Б.ОД

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардаж,  энэ сарын 21-нээс Сүхбаатарын талбайд майхан барин хугацаагүй өлсгөлөн зарлаад байна. Тэгвэл Хүний эрхийн комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах”  хүсэлтийг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан энэ сарын 27-нд  түүний майханг цахилгаанд холбуулан гурван тенийг нэвтрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу “Жагсаал цуглааний үед хэв  журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.  Албан хаагчид дэлхий нийтийг хамраад байгаа COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Жагсаалын үеэр Сүхбаатарын талбай руу “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан иргэнийг буцаажээ.

Эх сурвалж:www.polit.mn