Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, зурхайч,  хамба лам Ж.Гончигсүрэнтэй  ярилцлаа. 

-Сайн байна уу, та сайхан өвөлжиж байна уу. Өдийд зурхайчид айсуй жилийн өнгийг хэлэлцэж байдаг. Ургаж буй нохой жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бол? 
-Сайн, муу жил болох нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг. Бие, хэл, сэтгэлээрээ хийсэн бүхнээ хянаж, учир шалтгаан шүтэн барилдлагыг олбол сайхан үр дэлгэрнэ. Эсрэгээр нь муу юм ярих тусам буян барагдана. Өнөө цагт мууг их ярьж хэлээр үйлдэх гэм их болжээ. Нэг хүний ярьсныг нэг  хэсэг нь цааш  түгээн  дам нүгэл үйлдэх нь олширч байна. Нийтээрээ сайныг ярьж, сайхныг үлгэрлэж байвал нийгэм маань сайхан болно шүү дээ. Үүнийг хаа хаанаа анхаарууштай. Иймээс  би  26 дахь жилдээ гаргаж буй өөрийн бүтээл “Цөөвөр” хэмээгч цагаагчин үхэр жилийн цаг тооны бичиг”-т  зурхайн зурлага, жилийн ерөнхий байдал, мөр зүг гаргах болон заслын тухайд оруулснаас  гадна хүмүний бие, хэл, сэтгэлийн  гэмийг арилгах тухай, судар тарнийн далайгаас  нэлээд зүйлийг   нэмж баяжуулан хэвлүүллээ.  
Монголчууд тухайн  жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар шинждэг. XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин  үхэр  жилийн цагийн байдлыг илтгэсэн  үхрийг зураглавал  шар биетэй, цагаан толгойтой, ногоон омруутай, эвэр  чих сүүл нь  хөх, шар ходоодтой, улаан шийртэй, амаа хамхисан, сүүлээ баруун тийш шарвасан үхрийн урд улаан нүүртэй, хөх дээл өмсөж, шар бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ араар хийсгэсэн, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан идэр залуу яаравчлан гүйж яваа дүр зураг гарсан. Үүнээс үзвэл жилийн ерөнхий байдал нь жилийн эхэнд болон дөрвөн улирлын эхээр хур бороо цастай. Жилийн эхээр салхилна. Жилийн дундуур тариалан сайн байх боловч, сүүлээр гандах нигууртай. Мал сүрэгт дүн нуруундаа ээлтэй боловч алаг цоог хямрал их гарна. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд маш ширүүн жил болно гэж зурхайд буусан. 
 

-Ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ? 
-Хонь жилтнүүд их харш жил гарч байгаа.  1931, 1967, 2003 оны хонь жилтнүүд, 1940, 1976,  2012 оны  луу жилтэн, 1913, 1937, 1961, 1985, 2009 оны   үхэр жилтнүүд мэнгэ голлосон тул засал хийлгэх хэрэгтэй. 1913, 1937, 1961, 1985, 2009  оны  эрэгтэй, 1925, 1949, 1973, 1997, 2021 оны эмэгтэйчүүд  усан  суудлын засалтай. Үер уснаас болгоомжилж, ураг барилдахыг цээрлэвэл зохино. 
Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. Бич, тахиа жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай. 
 

-“Цөөвөр” гэдэг нэршил  ямар утгатай бол. Энэ амьтан манай оронд бараг л байхгүй болов уу. Араншинг нь шинжвэл сүрэглэж  гэнэт  дайрдаг, жаахан жихүүн амьтан санагддаг. Тэгэхээр гэнэтийн аюул, осол гэх мэт таагүй зүйлүүд учрах нигуртай юм биш биз? 
-Тэгж хүндээр тусгаж авч, ийм тийм гэж тааж  хэлэлцэх  нь өөрөө  утгагүй юм. Зурхайн тоолол жарнаар хэмжигддэг. Нэг жаранд 12 жил таван удаа давтагддаг. Харин жилийн өнгө болон онжид /ёгт/  нэр  60  байдаг  юм. Тэгэхээр “цөөвөр”  хэмээх цагаагчин үхэр жил 60 жилийн дараа дахин тохионо гэсэн үг. Энэ бол жилийн  ялгасан нэршил гэж ойлгоход болно. Өөр онцгой утга үгүй.
 

