С.УЯНГА

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнийг урьж ярилцлаа.

 

-Таны хувьд өмнө нь байгууллагынхаа дэд даргын албыг хашиж байсан учраас салбартаа шинэ хүн биш. Харин даргаар томилогдоод эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, засч залруулах зүйл юу байв?

-Ажлын түүхээ харвал 2003 оноос хойш төрийн албанд тасралтгүй ажиллаж байна. Өмнө нь Газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газар, Үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байлаа. Мэргэжлийн хувьд илүү худалдааны чиглэлээр мэргэшсэн. АНУ-д магистраа Бизнесийн удирдлагаар хамгаалсан. Тэр дундаа олон улсын санхүүгээр мэргэшсэн гэж хэлж болно.

Стандарт, хэмжил зүйн газар нь Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг төрийн захиргааны байгууллага. Залуу хүний хувьд олон улсын байгууллагуудын арга туршлага, технологийн дэвшлийг судалж боломжтойг нь нэвтрүүлж, түүчээлж ажиллах зорилго байна.

Аливаа улс орны шинжлэх ухаан, нийгэм хөгжих суурь нь хэмжил зүй байдаг. Хэмжил зүйг дагаж салбарууд нь хөгждөг гэсэн үг. 2020 онд Монгол Улс олон улсын хэмжил зүйн байгууллагад анх удаа чадавхиа үнэлүүлсэн. Стандарт, хэмжил зүйн газрын массын лаборатори дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадавхиа анх удаа баталгаажууллаа. Энэ мэтээр бусад хэмжлийн төрлөөр чадавхаа олон улсад үнэлүүлэх том зорилт тавин ажиллаж байна. Цаашид хэмжил зүйн чиглэлийн лабораториудаа шинэчлэх, шинээр бий болгох, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Ажлаа аваад хамгийн түрүүнд байгууллага дээрээ дотоод мэдээллээ шилэн болгосон. Ер нь байгууллагын соёл, хамтын шийдвэр гэж байх ёстой. Мөн стандарт, хэмжил зүйн газрын хэрэглэгчдэд үйлчлэх мэдээллийн 1800-2525 тусгай дугаарыг ажиллуулж байна. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Монгол Улсын хаанаас ч холбогдож иргэд, байгууллагууд санал, гомдлоо хэлж болно. Төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Стандарт, хэмжил зүйн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх цахим шилжилтийн арга хэмжээг хэрэгжүүлж дуусч байна.

-Аливаа улс орны шинжлэх ухаан, нийгэм хөгжих суурь нь хэмжил зүй байдаг. Хэмжил зүйг дагаж салбарууд нь хөгждөг гэсэн үг. 
 

-Аливаа шинэчлэлт, өөрчлөлтийг хийхэд тодорхой хэмжээний төсөв, санхүү шаардагдана. Энэ асуудлаа яаж шийдвэрлэв? 

-Байгууллагын төсвийн хувьд нэлээдгүй шинэчлэлт хийсэн. Бүрэн төсвөөс хамааралтай байсан бол өөрийн орлогоор салбартаа хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон. Цаашид энэ боломжийг ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, цахим шилжилтийн ажлыг хийж гүйцэтгэх, салбарын хэмжээнд тээврийн хэрэгсэл болон эталон тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шийдвэрлэх зайлшгүй шаардлага байсан. Үүнийгээ ч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төв, орон нутгийн хэмжээнд дотоод нөөц бололцоогоо  нэлээдгүй дайчилж ажилллалаа. Салбарын шинэчлэлт өөрчлөлтийг далайцтай, үр дүнтэй хийхийн тулд сайн баг хамт олонтой байх ёстой. Хамт олон маань энэ өөрчлөлтийг дэмжин бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаад баяртай байна. Стандарт, хэмжил зүйн газар нь олон улсын цөөнгүй байгууллагад гишүүнчлэлтэй, нягт уялдаатай ажиллаж байна. Тэр дундаа олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын хэмжил зүйн байгууллагуудтай хамтын ажиллагаатай.

-Ний нуугүй хэлэхэд иргэдэд стандартын байгууллагын талаарх мэдээлэл дутмаг. Үйл ажиллагаа ч хумигдмал мэт харагддаг. Энэ юутай холбоотой вэ?

