Ц.МЯГМАРБАЯР

Бодож байж хэрэглэх,  минималист худалдан авалт хийхийг  COVID-ийн дараах амьдралдаа хэвшил болгохыг бидэнд сануулсаар байна. 
Хатуу хөл хорионы үед дэлхийн улс орнуудад байгаль дэлхий хэрхэн цэвэршиж, ан амьтад эргэж ирж буй мэдээлэл түгсээр байна. Энэ нь бид эх дэлхийтэйгээ хэрхэн буруу харьцаж байсан жишээ байсныг өдөр бүр мэдрүүлсээр. Байгальд тарьж буй хог хаягдлыг хатуу, аюултай, шингэн, энгийн, хийн, ахуйн гэж шинж чанараар нь ангилдаг.  
Нэг хоногт нэг хүнд 2.67 кг хог ногдож байгааг Дэлхийн банк 2019 оны судалгаагаар танилцуулсан. Улаанбаатар хотын тухайд хог хаягдлын дөрвөн том цэг байна. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт 17 га газрыг хамарч байрлах  Морингийн давааны хогийн цэгийг 1970 оноос эхлэн ашиглаж эхэлсэн.  Одоо ч ашиглалт 90 хувьтай аж. 
Мөн 2009 онд Япон улсын буцалтгүй тусламжаар  байгуулсан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг 80 хувь ашиглаж байна. Энэ нь 30 га газрыг хамардаг.  Энд үй түмэн хог хаягдал овоолоостой. Энэ хог хаягдлын задрах, устах хугацааг танилцуулбал шил 4000 жил, хуванцар сав, пластик карт 1000 жил болдог бол шаазан таваг 500 жил, хөнгөн цагаан сав 100 жил, коко кологийн сав 10 жил, тамхины иш хоёр жил цаас гурван сар, асаагуур 100 жил болдог байна. 
Дэлхий дээр хогийг дахин боловсруулж ашиглах, багасгах тухай 5R хог хаягдлын менежментийн зарчмыг мөрддөг. Энэ нь Refuse  rethink буюу  татгалзах, Reduce-багасгах, Reuse-дахин ашиглах, Recycle-дахин  боловсруулах, Recovery rot-сэргээх гэсэн. Манайх хог хаягдлын менежментийн 3R зарчмаа ч мөрддөггүй  гэж “Монголын тандан судлаачдын холбоо”  ТББ-ын тэргүүн, судлаач Б.Эрдэнэ онцолж  байна.  Манай улсад 3R зарчмыг хэрэгжүүлэх саналыг Дэлхийн банкнаас тавьдаг ч хэрэгжүүлэх тухайд хүндрэлтэй олон шалтгаан байдаг аж. 
Цаашдаа дэлхий нийтээр 5R-7R түвшинд боловсруулах шат руу тэмүүлж байгааг судлаач хэлсэн. Тиймээс өндөр чанартай, байгалийн гаралтай орц найрлагатай, биологийн задралд ордог, арьсанд муу нөлөөгүй нь батлагдсан шошготой бүтээгдэхүүн хэрэглэхийг  зөвлөж байна. Худалдан авалт хийхдээ аль болох минималист буюу хаягдалгүй, хаягдал “О” байх худалдан авалт хийхийг эрмэлзэх нь чухал болоод байна. Ингэснээр дэлхий нийтээр мөрдөх 5R-7R руу дөхөх аж.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.29 БААСАН № 21 (6498)