Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Оросын Сансрын түүхийн музей нь дэлхийд ховорт тооцогдох шинжлэх ухааны музей юм. Оросын сансар судлалын гайхамшигт түүхийг харуулдаг энэ музейг хүн анх сансарт ниссэний 20 жилийн ойгоор  1981 онд нээсэн юм. 2009 онд шинэчлэн засварлажээ.1981 оны дөрөвдүгээр сарын 10-нд Москвад  уг  музейг  “Сансрыг эзэмшигчдэд”  хөшөөны  сууринд нээв.  Зөвлөлтийн пуужин-сансрын системийн  ерөнхий зохион бүтээгч С.П. Королев ийм музейтэй болох санаачлагыг гаргажээ. Энд Юрий Гагарины анх сансарт хөөрөхдөө өмссөн өмсгөл, Оросын анхны хиймэл дагуул, сар болон нарны системийг судлах аппаратуудыг дэлгэсэн байдаг. Музейн цуглуулгад 70 мянга орчим ер бусын сонирхолтой шинжлэх ухаан техникийн үзмэрүүд, сансрын техникийн  эх загвар хуулбарууд, баримт бичиг,  гэрэл зураг, кино материалууд бий.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1606.04.10. Хойд Америкийн колонийн газар нутгийг тэлэх, нэгтгэн захирах зорилгоор Английн хаан I Жеймс зарлиг гарган Лондонгийн Виржиниагийн компанийг байгуулахаар болжээ.

1710.04.10. Их Британид Аннагийн тунхаг хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн түүхэнд анх удаа зохиогчийн эрхийг хамгаалсан эрх зүйн баримт бичиг болсон байна.

1741.04.10. Пруссийн эзэнт гүрэн Силесиа хотод хяналтаа тогтоожээ.

1809.04.10. Наполеоны дайн: Австрийн эзэнт гүрэн Баварийг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагааг эхлүүлэв.

1816.04.10. АНУ-ын Холбооны Засгийн газар АНУ-ын хоёрдугаар банкыг байгуулах шийдвэр гаргажээ.

1821.04.10. Оттоманы засаг захиргаа Константинополийн хамба V Григорийг дүүжлэн хороов. Григорийн цогцосыг Босфорусын хоолойд урсгасан гэдэг.

1826.04.10. Грекын Миссолонжи тосгоныг 10,500 хүн орхин гарав. Учир нь Туркийн цэргүүд жилийн турш бүслэж улмаар оршин суугчид нь дүрвэсэн юм. Харамсалтай дүрвэгсдээс цөөхөн нь л эсэн мэнд үлджээ.

1858.04.10. Уестминстерийн ордоны нүүрэн хэсэгт байрлах "Биг Бен" хонхийг шинэчилсний дараа 14.5 тонн жинтэй болжээ. Өмнө нь Уайтчапелийн хонхны компанийн үйлдвэрлэсэн хонх 13.76 тонноор хэмжигдэж байсан гэдэг.

1864.04.10. Хабсбургийн угсааны их ван Максимилиан Мексикийг эзлэн түрэмгийлж, өөрийгөө Мексикийн хаан хэмээн зарлажээ.

1865.04.10. Америкийн иргэний дайн: Холбоотны армид бууж өгсөнөөс хойш нэг хоногийн дараа Эх газрын армийн генерал Роберт И.Лий цэргүүддээ хандаж сүүлийн удаа үг хэлэв.

1866.04.10. Зэрлэг амьтдыг хамгаалах АНУ-ын нийгэмлэгийг Нью-Йорк хотноо Хенри Берг байгуулжээ.

1868.04.10. Британи-Энэтхэгийн нэгдсэн цэргийн хүч Абиссиниа хотод Этиопын цэргүүдийг буулган авч, эзэн хаан II Теводрос бууж өгчээ. Тулаанд Этиопын 700 цэрэг амиа алдсан бол Энэтхэг/Британийн талаас хоёрхон цэрэг амиа алдсан байна.

1887.04.10. Ромын пап XIII Лео улаан өндөгний баярын ням гарагт АНУ-ыд Католик их сургууль байгуулах зарлиг гаргажээ.

1912.04.10. Уайт Стар Лайн компанийн зохион бүтээсэн тухайн цаг үеийнхээ аварга хөлөг онгоц гэгдэх Титаник хөлөг онгоц, Саутхемптоны боомтоос хөдөлжээ. Энэ нь алдарт хөлөг онгоцны анхны бөгөөд эцсийн аялал байсан юм.

Эх сурвалж www.zms.mn