Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 эсрэг вакцинжуулалт дэлхийн олон оронд үргэлжилж байна. Гэвч өндөр хөгжилтэй, баян орнууд вакциныг их хэмжээгээр худалдан авч, ядуу орны иргэд вакцингүй үлдэх вий гэдэгт санаа зовниж байгаагаа ДЭМБ анхааруулж байв. Тэгвэл Англи, Америк болон бусад вакцинжуулалтын хурдаараа тэргүүлж байгаа улсууд руу COVID-19 эсрэг вакцин экспортлохоо зогсоож байгааг Европын холбоо өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар “Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, вакцины хангамжийг тогтвортой байлгахыг хүсч байна” гэж Европын холбооны албан тушаалтан ярилаа.  

Энэ зохицуулалт нь Европын холбооны 27 орон вакцины экспортоо хориглох эсэхийг шийдвэрлэх юм. Ингэснээр AstraZeneca болон Johnson & Johnson үйлдвэрийн вакцинуудыг дархлаажуулалт удаашралтай үргэлжилж байгаа, вакцины нөөц дутмаг улсуудад хүргэх ач холбогдолтой.Энэ тухай Европын холбооны тэргүүн Урсула вон дер Ляйен “Вакцин үйлдвэрлэж байгаа Европын холбооны орнууд Их Британи, Америк уу экспортлохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм. Харин Британи урьдчилж захиалсан вакцинуудаа авахыг зөвшөөрөхийг шаардаж байна. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Вакцины экспортыг хориглосонд итгэхгүй байна” гэж мэдэгдэв.

Европын холбооны энэ шийдвэр бүх вакцин үйлдвэрлэгчдэд нөлөөлнө. Учир нь Израйль шиг вакцинжуулалтын хувь өндөртэй байгаа орнуудын вакцины нийлүүлэлт багасч магадгүй юм. Тухайлбал, дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд Европын холбоонд 55 сая тунг нийлүүлэхээр төлөвлөсөн Johnson & Johnson компани ирэх сард эхний вакцинуудаа түгээж эхлэх юм. Харин Moderna болон Pfizer/BioNTech компани Европын холбоонд нийлүүлэх вакцины нийлүүлэлт удааширсан ч эхний улирлын төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж:Reuters