-Стандартын байгууллагыг жин хэмжүүр тоолуур баталгаажуулалттай холбоотой мэтээр л ойлгодог хүмүүс байдаг. Гэвч манай байгууллага нь Монгол Улсын дотоод, гадаад худалдааны бодлогод маш том үүрэг оролцоо гүйцэтгэдэг. Эдгээрт юуны түрүүнд чанарын асуудал ярих ёстой. Экспортод гарч байгаа Монгол Улсын бүтээгдэхүүн дэлхийн бусад улс орны ижил төрлийн бүтээгдэхүүнтэй чанараараа өрсөлдөхийн тулд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэх ёстой.

Манайд өнөөдрийн байдлаар 6500 гаруй стандарт байгаагийн 40 орчим хувь нь олон улс болон бүс нутгийн стандарт байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хийсэн ажил нь чамлалттай байдаг. Өнөөгийн түвшнийг авч үзвэл стандарт, хэмжил зүйн салбарт сүүлийн 10 гаруй жил хөрөнгө оруулалт хийсэнгүй. Хэмжил зүйн тоног төхөөрөмж хуучирч муудсан. Лабораториуд үйл ажиллагаагаа явуулахад холбогдох стандартад заасан шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын асуудлыг тоймтой шийдээгүйг харуулж байна. Хоёрдугаарт, стандартын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулж чадаагүйтэй холбоотой гэж харж алдаагаа засч сайжруулж, ажлаа улам чамбайруулахын төлөө хичээн ажиллаж байна.

-Аль улсын ямар стандарт хэрэглэх вэ гэдгээ аж ахуйн нэгж, байгууллага сонгож болно.
 

-Төрийн бүх үйлчилгээ хялбар болж байна. Стандартын салбар цахим шилжилтэд хэрхэн нэгдэж байна вэ?

-Олон улсын болон дотоодын стандартуудыг сурталчлан таниулах үүргийг манай байгууллага хүлээдэг. Иргэн нэг стандарт авахын тулд стандартаа шүүлгэх, банкин дээр очиж гүйлгээ хийхэд 1-2 цагийг зарцуулдаг байсан. 2019 он хүртэл ийм л байсан. Бид 2020 оныг “Өөрчлөлт шинэчлэлтийн жил” болгон зарлаж иргэдэд түргэн шуурхай, чанартай үйлчлэх зорилт тавин ажилласан. Энэ зорилтын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан цахим шилжилтийг нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. 6500 гаруй стандартыг цахим хэлбэрт шилжүүлж, стандартын цахим санг бий болголоо.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж иргэдэд үйлчлэх estandard.gov.mn, e-metrology, e-certification болон байгууллагын masm.gov.mn цахим хуудсыг иж бүрэн шинэчилж иргэд, байгууллагуудаас цахимаар өргөдөл, хүсэлтийг хүлээн авч байна. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн хаанаас ч цахимаар үндэсний стандартаа үзэж, худалдан авах боломжтой болсон. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэртэй уялдуулан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан, стандартын хэрэглээг нэмэгдүүлсэн ажил байлаа.

Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг шинэчилнэ. Тус нэгдсэн санд Шалгалт баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийн мэдээлэл, Загварын туршилтад орж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалт, Хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэх мэргэшсэн байгууллагын бүртгэл гэсэн мэдээллүүд байрших бол ”е-Mongolia” цахим платформоос хэмжих хэрэгслийн үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах ААНБ-ын бүртгэлийн болон тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний лавлагааг авах боломжтой болно. Мөн тохирлын гэрчилгээ олгох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлсэн e-certification программыг ашиглаж эхэллээ.

-Стандарт хэмжил зүйн газар Монгол Улсын дотоод, гадаад худалдааны бодлогод маш том үүрэг оролцоотой.

-Чанарыг илтгэх гол үзүүлэлт нь стандартын баримт бичиг байдаг. Цаасан дээрх стандарт амьдрал дээр бууж байна уу. Тэр дундаа хяналт бүрэн дүүрэн тавьж чаддаг уу?

-Стандарт боловсруулах хэн бүхэнд нээлттэй. Манай улсад байгаа 6500 стандартыг бүлэглэвэл барилга, зам, хүнс гээд гурван том салбарт дийлэнх нь байна.  Стандартыг стандартчиллын холбогдох техникийн хороогоор хэлэлцүүлж, хамтын шийдвэрээр баталдаг. Олон улсын зарчим ч ийм.

