Б.ДОЛЖИНЖАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID-19 эсрэг вакциныг татан авах явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тогтоохгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон. Дэлхий дахинд цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнээс сэргийлэх ганц гарц нь вакцинжуулах юм. Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийнэ. Бид ОХУ-тай 300 мянган тунг нь тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцсан. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа. БНХАУ-аас 900 мянган тунг авна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 300 мянга орчим тун нь ирнэ. Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газартай COVAX хөтөлбөрийг хэрхэн наашлуулах талаар ярилцаж байна " гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn