Б.ТУУЛ

 

Хаврын улиралд хүүхдийн дархлааг дэмжих нь ханиад томуу, элдэв халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга болдог. Тиймээс энэ удаа бага насны хүүхдийг эрүүл байлгах, дархлааг нь дэмжих талаар “Энхийн мишээл” эмнэлгийн Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Г.Цэенгийн зөвлөгөөг хүргэж байна.

 

Та хүүхдээ 21:00 цагт унтуулж хэвшээрэй

 

Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжих нь дархлааг нь сайжруулах хамгийн чухал арга гэж үздэг. Тиймээс хүүхдийн дархлааг сайжруулах гурван алхам буюу нойр, хоол, хөдөлгөөн ямар байх ёстой талаарх мэдээллийг өгье. Хүүхдийн нас бага байх тусам  унтах хугацаа урт байх ёстой. Дөнгөж төрсөн нярай хүүхэд 22-23 цаг унтах ёстой байдаг бол насанд хүрсэн хүмүүст 7-8 цаг унтах нь хангалттай байдаг. Мөн хүүхдийн унтах өрөө сэрүүхэн байвал хүүхэд гүн нойрсож чадна.

Харин халуун бүгчим орчинд муу унтдаг. Үдшийн 22:00-02:00 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Энэ үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлнэ. Монгол эцэг эхчүүдийн дийлэнх нь оройтож унтдагаас хүүхдүүдээ дээрх цагуудад унтуулж чаддаггүй. Тэгэхээр хүүхдүүдийн дунд нойрны алдагдал их байна. Дэлхий дахинд хүүхдээ 21:00 цагт унтуулахыг зөвлөдөг. Дунджаар 9-10 цаг унтаж байж хүүхэд хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг.

 

Өдөрт гурван удаа хооллоорой

 

Чипс, ундаа, чихэр нь хүүхдийн дархлааны хамгийн том дайсан юм. Учир нь эдгээр зүйлээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүй. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндөгнөөс авч болно. Мөн А витамин нь арьс салстыг хамгаалдаг учир хүүхдэдээ А витаминаар баялаг хоол хүнс хэрэглүүлэх нь чухал. А витамин хангалттай авч чаддаг хүүхэд ханиад хүрэх нь бага байдаг. Мөн шим тэжээллэг хоол хүнсээр тогтмол хооллох хэрэгтэй. Өдөрт гурван удаа хооллох бөгөөд өглөөний хоол, цай хамгийн чухал нь. Өглөө хоол цайгаа идэж уугаагүйгээс цөсний ялгаралт муудаж, чулуу үүсдэг. Тиймээс хүүхдийнхээ өглөөний цайнд гурил болон гурилан бүтээгдэхүүн хэрэглүүлж заншаарай

 

Өдөрт нэг цаг орчим идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй

 

 Хүний бие идэвхтэй байвал дархлааны эсүүд хурдан сэргэдэг. Харин хэвтээд, унтаад байвал нозоороод байна гэсэн үг. Хүүхэд өдөрт дор хаяж 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хүүхэд өдөржин тоглодог, хөдөлдөг шүү дээ гэж асууж магадгүй. Гэхдээ хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөн нь идэвхтэй хөдөлгөөнд тооцогддоггүй байна. Тиймээс спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ хөдөлгөөнд анхаарч дархлааг нь сайжруулах боломжтой гэж зөвлөмөөр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.30 МЯГМАР № 63 (6540)