С.САРУУЛ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч урд шөнө (2021.04.08) 18:00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал,  19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.

Хэргийн талаар ХХЕГ-аас мэдээлэл өгөхдөө “Манааны бүрэлдэхүүн солигдох явцад зэвсэг хэрэглэж харуулын даргын өөдөөс гал нээсэн. Цэргүүд Алтай сумаас 50 км-т шатахуун нь дуусч мотоциклио орхиод явсан. Дарамт шахалт байгаагүйг цэргүүд мэдүүлсэн. Анги салбарт тогтмол сэтгэлзүйчид ажилладаг.  Намар татагдаж ирсэн цэргүүд байсан. Хугацаат цэргийн алба хаагчтай зүй бус харилцдаг байдлыг таслан зогсоогоод арваад жил болж байна. Тиймээс ямар нэг дарамт шахалт байгаагүй гэж бодож байна. Амиа алдсан харуулын дарга бол манай шилдэг алба хаагч, шүлэгч залуу байсан” гэлээ.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна. Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан.Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагч нь хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд, харуулын даргыг буудан хороогоод оргосон байна.

Эх сурвалж: www.polit.mn