Б.ТУУЛ

Та өөрийн гэсэн бизнестэй болох гээд гайхалтай шинэ санаа хайж байна уу? Бизнес эрхлэгчдийн зүгээс санал болгож буй эдгээр санаанууд танд  2021 онд амжилттай бизнес эхлүүлэхэд туслах болно. Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас үүдэн 2021 онд эхлэх жижиг бизнесийн шилдэг санаануудын ихэнх нь онлайн орчинд явагдахаар төлөвлөгдөж байна. Тиймээс та эдгээрээс өөрт тохирох, бизнес санаагаа сонгон авч ажлын төлөвлөгөөгөө  сайн боловсруулаарай. Хэрэв та ямар нэгэн бизнесийг дөнгөж эхлэх гэж байгаа бол үүнийгээ бизнесийн шилдэг санаанаас эхлэх хэрэгтэй. Харин үүний дараа танд итгэл найдвар, урам зориг,  хүсэл тэмүүлэл байхад л таныг цааш нь жолоодно.  Энэхүү бизнес санаануудын жагсаалтад 2021 он болон ирэх он жилүүдэд ч бас таныг амжилтанд хүрэхэд туслах  шилдэг 10 санааг тусгасан. Иймд та өөрийн хүсэл сонирхол, бусдын эрэлт хэрэгцээг сайн судалж үзээд өөрийнхөө бизнесийг сонгоорой.

1. Зөвлөх үйлчилгээ үзүүлж болно

Хэрэв та өөрийгөө тодорхой сэдвээр мэдлэг хуримтлуулсан гэж үзвэл бизнесийн зөвлөх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, маркетинг, хүний нөөц, манлайлал, харилцаа холбоо гэх мэт чиглэлүүдээр  зөвлөх үйлчилгээ үзүүлж, бизнес эрхлэх нь магадгүй таньд ашигтай сонголт байж болно. Та зөвлөхийн бизнесээ бие даан эхлүүлж, дараа нь бизнесээ өргөжүүлж, бусад зөвлөхүүдийг сурган ажиллуулж болно.

2. Онлайн борлуулагч хийх үү?

 Хувцас, гэр ахуйн бараа зэрэг нийтэд эрэлттэй байдаг бараа бүтээгдэхүүн борлуулах дуртай хүмүүс онлайн борлуулагчийн бизнес эрхлэхийг хүсч магадгүй. Хэдийгээр энэ нь маш их цаг хугацаа, хичээл зүтгэл, нарийн төлөвлөгөө шаарддаг ч, энэ бизнесийг та ажлынхаа хажуугаар эхэлж болно.  Үүний тулд та өөрийн хүссэн, сонирхсон бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд бусад адил төстэй  онлайн дэлгүүрийн вэбсайтуудыг судалж үзэх хэрэгтэй. Түүнээс суралцсан зүйлсээ өөртөө ашиглаж болно.

3. Хамгийн сайн мэдэх сэдвээрээ онлайн сургалт явуулж болно

Онлайн боловсролын эрэлт хэрэгцээ нь бизнес эрхлэгчдэд хувийн бизнесээ эхлүүлэх өргөн боломжийг нээж өгсөн  байдаг. Тиймээс та мөн өөрийн сонирхсон, сайн мэдэх сэдвийн дагуу сургалт явуулах сэдвээ сонгож,  хаана байгаагаасаа үл хамааран цахим хичээл заах боломжтой. Хэрэв та ямар нэгэн тодорхой сэдвээр нарийн мэдлэггүй бол гадаадад байгаа оюутнуудад онлайнаар англи хэлийг гадаад хэлээр заах талаар бодож үзэх боломжтой.

4. Онлайн бүртгэл хөтлөх ажил сонирхоорой.

Боловсролын нэгэн адил технологи хөгжсөн энэ үед нягтлан бодох бүртгэлийн олон үйлчилгээг онлайнаар гүйцэтгэх боломжтой. Хэрэв та тооцооны салбарт ажилладаг бол, тэр тусмаа нягтлан бодогч мэргэжилтэй бол орчин үеийн технологийн давуу талыг ашиглан бусад компаниудыг үйлчлүүлэгч болгон авч, өөрийн онлайн бүртгэл хөтлөх үйлчилгээг эхлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлан тооцооны асуудлыг нь цахимаар хянаж, гаргаж өгөх боломжтой гэсэн үг юм.

