“ZM” © Л.БАТДОРЖ

Т.БАТСАЙХАН

 

МАХН, МАН-ын ахмад гишүүд хамтран МАХН-ын дарга Н.Энхбаяр, ЕНБД Б.Тулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕНБД Д.Амарбаясгалан нарт уриалга хүргүүлсэн.   Өчигдөр ахмад гишүүд уриалгаа намын удирдлагуудад албан ёсоор гардуулж өгсөн юм.    Уриалгад “Түүхэн ойг тохиолдуулан  МАХН, МАН-ын удирдлагын хүрээнд болон манай хоёр намын гишүүдийн дунд үзэл бодол, гарал үүсэл нэгтэй хоёр нам нэгдэх тухай яриа, хэлцэл өрнөж байгаад намын ахмад гишүүд бид гүнээ талархан дэмжиж байгаагаа баяртайгаар илэрхийлж байна. Монгол оронд үүссэн нөхцөл байдалд хамтын мэргэн оюун ухаанаараа нухацтай дүгнэлт хийж МАХН, МАН-аа чин шударгаар нэгтгэж,  Улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дайчин шударга зүтгэх мэдлэг чадвартай, нэр хүндтэй, эх оронч удирдах боловсон хүчнүүд энэ хоёр намд бэлэн байгаад намын ахмад гишүүд бид итгэл дүүрэн байна. Та бүхэн түүхт 100 жилийн ойн үеэр хоёр намаа нэгтгэх түүхэн шийдвэр гаргахыг намын ахмад гишүүд бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаагаа дахин илэрхийлье” гэжээ.

 Энэ үеэр намын гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе. 

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Намууд том зорилгын төлөө нэгдэх ёстой

 

-Та бүхэндээ улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.  Энэ ойн хүрээнд ахмад гишүүд маань нам, улс орныхоо цаашдын ирээдүйг харж, намын удирдлагууддаа хандан уриалга хүргүүлж байгааг хүлээн авч байна.    МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдан энэ асуудлыг хэлэлцэнэ.  Улмаар  МАН-ынхаа гишүүдтэй ярилцаж байна.  Энэ асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзаад бид хоёр зүйл дээр тохирсон. Нэгдүгээрт, анхан шатны байгууллага, жирийн гишүүдийнхээ саналыг сонсохоор болсон.  Түүнээс биш дарга нар шийдээд байдаг гэсэн ойлголт байхгүй.  Үүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх зөвшөөрсөн.  Дараагийн нэг асуудал нь намууд том зорилгын төлөө нэгдэх ёстой. Түүнээс биш албан тушаалын төлөө явж болохгүй.  Том зорилгын  төлөө нэгдэе, нийлье, үйл ажиллагаагаа уялдуулъя гэж ярьсан. Та бүхэн маань бас үүн дээр санал бодлоо илэрхийлээрэй.  ХХ зуунд Монгол Улс хөгжил дэвшилд хүрч чадлаа.  Одоо дараагийн ХХI зуунд Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө эхний 10-т багтах хэмжээний  улс орон болох учиртай.  Энэ бүхнийг та бүхэнтэй хамтдаа бүтээнэ.

 

АИХ-ын дарга асан Ж.Гомбожав: Хоёр танхимтай парламенттай болох зарчмаас битгий ухраарай

 

-МАХН, МАН нэгдэх хэлэлцээ хийнэ. Би Н.Энхбаяр даргыг нэг үзэл баримтлалаас битгий ухраасай гэж бодож байна.  Бид 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн батлахдаа өөрийн болон төрийн түүхэн уламжлалаа гээсэн. Өөрөөр хэлбэл, 1914 онд Богд хаан Засгийн газар байгуулахдаа Баруун Европтой адилхан парламентын тогтолцоо байх нь зүйтэй гэж үзсэн.  Ингээд Засгийн газрын дэргэд дээд, доод хурал байгуулсан түүхтэй. 1940 он хүртэл хоёр танхимтай явж ирсэн.  Харин 1960 оны Үндсэн хуулиар үндсэндээ нэг тогтолцоонд шилжсэн.  Улмаар дээд, доод танхимтай байх тогтолцоог 1992 онд Үндсэн хууль батлахдаа гээсэн.  Цаашид парламент дээд, доод хуралтай болохгүйгээр Монгол Улс хөгжинө гэдэг хэцүү байна.  Парламент маань ямар нэгэн хяналтгүй явж ирлээ. Мөн Үндсэн хууль батлахдаа гаргасан хоёр дахь том алдаа нь Үндсэн хуулийн цэцийг байгуулахдаа гурван субъектээс томилохоор хийсэн. Энэ бол нэр дэвшүүлж томилсон талдаа үйлчилнэ гэсэнтэй ялгаагүй зохицуулалт болсон юм. Цаашид энэ бүхнийг анхаарч ажиллаасай гэж хүсч байна.  Монгол орны ирээдүй уул уурхай биш. Бидэнд хөнгөн хүнсний үйлдвэр хэрэгтэй. Мөн улс төрийн намуудын хуулийг өөрчлөх асуудлыг анхаараарай.

 

Б.Дорждэрэм: Намууд нэгдэх асуудлыг шуурхайлмаар байна

 

-Ахмад зүтгэлтнүүд бид нэгдэх тухай гурав дахь бичгээ та бүхэнд гардуулж байна.  Аливаа зүйл гурав дахь дээрээ бүтдэг юм шиг байгаа юм.  Бид хийдгээ хийсэн хүмүүс.  Намын залуус маань хүчээ нэгтгээд эх орноо авч явах нь зүйтэй. Нам маань 100 жилийн хугацаанд улс орноо удирдаж ирлээ.  Цаашид олон зуун жил тасралтгүй үйл хэргээ явуулаасай. Хоёр нам үйл хэрэг нь нэг яваад байдаг гэхдээ хоёр замаар замнаад байдаг.  Ийм байж болохгүй. Аливаа асуудалд нөхцөл бүрдэнэ гэж байдаг юм байна. 

