Б.ДОЛЖИНЖАВ

 Цоо шинэ зүйлийг хийж үзэх нь залуусыг хүсэл мөрөөдлөө олоход, цагийг зугаатай өнгөрүүлж, амьдралаа илүү адал явдалтай болгоход тусалдаг талаар бид өмнөх удаагийн нийтлэлээрээ хүргэсэн. Тиймээс таны амьдралыг илүү сонирхолтой болгох, туршиж үзэх зүйлсийн жагсаалтыг “Шинэ туршилт-2021” булангаараа цувралаар хүргэж байна.

1.Таван минут бясалгал хийх

Нам гүм чимээгүй орчинд хүний оюун санаа ч мөн тайвширч, үргэлж бидний толгойд эргэлдэж байдаг учрыг нь эс олох бодлууд алга болдог хэмээн олон эрдэмтэн нотлох болжээ. Урам хугарсан, ямар шийдвэр гаргахаа эс мэдэн гацсан, төлөвлөсөн бүхэн бүтэлгүйтсэн үед та анир чимээгүй орчинд бүх бодол санаагаа амьсгал дээрээ төвлөлүүрэн хэдхэн минутыг өнгөрүүлээрэй. Ингэхдээ  усны хоржигнох чимээ, шувууны жиргээ бүхий байгалийн сэтгэл татам аянаас эхлээд тайвшруулах хүссэн аяаа сонсож болно. Ердөө 5-10 минутыг ийн өнгөрүүлээд нүдээ нээгээд эргэн тойрноо нэг хараарай. Бодол санаа тань өөрчлөгдөж, та тайвширсан байх болно. Энэ бол бидний мэдэх бясалгалын үйл явц юм. Нуруугаа цэхлээд, завилж суугаад, нүдээ анина. Ингэхдээ хамраараа амьсгаа авч амаараа гаргаж, цээжээрээ бус гэдсээрээ амьсгал авах нь чухал. Амьсгалаа аваад гурван секунд түгжээд гурван секундын турш гаргана.  Нэг нэг мянга, хоёр хоёр мянга, гурав гурван мянга гэж тоолоход яг гурван минут болно. Энэ үедээ зөвхөн амьсгалдаа бүх анхаарлаа төвлөрүүлж, бусад бодлыг мартаарай, ердөө тавхан минут. Бясалгах ийм амархан. Туршиж үзээрэй.

2.Талархлаа илэрхийлсэн захидал илгээх

Цаг хугацаатай уралдах завгүй амьдралын хэв маяг, асар их мэдээллийн шуурга, цахим орчны хэт их хэрэглээнээс үүдэн бид хэн нэгэнд дотоод сэтгэлээ нээн ярилцах нь цөөрч байгааг та анзаарсан уу. Гэртээ ч, ажил дээрээ ч, сургууль дээрээ, гудамжаар алхахдаа хүртэл эргэн тойрноо ажиглахын оронд утсаа ширтэх болсон нийтлэг дүр төрх бий болжээ. Үүнээс болж бид байгаа зүйлдээ талархахаа больж, эргэн тойрондоо байгаа сайхан зүйлсийг анзаарахгүй өнгөрч байна. Тиймээс яг одоо ээж, аав, эгч, эмээ, өвөө, удаан харилцаагүй дотны найз, багш, ажлын хамтрагч, шүтэн биширдэг хэн нэгэнд талархлаа илгээсэн зурвас илгээгээрэй. Захидал харилцааны гол хэрэгсэл байхаа больсон үед сэтгэлээ шингээн чимэглэсэн дугтуйтай, гараар бичсэн өөрийг нь хэчнээн их хайрладаг болохоо илэрхийлсэн талархлын захиа хүлээн авна гэдэг давтагдашгүй, онцгой мэдрэмж биш гэж үү. Өөрийн тань сэтгэлийг татдаг хэн нэгэнд ч илгээж болох юм.

3.Дуртай дуу, киноны  жагсаалт гаргах

“Ингэхэд таны хамгийн дуртай, сэтгэлийг тань хөдөлгөдөг шилдэг таван дуу юу вэ. Өөрт тань хамгийн их таалагдсан  кино юу вэ” гэж хэн нэгэн таниас асуувал хариулахад бэлэн үү. Эсвэл та олон хүн сонссон, шинээр гарсан дуунуудыг сонсоод  л өнгөрдөг, киног үзчихээд үйл явдлыг нь мартчихдаг нэгэн үү. Тэгвэл ийм энгийн атлаа бодолд автуулсан асуултад төвөггүйхэн хариулдаг болохын сацуу ямар төрлийн ая сэтгэлийг тань хөглөж, юуны тухай кино өөрт тань гүн мэдрэмж төрүүлдэгийг мэдэхийн тулд жагсаалт гаргая. Ингэхдээ учир шалтгааныг нь заавал бодож үзээрэй. Эсвэл нэг дуучныг сонгон түүний бүх дууг сонсож, ярилцлагуудыг нь уншиж, нэвтрүүлгүүдийг нь үзэж шинэ шүтээнтэй болж яагаад болохгүй гэж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)