5. Эмнэлгийн шуудангийн үйлчилгээ буюу тогтвортой ажлын байр


Хэрэв та найдвартай тээврийн хэрэгсэлтэй, цагийн менежмент, зохион байгуулалт сайтай бол өөрийн шуудангийн үйлчилгээ, тухайлбал  эмнэлгийн  хүргэлтийн  үйлчилгээ эрхлэх тухай бодоод үзээрэй.  Бүр тодруулбал, жолоочийн хувьд та лабораторийн сорьц, эмчийн заавраар бичиж өгсөн эм, багаж хэрэгсэл зэрэг эмнэлгийн хэрэгслийг зөөх үүрэгтэй. Эрүүл мэндийн салбар жил ирэх тусам тэлж байгаа учраас эмнэлгийн шуудангийн үйлчилгээ нь үргэлж  тогтвортой ажлын байрны нэгд тооцогдсоор байна. Тиймээс та энэ төрлийн бизнесийг бие даан эхлүүлэх эсвэл өөр жолооч нарыг өөртөө ажиллуулах байдлаар энэ ажлыг эхэлж болно.   

6. Апп хөгжүүлэгч


Хэрэв та технологийн талаар мэдлэг туршлагатай бол апп хөгжүүлэх чиглэлээр карьераа ахиулж болно. Өнөөдөр ухаалаг гар утас нь дэлхийн олон сая хүн амын өдөр тутмын хэрэглээ болсон нь гар утасны программын эрэлт хэрэгцээг улам бүр  нэмэгдүүлсээр байна. Үүнтэй адил виртуал бодит програм хангамж нь сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээтэй  болж байгаа  учраас та олон төрлийн байгууллагын үйл ажиллагааг цахим орчинд сурталчилж, програм хөгжүүлэх, апп зохиох үйлчилгээг үзүүлж болно.  

7. Цэвэрлэгээ үйлчилгээ бол хамгийн зардал багатай бизнес


Орчин үед хүмүүсийн ихэнх нь завгүй байдаг. Үүнээс болж зарим хүмүүст хувийн оффис, амьдарч буй гэр орноо ч цэвэрлэх зав гардаггүй. Тиймээс та цэвэр цэмцгэр байдалд дуртай, угаах арчих, цэвэрлэх дуртай бол үүнийг амархан бизнес болгон хувиргаж чадна. Цөөн хэдэн ажилтантай, цэвэрлэгээний хангамж, тээврийн хэрэгсэлтэй зэхээд та байшингийн эзэд, орон сууцны хороолол, арилжааны зориулалттай газруудад цэвэрлэх үйлчилгээг  санал болгож болно. Ихэнх цэвэрлэгээний үйлчилгээ хүмүүс цагт 25-50 мянган төгрөгөөр тооцон цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг. Энэ нь харьцангуй зардал багатай бизнес юм.  Хэрэв та бусад цэвэрлэгээний үйлчилгээний байгууллага, хувь хүнээс ялгарах гэж байгаа бол байгууллагын гаднах шал,  цахилгаан шат угаах зэрэг дээд зэрэглэлийн сонголтуудыг нэмж, нэмэлт төлбөр тооцон хийх боломжтой. Энэ саналаа туршлагатай компаниудад танилцуулж, хамтран ажиллах санал тавьж болох юм.

8. Гэрийн асрах үйлчилгээ

Хэрэв та найрсаг, зочломтгой зантай, бусдад туслахыг хүсдэг бол энэ зан чанараа ашиглан бизнес хийж болно. Өөрөөр хэлбэл, таны энэ найрсаг сайхан харилцаа гэртээ асаргаа сувилалд байдаг, гэрээс гарах боломжгүй өндөр настнуудыг асрахад  ихээхэн дэмжлэг болно. Энэ нь эрэлт нь дэлхийн олон оронд өссөн дүнтэй явдаг, үргэлж эрэлт хэрэгцээтэй байж чаддаг бизнес юм. Жишээ нь, дэлхийд энэ чиглэлээр судалгаа явуулдаг, Хөгшрөлтийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр 2010-2050 оны хооронд  85-аас дээш хүн ам дэлхийн хэмжээнд 351 хувиар  өсч , дэлхийн зуун наст хүмүүсийн тоо (100-аас дээш насныхан) арав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Өндөр настнуудын ихэнх нь гэр орондоо бусдын халамж, тусламж, асаргаа сувилгааны дор амьдрах болно гэжээ.