Одоо л нэг нөхцөл нь бүрдлээ гэж харж байна.  Энэ асуудлыг ажлын хэсэг дээр яриад шуурхай шийдмээр байна.  Ингэж байтал дундуур нь хар муур гүйчих вий дээ.   Цаг хугацаа алдах л юм бол гадны ч дотны ч хар хүч бий гэдгийг анхаараарай. 

 

Д.Шонхоо: Намаа хуваасан хүмүүст хатуу анхааруулах хэрэгтэй

 

-МАХН, МАН нэг л нам шүү дээ.  Үүн дээр хэн ч маргахгүй.  Гэтэл хэзээ, хаана, хэн салгасан билээ гэдгийг манай намын гишүүд бүгд мэдэж байгаа.  Тэр хүмүүст ахмад гишүүд маань хатуу анхааруулах хэрэгтэй. 2010 онд Тэрэлжийн тунхаг гаргаж, “Та нар яв бид барууны үзэл бодлыг хэрэгжүүлнэ.  Та нар социалист чиг баримжаатай юм байна” гээд л найр наадам хийгээд үлдсэн хүмүүс.  Түүнээс хойш нийлэх гэж байгаа ч юм шиг салах гэж байгаа ч юм шиг явж ирлээ.  МАХН-ынхан  МАН-ыг муу хэлж байсангүй. Өмнө нь нийлэх гэсэн яриа олон гарсан.  Гэвч МАН-ын удирдах зөвлөл нийлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байсан.  Тэгэхээр хачин ойворгон залуучууддаа та бүхэн минь анхаараарай.

 

Ч.Хурц: Би нэгдэх асуудлыг дэмжиж байна

 

-Одоо Монгол Улс хөгжье гэвэл хамгийн түрүүнд манлайлах үйлдвэрээ сонгох ёстой.  Манлайлагч  үйлдвэр  нь 100 жилийн нөөцтэй байж манлайлдаг. Бид уул уурхайн бүх нөөцөө тогтоочихлоо.  Гадны улс биднийг дээрэмдэхийн төлөө явж байна.  Харин одоо дотооддоо аж үйлдвэрийн дөрөв дэх давалгаагаа эхлэх хэрэгтэй. Манлайлагч үйлдвэрээ дагаж бусад аж үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан хөгжих ёстой юм.  Зөвхөн Эрдэнэтэд гэхэд таван мах боловсруулах үйлдвэртэй болчихоод байна.   Манлайлах үйлдвэрээ зөв зүйтэй тодорхойлсноор бусад нь өөрөө аяндаа босоод ирнэ.  Ийм том үйл хэргийг бүтээхийн тулд хоёр нам хүчээ нэгтгэх, ард түмний үзэл санааг нийлүүлэх энэ санаачилга, энэ том үйлсийг миний хувьд дэмжиж байна.  Гурван үеэрээ энэ намын гишүүний хувьд нэгдэх асуудлыг их хүлээлээ.  Монголын ард түмэн эвтэй, нэг үзэл баримтлалын дор гол ноён нуруугаа тулгуурлаж цаашаагаа хөгжинө. Зүүн ч бай, баруун нь бай хамгийн гол нь нэг нь зонхилж, нэг нь манлайлах учиртай юм.

 

МАХН-ын ахмад гишүүн С.Чимэдцэрэн: Ард түмэн зөвшөөрнө 

 

-Хоёр нам нэгдэнэ гэдгийг дэмжиж байна.  Гэхдээ үүний өмнө заавал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Энэ хуулийг өөрчлөхгүй бол Монгол Улс цаашдаа хөгжихгүй.  Үндсэн хууль дотор эдийн засаг гэсэн үг гуравхан бий. Зах зээл гэдэг үг огт байхгүй.  Сая орсон нэмэлт, өөрчлөлт ч хангалттай болж чадсангүй.  Тиймээс хоёр нам хамтарч байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал оруулж өгөх хэрэгтэй.  Нэгдэх асуудлыг ард түмнээс асууя гэсэн. Ард түмэн зөвшөөрнө гэдэгт би итгэж байна.  Харин МАН-ын зарим нөхөд ч  дургүй байгааг би мэдэж байна.

 

Б.Цэвээнжав: Нэг замаар замнах цаг нь ирсэн

 

-Бидний санал хүсэл­тийг хүлээн авч нээлттэй ярилцсан та бүхэнд баярлаж байна. Ер нь хоёр нам үзэл бодол үүсэл гарлаараа нэг байсны хувьд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хамтран зүтгэж байсан түүхээрээ ч нэг юм. Иймд ойлголцох хэрэгцээ хувь хүн талаас биш эх орон, ард иргэдийн үзэл баримтлалаар явах асуудал юу юунаас чухал байгаа учраас бид энэ асуудлыг хөндөж уриалга гаргалаа.   Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй улс төрийн хүчний хувьд нэг замаар замнах цаг нь ирсэн.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Намууд нэгдэх асуудал яригдаж байна

 

Мөн МАХН, МАН-ын ахмад гишүүд өчигдөр үдээс өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэхүү уриалгаа гардуулжээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас 10 гаруй жилийн өмнө өрх тусгаарласан  МАХН -тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн. Цаашдаа хоёр нам нэгдэж, улс төрийнхөө үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ч яригдаад явж байна. Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 оноос гаргаж, тухайн цаг үед намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавиад явж байсныг сайн санаж байна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.4 ПҮРЭВ № 43 (6520)