С.САРУУЛ

 

Монгол Улс Хувь хүний нууцын тухай хуулийг 26 жилийн дараа шинэчлэн батлах гэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор мэргэжлийн хүмүүс санал, шүүмжээ хэлсээр байгаа. Тэгвэл Хувь хүний нууцын хуульд харицлагын санкцыг илүү нарийвчилж оруулах ирэх шаардлагатай байгааг Zeroday LLC мэдээллийн аюулгүй байдлын компанийн гүйцэтгэх захирал Э.Билгүүн-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Leaderships forum” буландаа ярилцлага өгөхдөө онцолжээ. Тэрбээр “Хувийн давхцахгүй өгөгдөл маш үнэ цэнэтэй. Энэ мэдээллээ алдана гэдэг өндөр эрсдэлтэй. Тиймээс хууль гаргаж байгаа бол маш чамбай, нарийн зохицуулах хэрэгтэй. Хууль маш сайн байхаас гадна уян хатан. Хуулиас салбарласан бодлого, дүрэм журам сайн хэрэгжих ёстой. Одоогийн боловсруулж байгаа Хувь хүний нууцын тухай хуулийн төсөлд хувийн мэдээлэл алдахаар бол торгохоор заасан. Энэ бол хариуцлагын санкц биш юм. Иргэний мэдээллийг хадгалж л байгаа бол баталгаатай хамгаалах ёстой. Ялангуяа, хөндлөнгийн шалгалт хийлгэсэн байхыг шаардах хэрэгтэй. Мөн иргэний хувийн мэдээллийг алдсан нэрийдлээр бусдад зарж борлуулсан тохиолдолд тэнсэх эсвэл хорих хүртэл ялтай байдаг хэрэгтэй. Хариуцлага аль болох өндөр байх ёстой. Харин тухайн байгууллага мэдээгүй байхад гаднаас халдсан тохиолдолд хамгаалалтаа сайжруулахыг анхааруулж торгох байдлаар зохицуулж болно. Гэхдээ хууль зөвхөн дотоодын компаниудад биш гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг стандарт тогтооно гэсэн үг.

 

Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь иргэн хүний ч гэсэн үүрэг. Тиймээс хувийн мэдээллээ хаана, хэнд ямар зорилгоор өгч байгаа. Тухайн газар нь найдвартай хамгаалж чадах уу гэдгийг нягталж байх ёстой. Хэрэглэгч болгон тестер, хакер байдаг учраас программ ашиглах явцад санаандгүй байдлаар ч юм уу өөр хүний мэдээлэл олж авсан бол хаана хандах вэ гэдэг нь манай улсад тодорхой бус байдгийг хуулиар зохицуулах шаардлагатай” гэв.

 

Эх сурвалж: www.polit.mn