З.БАТЦЭЦЭГ

Их Британи: Англид “аз жаргалтай даваа гараг” ирлээ. Хоёр сар үргэлжилсэн хөл хорионы эцэст тэд гадаа эрүүл агаарт спортоор хичээллэж, найзуудтайгаа уулзаж болохоор боллоо. Гэхдээ зай барих, нийтийн унаагаар шаардлагатай үед л зорчих зөвлөмжүүд хэвээрээ. Европоор явж байгаа 3 дахь давалгаа ирэхээс тэд айж байгаа талаар euronews мэдээлжээ.

Англид коронавирусын эсрэг вакциныг 30 сая хүнд хийсэн нь насанд хүрэгчдийн 60 хувийг хамарсан гэсэн тооцоо гарч байгаа ч Засгийн газраас хэтийн төлөв байдлын талаар тун болгоомжтой ярьж байгаа.

Лондон хотын хойд зүгт орших Хампстед-Хит паркийн зөвлөлийн тэргүүн Энн Фервезер хэлэхдээ “Энэ чухал шийдвэр, бүх зүйл нээгдэж байгаа ч, бид зайгаа барих ёстой” гэсэн байна.

Европ: Европ тивийн аялал жуулчлалын төв болсон Флоренцын гудамж хоосон байна. Тоскани, Калабрия эрсдэл ихтэй “улаан бүс” болсон. Улаан өндөгний баяраар олонхи нь гэртээ, бусад нь хэсэгчилсэн хөл хорионд байх нь.

Франц: Даваа гарагт Францын сэхээн амьдруулах тасагт хэвтсэн хүний тоо 10 сарын антирекордыг эвджээ. Багш, эмч нар хилээ хаахыг уриалж байгаа ч Ерөнхийлөгч Э.Макрон хөл хорио тогтоохын эсрэг байр суурьтай байгаа юм. Даваа гарагт ЭМЯ-ны сайд халдвар гарсан эхний тохиолдол бүртгэгдмэгц ангийг хаахыг 19 хэлтэст зөвшөөрчээ. “Сүүлийн 7 хоногт сургуулийн багш, сурагч нарын дунд өвчлөл огцом өсөж байна. Энэ үзүүлэлт буурахгүй байсан учраас мягмар гарагаас эхлэн бид ажлаа хийхээс татгалзсан. Ийм нөхцөлд ажиллах боломжгүй” гэж түүхийн багш Эрик Фино euronews-т ярьсан байна.

Унгар: Тус улсад хөл хориог дөрөвдүгээр сарын 8 хүртэл сунгажээ. Ресторан, соёлын газрууд, дэлгүүр, сургуулиуд хаалттай байгаа юм. Иргэдийн 21,6 хувь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа билээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан радиод өгсөн ярилцлагадаа “Оросын “Спутник V” вакциныг ГХЯ-ны сайд Петера Сийяртогийн зөвлөгөөгөөр худалдаж авсан” гэсэхн байна. ГХЯ-ны сайд нь 2020 онд л барууны вакцин авах амаргүй гэдэгийг урьдчилж харсан байжээ.

Дэлхийд: Одоогийн байдлаар дэлхийд халдвар авсан хүний тоо 126,89 саяыг даваад байна. ДЭМБ-ийн өгсөн мэдээгээр 2,77 сая хүн нас барсан байна.

Эх сурвалж: zms.mn