-Өнгөрч буй жилүүд дэлхий даяар цар тахал гарч хөл хорьсон болохоор    лам нар гэртээ ном уншлагаа хийж байгаа байх. Бурханы номд өвчин зовлонг түргэн илааршуулах тарни байдаг уу? 
-Аюулт өвчин дэгдэж  хөл хорьсон болохоор  сүм хийдүүд ажиллахгүй байгаа. Лам хуврагууд гэртээ голдуу ном уншлагаа хийж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө залбирч  байна. Аливаа юм сайн, муу талтай. Энэ цар тахал, хөл хорионы сайн тал нь гэвэл монголчууд гэр бүлийн үнэ цэн, халуун дулаан уур амьсгалыг илүүтэй мэдэрч байна уу гэж харж байна. Мөн бие биеэ хүндэлж, харилцан туслаж, хүндлэл үзүүлж,  хүнлэг бөгөөд  найрсаг байхын утга учрыг илүүтэй ойлгож, хэн хэнээ таньж авч  байна. Муу талыг нь та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Харин  нэг зүйлийг гайхаж байгаа минь оршуулгын зан үйл хийдэг газруудыг нээсэн атлаа  ном уншлага хийдэг сүм хийдүүдийг нь нээхгүй юм. Тиймээс лам нарын зарим  гэрээр явж ном уншлага хийж байх шиг байна даа. 
 

-Үхэр жилийн босгон дээр та  монголчууддаа хандаж юуг онцолж хэлэх бол? 
-Цагаагчин үхэр жил  монгол түмэнд маань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ өлзий дэмбэрэлтэй цаг мөчид Ялж төгс  нөгчсөн, түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхээр туулсан Бурхан багшийн  дараах сургаалийг амьдрал   ахуйдаа хэвшүүлж, өрөөлийг өршөөн хайрлаж, өөрөө жаргахыг сүсэгтэн олноосоо хичээнгүйлэн хүсч байна.

Бурхан багшийн айлдсан Дармападагаас
“...Сэтгэлийн гэмүүдээ шүүдэн хаяад 
Аюралт гэгээрлээр ариутган сүлэгч
Энэ насандаа гэгээрлээр замнана
Айлтгүй, ирэх төрөлдөө ч  ялагдашгүй дээшилнэ
Занах, уурлах чиний хилэн 
Замын дайсныг цогцлоож босгоно 
Заналгүй уучилж, өшилгүй мартвал 
Зам цэвэршиж, дайсан арилна
Хорслыг хорслоор ялдаггүй нь 
Хорвоо ертөнцийн үнэн 
Өшийг өршөөлөөр дардаг нь 
Өнө мөнхийн зам 
Элээх биеийг олж төрөгсөд 
Ээлжээ дуусгаад буцах гийчид 
Эргүүлж дуудах үхлээ санагч л 
Элдэв хэрүүлтэй хөөцөлдөж зовохгүй 
Амьдрах биеэ хэврэгийг санаж 
Ассан тачаалаа атган татаж 
Атгаг хүслээ хазаарлан чангааж
Авралд итгэж шамдвал 
Хар салхи аргадаад халирах
Хаадан уул шиг буян батжих 
Хатуу, гашуунаар хорлогч шулам 
Хаанаас ч элтэлж барахгүй болно” гэсэн мөрүүдийг хүн бүр уншиж,  санаж явбал өөртөө болоод  нийгэмдээ   тун тустай юм шүү. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.29 БААСАН № 21 (6498)