С.САРУУЛ

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар гишүүдийн 87.9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. Чуулганы хуралдааны үеэр шинэ Ерөнхий сайдад дайсан гишүүдийн захиасыг тоймлон хүргэе.

-УИХ-ын гишүүн Б.Бейсен:

- Орон нутагт халдварыг эмчлэх боломжгүй гэж байна. Жилийн хугацаанд бэлдлээ. Юу бэлдэв. Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү. Багш, эмч нарын цалинг нэмэх үү.Хос хэлтэй сургуулиудын асуудалд хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Залуу хүний аагаар төрийг удирддаггүй. Сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийг чинь магтдаг хүнээр хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хууль засагладаг төртэй байхыг хүсч байна гэдэг үгэнд баяртай байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад, гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

- Өмнөх Ерөнхий сайд маш том сургамж үлдээсэн. Доод, дунд шатны төрийн алба хаагчид бүгд муу биш. Гэхдээ дийлэнх нь хариуцлага алддагаас нийгэмд өнөөдрийн ойлголт бий болсон. Шинэ Засгийн газраас их зүйл шалтгаална. Бүх алба хаагчийг чадавхжуулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.АдЪшаа:

-Төмөр замын хөтөлбөр, Газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюутолгой, Дубайн гэрээг зөв гольдрилд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ.

 УИХ-ын гишүүн Н.Ганибал:

- Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай эмзэг бүтэцтэй. Танай Засгийн газар эдийн засгийг солонгоруулах талаар ямар арга хэмжээ авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хэрэггүй зүйлд цагаа зарцуулчих вий, харлуулчих вий гэж болгоомжилж байна. Энэ үед эдийн засагт цаг гаргаарай гэж хүсч байна. Хүний хөдөлмөр эрхлэх хүслийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт бодлого гаргаж ажиллаасай, халамжаас бүтээмж рүү шилжүүлээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Шинэ сайдаас маш их зүйл хүсч байгаа. Энэ нь таны санаачилсан "Алсын хараа 2050" бичиг баримт юм. Эдийн засаг нь хүн рүү чиглэсэн байх ёстой. Ажлын байрны цаана үйлдвэрлэл гэсэн маш чухал зүйл бий.

Эх сурвалж: www.polit.mn