Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 9-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1959 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон Олон улсын тоглоомны үзэсгэлэн яармагын үеэр "Барби" хүүхэлдэйг олон нийтэд танилцуулжээ. Өнөөдөр энэ тоглоом дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэй бөгөөд долоо хоногт дэлхий даяар нэг сая, секунд бүрт хоёр Барби зарагддаг. Америкийн 3-10 насны охдод найман Барби бий. Итали охидод долоо, франц, герман, итали охидод тус бүр таван хүүхэлдэй байдаг. Хагас зууны дотор Mattel компани тэрбум гаруй хүүхэлдэйг худалджээ.Тавиад оны үед Германд насанд хүрэгчдийн комиксийн сэдвээр Лили нэртэй хүүхэлдэйг бүтээсэн байсантай Рут Хандлер гэдэг америк эмэгтэй тааралдан гурван ширхэгийг худалдан авсан байв. АНУ-д  Рут эргэн ирээд дизайнер Жек Райанд тэр куклыг хүүхдэд зориулан бага зэрэг өөрчлөөд бүтээх даалгавар өгснөөр Барбийн зам эхэлжээ. Уг тоглоомд 1958 онд патент авсан байв. 1959 оны энэ өдөр анхны хүүхэлдэйнүүдийг Нью-Йоркийн тоглоомын яармаг дээр хар цагаан усны хувцастай, нарны шилтэй, өндөр өсгийтэй шаахайтайгаар гарган худалдсан байлаа. Эхлээд түүнийг болгоомжтойгоор хүлээн авч байсан бол харин ухаалаг реклам тоглоомыг алдаршуулсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1842.03.09. Алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн гуравдугаар дуурь болох "Набүкко" Милан хотноо анх удаа тайзнаа тавигджээ. Үүнээс хойш түүнийг оршин буй цагийнхаа Италийн хамгийн хүндтэй хөгжмийн зохиолч гэх болсон юм.

1847.03.09. Мексик-Америкийн дайн: АНУ-ын цэргийн хүч Мексикийн Веракруз хотыг бүслэв.

1896.03.09. Адвагын тулаанд ялагдал хүлээсний дараа Италийн ерөнхий сайд Франческо Криспи өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгчээ.

1908.03.09. Италийн алдарт дөрвөн хөлбөмбөгийн клубын нэг Интер Милан клуб байгуулагдав.

1916.03.09. Мексикийн хувьсгал: Шинэ Мексик мужийн Колумбус хоттой хиллэх тосгонд Панчо Вилла тэргүүтэй босогчид цэргийн ажиллагаа явуулжээ.

1933.03.09. Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт "Банкны онцгой байдлын тухай хууль" боловсруулав. Ингэснээр америкийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай шинэ гэрээ байгуулах болсон юм.

1946.03.09. Английн хөлбөмбөгийн Болтон Уандеррерс клубын цэнгэлдэх "Бөрнден Парк"-ын зарим хэсэг нурж 33 хүн амиа алдан, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.

1956.03.09. Зөвлөлт Гүржид болсон Никита Хрушевийг эсэргүүцсэн бослогыг хүч хэрэглэн дарах зорилгоор Зөвлөлтийн улаан арми Гүржийн нутагт цэргээ оруулав.

1960.03.09. Америкийн физикч Белдинг Хиббард Скрибнер бөөрний дутагдалд орсон өвчтөнг сэргээх зорилготой гемодиализийн аппаратыг зохион бүтээв.

1961.03.09. Зөвлөлтийн сансар судлалын товчоо "Спутник 9" сансрын хөлөгч Иван Иванович гэж нэрлэсэн хүүхэлдэйг суулган сансарт хөөргөжээ.

Эх сурвалж www.zms.mn