9. Дижитал маркетингийн үйлчилгээ

Эх сурвалж: Jacob_Ammentorp_Lund / Getty Images
​​​​​​


Интернетийн ач холбогдол өдөр ирэх тусам нэмэгдэж, бизнес эрхлэгчид сунжирсан, удааширсан ажилд цаг үрэхийг хүсэхгүй байна. Энэ үед хамгийн эрэлт ихтэй бизнес бол дижитал маркетингийн үйлчилгээ юм. Ялангуяа хүн болгон бизнес эрхлэхийг хүсдэг болсон өнөө үед олон жижиг, дунд компаниуд өртөг өндөртэй баг бүрдүүлэхээс гадна үүнийг бусдаар хийлгэхыг хүсдэг. Хэрэв танд SEO, агуулгын маркетинг, товшилт тутамд төлөх төлбөр, вэб хөгжүүлэлт эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, туршлага байгаа бол та үүнийг гэрээсээ чөлөөтэй хийж болно.

Дижитал маркетинг нь брэндийн чухал хэсэг тул үйлчлүүлэгчдийнхээ маркетингийн стратегийг маш сайн     судлах нь чухал.  Ингээд та сошиал медиа орчинд  менежментээ зөв хийгээд бизнесээ эхлэхэд болно.   

10. Зүлэг арчилгааны үйлчилгээ

Эх сурвалж: \ welcomeia / Getty Images

Байгалийн ландшафтыг номхотгож, гадаах цэцэрлэгжүүлэлт, айл өрхийн цэцэрлэгт талбай, албан байгууллагын гадна талын цэцэрлэгжүүлэлтыг үзэсгэлэнтэй болгохын тулд гадаа ажиллах нь зарим хүнд тааламжтай санагддаг. Тэгвэл гадаа ажиллах нь заримдаа олон хүнд уйтгартай, хэцүү санагддаг учраас зүлгэн дээрх арчилгаа, цэвэрлэгээ, дизайнлаг үйлчилгээнд  баг бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө бүрдүүлэх, хог хаягдлын машин,  чиргүүл гээд магадгүй таны тооцоолсноос ч илүү их зүйл шаардагдаж болно. Гэсэн ч та нэгэнтээ энэ бизнесийг сонирхоод хийхээр шийдвэл үйлчлүүлэгчиддээ дээд зэргийн үйлчилгээг санал болгож, инээмсэглэлээр угтан энэ бизнесийнхээ нэр хүндийг хурдан өсгөх боломжтой юм. Хэрэв та гадаа ажиллах, гоёмсог ландшафт бүтээх дуртай бол энэ бизнесийг сонирхоод үзээрэй.

Шинэ бизнес эхлүүлэхэд анхаарах зүйлс: Ямар ч бизнесийг эхлүүлэх нь маш их хөдөлмөр шаарддаг учраас танд хэрэгтэй товчхон зөвлөгөөг бас өгье.

  • Бизнесийн санаагаа сонгоод байр сууриа олоорой.
  • Өнөөгийн зах зээлд дүн шинжилгээ хийж үзэх нь чухал.
  • Бизнес төлөвлөгөө гарга.
  • Санхүүгээ үнэлж, шаардлагатай бол мөнгө босгоорой.
  • Хууль эрх зүйн орчинд хэрхэн ажиллах вэ гэдэг бизнесийн бүтцээ тодорхойл.
  • Бизнес эрхлэгчдийн холбоо, харьяалагдах газар бүртгүүл.
  • Бизнесийн даатгалд хамрагдах талаар бодож үзээрэй.
  • Том ажил эхлэх бол ажилчид хөлсөлж, баг бүрдүүлэх зэрэгт анхаараарай.
  • Хамтарч ажиллах байгууллагуудын жагсаалтыг гарга.
  • Бизнесээ бусдад сурталчилахад цаг гаргаарай.

Эх сурвалж: www.polit.mn