Бид эрх зүйн орчноо сайжруулж Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг 2017 онд, Хэмжил зүйн тухай хуулийг 2019 онд тус тус шинэчлэн боловсруулж, батлуулсан. Хуулийн гол өөрчлөлт бол стандартыг сонгон хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл, аль улсын ямар стандарт хэрэглэх вэ гэдгээ аж ахуйн нэгж, байгууллага сонгож болно. Түүнээс талх үйлдвэрлэх нэг л стандарт бий гэж тулгах нь зохимжгүй шүү дээ. Харин аж ахуйн нэгжүүд стандартаараа өрсөлдөх боломжийг бий болгож байна.

Манай байгууллага Үндэсний стандартыг батлах, бүртгэх, түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин батлагдсан үндэсний стандартыг улсын хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг нь тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага болон хууль тогтоомжоор эрх олгогдсон мэргэжлийн байгууллагад байдаг.

-Монгол Улсын баталгаажуулсан үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрч итгэдэг болно.
 

-Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хэрхэн баталгаажуулдаг вэ?

-Монгол Улсын баталгаажуулсан үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрч итгэдэг болно. Энэ тогтолцоо зөв хөгжиж байж гадаад худалдааны тарифын бус саад тотгор арилна. Үүнийг засч залруулахад төр, хувийн хэвшлээс эхлээд олон талын оролцоо хандлага чухал. Төрийн байгууллага, Засгийн газар, төрийн бус байгууллага хамтарч цогцоороо энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Мэдээллийн хоосон орон зай дээр янз бүрийн хууль зөрчих, бултах бололцоо үүсдэг. Тиймээс төрийн байгууллагуудын мэдээллийн хурд, ил тод байдлыг сайжруулж нэгдсэн порталтай болох шаардлагатай.

-Цар тахлын үеэр стандартын байгууллага хэрхэн ажиллав. COVID-19 халдвартай холбоотой хэд хэдэн стандарт батлуулсан байсан. Хэрэгжилт хэр байна вэ?

-Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед манай байгууллага хязгаарлалт тогтоохгүй тусгай чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн жагсаалтад хамаарч тасралтгүй ажиллалаа. Цар тахалтай холбоотойгоор 10 гаруй стандарт шинээр батлуулсан. Тухайлбал, цар тахлын үед бизнесийн байгууллагуудын менежментийн тогтолцоо буюу удирдлагаар хэрхэн хангаж, зохион байгуулах талаарх олон улсын стандартыг үндэснийх болгосон. Мөн цар тахлын үед осол, байгалийн гамшиг болох юм бол яаж ажиллах, эрсдэлийн менежмент, хоол хүргэлтийн үйлчилгээ, онцгой байдлын үед эмзэг хүмүүсийг дэмжих, экспортын бараа бүтээгдэхүүний талаарх стандартыг батлуулж нээлттэй байршуулж, УОК, бүх байгууллагад хүргүүлсэн байгаа. Мөн ойрын үед батлах 7-8 стандарт байна. Энэ дунд олон улсын хэд хэдэн стандартыг үндэснийх болгохоор бэлтгэж байна. Тухайлбал, эмнэлэгт халдварын нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хамгаалах хувцас ямар байх зэргээр бүрэн хэмжээнд хүчин чадлаа дайчилж байна.

Мөн манай байгууллага нь УОК-ын гишүүн байгууллагын хувьд дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах зорилгын хүрээнд шуурхай ажиллаж Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хэвлэгдсэн “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент. Covid-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа MNS ISO/PAS 45005:2021” стандартыг холбогдох стандартчиллын техникийн хороодын дүгнэлтийн дагуу үндэсний стандартаар баталж, нийтэд мэдээлсэн.

-6500 гаруй стандартыг цахим хэлбэрт шилжүүлж, стандартын цахим санг бий болголоо.
 

-Стандартын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтолцоог нь засч сайжруулах ямар гарц гаргалгаа байна вэ?

