Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын эрх мэдлийг цэргийнхэн хүчээр авснаас үүдсэн мөргөлдөөн Мьнямар улсад үргэлжилж байна. Цэргийнхэн болон иргэн хоорондын мөргөлдөөн сүүлийн өдрүүдэд эрчээ авч, өсвөр үеийнхэн, залуу үе тэргүүтэй 54 хүн нас барсныг НҮБ мэдээлэв. Мөн армийнхан таван эмнэлэг, их сургуулийн байруудыг эзэлсэн гэж орон нутгийн хэвлэл мэдээллээ.

 Тус улсын нийслэл болон томоохон хотуудад өнгөрөгч амралтын өдрүүдээр буу дуугаргаж сэрэмжлүүлэг өгч, шөнийн цагаар хэд хэдэн хүнийг Аюулгүй байдлыг хамгаалах албаныхан баривчилжээ. Ингэхдээ шалтгаанаа тайлбарлаагүй байна. Баривчилсан хүмүүсийн дотор Аун Сан Су Чи-гийн Ардчиллын төлөө Үндэсний лиг намын гишүүн байжээ.

Хин Маун Латтыг цагдан хоригдож байхдаа нас барсан гэж Улс төрийн хоригдолуудад туслах холбоо болон Ройтерс агентлаг мэдээлэв. Ингэхдээ түүний толгой болон бие нь хүчирхийллийн улмаас хөхөрсөн байдалтай олдсон гэж Ардчиллын төлөө Үндэсний лиг намын хуульч Ба Мяо Тейн Ройтерс агентлагт ярьжээ. Гэхдээ үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна. Хин Маун Латт 2020 оны сонгуулиар сонгогдсон Исламын шашинтай хоёр хууль тогтоогчийн нэгнийх нь кампанит ажилд ажиллаж байв.  Ойр тойрныхон нь цуглаж ням гаригт түүнийг Янгон хотод оршуулжээ.

Олон улсын хүний эрхийн хороо “Улсын эмнэлгүүдийг эзлэн түрэмгийлж, иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол Мьянмарийн цэргийнхэн хүний эрхийн эсрэг хүчирхийллээ зогсоохгүй” гэж мэдэгдэлдээ дурджээ.Мөн “Эмнэлгүүдийг эзэлсэн нь мөргөлдөөний улмаас гэмтсэн хүмүүст үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээнд саад учруулах гэсэн шууд оролдлого мөн” гэж Жон Хопкинсийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийн төвийн ажилтан Сандра Мон ярилаа.

Хүчирхийллийг эсэргүүцэн, ирээдүйн ардчиллын төлөө хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга, хүнс, тээвэр тэргүүтэй 18 чухал байгууллагын ажилчдыг ажил хаялт зарлаж, эдийн засгаа бүр мөсөн зогсоохыг Мьнямарын хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлүүд өчигдөр үндэстэн даяар уриаллаа. “Хэн ч Мьянмарын иргэнийг албадан ажиллуулж чадахгүй. Бид цэргийхний боол биш” гэж тэд мэдэгдэв.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгүүд жагсаал хийв. Энэ үеэр цагдаа нар гал нээсний улмаас хоёр жагсагч амиа алдаж, олон хүн бэртсэн гэж Ройтерс мэдээлжээ. Цэргийнхэн эрх мэдлийг гартаа авснаас хойш хамгийн багадаа 1790 хүнийг цагдан хорьсон гэж Улс төрийн хоригдлуудад туслах холбоо мэдээлэв. Ингэхдээ шөнийн цагаар гэрт нь дайран орж хүчээр баривчилжээ.

Хүчирхийлэл улам эрчээ авч, амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул Австрали улс Мьнямартай байгуулсан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрөө зогсоосон байна.

Эх  сурвалж:CNN