай хүн юм.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллага анх 1924 оны  гуравдугаар сарын 19-нд байгуулагдсанаас нэг жилийн дараа 1925 оны гуравдугаар сарын 19-нд “Монголын эмэгтэйчүүд”  сэтгүүлийн анхны дугаар гарсан түүхтэй. Үүнээс хойш 1961 онд Монгол, Орос, Англи хэлээр хэвлэгдэн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаас эхлээд хөдөөгийн малчин, тариачин, анхны тракторч, анхны саальчид, алдарт эхчүүд, урлагийн салбарын манлай  Монгол эмэгтэйчүүдийн алдрыг дэлхий дахинаа сурталчилж байв. Энэ тухай Ч.Батчулуун “Би 1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөнөөс хойш “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан. Бидэнд яваагүй аймаг, очоогүй газар гэж бараг байхгүй. Бид сайн хүн, сайхан юм хаана байна, сайн малчин, сайн ээж, сайхан гэр бүл хаана байна гэж л хайж явдаг байлаа шүү дээ. Тийм сайхан хүмүүстэй уулзаж явсан болохоор бид ч бас сайхан хүмүүжилтэй, эерэг сайхан үзэл бодолтой болж төлөвшсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл, сэтгүүлээсээ өөрсдөө хүмүүжиж, олон нийтийг ч  хүмүүжүүлж байсан гэж ойлгож болно” хэмээв.

Ч.Батчулуун гуай эмэгтэйчүүдийн замнаж ирсэн түүх, алдаж эндсэн алаг цоог амьдрал, ололт амжилтыг хэлэлцдэг байсан  эмэгтэйчүүдийн байгууллагаа эхийн сэтгэлтэй зүйрлэдэг юм билээ. Энэ гайхам  эхийн сэтгэлийн талбар нь түүний ажиллаж байсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл аж.  С.Удвал гуайн удирдлаганд 20 орчим жил, Л.Пагмадулам даргын удирдлаганд найман жил ажиллаж байсан тэрбээр өдгөө 88 настай эрүүл энх, ухаан саруул аж төрж суугаа нь түүний туулсан амьдрал үргэлжийн сайхан руу тэмүүлж, бусдад сайхныг түгээж байсантай холбоотой буй за. Үүнийгээ хүүдээ сургасаар иржээ. Энэ талаар зураач Д.Эрдэнэбилэг “Аав, ээж хоёр минь тухайн үеийн эцэг эхчүүдийн адил олон зүйлийг зааж, сургасан. Онцолж хэлбэл, аливаа хүн, бусдад саад болохгүйгээр, өөрийн аж амьдралаа тэгш авч явах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Мөн хүнд энэрэнгүй, байгальд хайртай байх ёстой гэж сургадаг байлаа” гэж ярив.

Арьсан ширэн эдлэлийн урлагийн анхдагч аав, монгол эмэгтэйчүүдийнхээ гэрэл гэгээтэй үйл хэрэг бүхнийг дотоод болон гадааддаа сурталчлах хүндтэй албанд насаараа зүтгэсэн сэтгүүлч ээжийн гар дээр Д.Эрдэнэбилэг урлагийн хүн болон өсжээ. Тиймээс ч тэрбээр “Залуу хүн болгон мөрөөдөлтэй, зорилготой байх хэрэгтэй. Мөрөөдлийнхөө төлөө тууштай, шантрахгүй, залуу хүний эрч хүчээр  зүтгэхэд заавал хүрнэ. Өөрийн дуртай  ажлаа хийгээд хайртай дотно гэр бүлийн хүмүүстэйгээ, амар тайван байх  нь аз жаргал юм. Олон мэргэжил, олон хобби байвч гэр бүлийнхэнтэй эрүүл энх амар амгалан байх л энэ амьдралын хамгийн сайхан агшин” хэмээн ярилаа.

Тэрбээр хот байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтэй Ц.Тунгалаг хэмээх эмэгтэйтэй 1985 онд гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болжээ. Түүний хүү Э.Тэлмэн эдийн засагч, программист мэргэжилтэй бол охин Э.Цолмон нь эмч юм. “Хүүхдүүд тань урлагийн салбараас өөр мэргэжил сонгожээ. Зураач мэргэжлээ ач, зээдээ өвлүүлэх хүсэл бий юу” хэмээн асуухад “Тийм хүсэл бий. Би хоёр ачтай. Хоёул зураг зурдаг. Үүнийг нь ч дэмждэг. Өөрсдөө сонирхолтой байвал цааш нь дэмжиж авьяасыг хөгжүүлнэ. Зургийн дугуйланд явуулж, зураг зурдаг хүмүүстэй цуг байвал зураач болно. Гэхдээ зураач болгох гэж шахаж шаардахгүй. Аль нь зурагт илүү дуртай, хэнд нь  зураачийн нягт нямбай, уран сайханч зан чанар илүү байгааг нь ажигладаг” гэсэн юм. Урлагийн гэр бүлд өсч, багаасаа урлагтай нөхөрлөсөн зураач Д.Эрдэнэбилэгийн “Амьдралын тойрог”-ийг дүгнэвэл сайн сайхан руу тэмүүлсэн, сайн аав, ээж, сайн багш нараасаа олон зүйлийг сурч, мэдсэн, зорилгийнхоо төлөө тууштай зүтгэж эцэст нь түүндээ хүрч бүрэн дүүрэн аз жаргалыг мэдэрч яваа, өөрийгөө олсон,  “үзэх яруу найрагт” амьдралаа зориулж яваа хүн аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)