- Хоёр арга зам бий. Нэг бол бизнесийн зарчмаа хүлээнэ. Нөгөө бол төрөөс анхаарал хандуулж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Стандарт, хэмжил зүйн газар сүүлийн 10 гаруй жил санхүүгийн хувьд хүнд байдалтай ажиллаж ирснийг үе үеийн Шадар сайд нар анхаарч өөрчилсөн. Цухас дурдвал, 2020 онд бид ажилтнуудаа сургаж бэлтгэж, тоног төхөөрөмжөө багагүй шинэчиллээ. Энэ онд хэмжил зүйн төхөөрөмжүүдээ шинэчилнэ. Яг одоогийн байдлаар Германы төсөлтэй хамтран хүний биеийн халууныг зайнаас хэмжигчийг баталгаажуулдаг лабораторийг энэ сардаа багтааж нээхээр ажиллаж байна. Ингэснээр Монголд эрүүл мэндийн чиглэлээр ашиглаж байгаа бүх халуун хэмжигчийг үнэн зөв зааж байгааг нягтлах юм. 

Стандарт нийгмийн хөгжлөө дагаад тогтмол шинэчлэгдэж байдаг. Тиймээс дэлхийн хөгжлөөс хол хоцрохгүй байя гэвэл стандартуудыг цаг алдалгүй үндэсний болгож чадвал шинэ ноу хауг Монголд нутагшуулах боломж нээгдэнэ.

-Дотоодод болон гаднаас орж ирж байгаа үнэт эдлэлийг Сорьцын хяналтын газар баталгаажуулдаг. Сорьцгүй бараа бүтээгдэхүүнээс хэрэглэгчид хохирох эрсдэлтэй. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Тус байгууллагын үндсэн нэгж болох Үнэт металлын сорьцын хяналтын газраас 2020 онд Сорьцын улсын үзлэгийг анх удаа зохион байгуулсан. Явцын хяналтыг манай улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтаар зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгж иргэдэд хууль тогтоомжид заасан албан шаардлагыг тавьж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2019 онд улсын хэмжээнд гадуур худалдаалагдаж буй мөнгөн аяганы стандартын хэрэгжилтэд шалгалт хийхэд зөрчил их илэрсэн. Тухайлбал, сорьцын тэмдэг дарагдаагүй,  мөнгөний орц нь шошгон дээр байгаагаас бага хэмжээтэй,  аяганы ёроолыг селикон цавуу, хар тугалгаар дүүргэж жинг нь нэмэгдүүлэн худалдаалж байх жишээтэй. Энэ чиглэлээр ШӨХТГ, цагдаагийн байгууллагатай хамтран жил бүр шалгалт хийхээр ярилцаж байна. Бид Сорьцын хяналтын чадавхиа бэхжүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилт тусгуулсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн онд Итали улсын олон улсын жишигт нийцсэн алт хайлах зуухыг тоног төхөөрөмжийн хамт авч чадавхиа бэхжүүлэн ажилласан.

-Таныг төсвийн мөнгийг үргүй зарцуулсан гэх мэдээлэл сүүлийн үед хэд хэдэн удаа гарлаа. Тантай ярилцаж байгаагийнх асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Тийм ээ, сайн муу мэдээлэл нэлээдгүй гарсан. Өөрчлөлт, шинэчлэлтийг үгүйсгэдэг, салбарын хөгжлийг царцанги байлгах сонирхолтой цөөн тооны хүмүүс байх шиг байна. Энэ хүмүүс хяналт шалгалт хийх эрх бүхий бүх байгууллагад худал мэдээлэл бүхий гомдол гаргасан.Холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих тайлбар, мэдээлэл, баримтыг өгсөн. Эхнээсээ шалгалтын дүн гарч эхэлж байна. Стандарт, хэмжил зүйн газрын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газар хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дүнг бусад хяналт шалгалт хийж буй байгууллагад бид хүргүүлсэн. Манай байгууллага төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хууль тогтоомж зөрчөөгүй, төсөв хэтрүүлээгүй, зориулалтын бусаар зарцуулаагүй. Удахгүй энэ бүх худал гүтгэлэг мэдээлэл тодорхой болж үнэн зөв нь тогтоогдоно. Тиймээс асуудалд эмзэглэж, хэвлэл мэдээллээр тайлбар няцаалт өгье гэж гүйсэнгүй.  Харин ч эсрэгээрээ Стандарт, хэмжил зүйн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)