-Суултыг дэмжиж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гарын үсэг зурав-

С.УЯНГА

“МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт, өлсгөлөнг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхлүүлэв. Тэрээр өчигдөр өглөөнөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюутолгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа юм. С.Ганбаатар гишүүн 32 дахь Ерөнхий сайдад нэр тодроод буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэх талаараа “Өнөөдөр Монголын ард түмэн Оюутолгойгоо буцаагаад авах алтан боломж ирлээ. МАН Монголын РиоТинто нам болсон гэдгээ илчиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто тавьдаг, халдаг, шахдаг болсон. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа Олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Засгийн газраас 2019 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ хийх үндсэн зорилготой. Гэтэл ажлын хэсэг ч мөн адил ажлаа хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс өлсгөлөнгөө сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлнэ” гэлээ. Энэ үеэр тэрээр иргэдийг надтай нэгдэхийг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэсэн юм.

 

Н.Энхбаяр: Оюутолгойн луйврын гэрээг эсэргүүцсэн эх орончид хохирч байна

Суултыг дэмжсэн иргэд төв талбай дээр гарын үсэг зурж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт дулаан дэгтий авчирч өгч байсан юм. Мөн энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатарын талбайд очиж С.Ганбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурлаа. Тэрээр энэ үеэр “С.Ганбаатар даргын өлсгөлөнг дэмжих гэсэн боловч шүүх хуралтай байлаа. Луйварчдын гар хөл болсон шүүх дахиад л сонгох, сонгогдох эрхэнд халдсан шийдвэр гаргалаа. Зөвхөн МАН, АН-ын эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс нэр дэвшиж болно гэсэн шийдвэрийг эрх баригчдын гар хөл болсон хонгилын шүүгч нар гаргалаа. Хууль бус шүүхээс юу ч горьдож, хүлээгээд нэмэргүй болжээ.

Оюутолгойн асуудалд С.Ганбаатар гишүүнийг дэмжиж, өнөөдрийн төр засгийн эрх баригчид Арбитрын шүүхэд нэхэмжлэлээ гаргаач гэсэн шаардлагыг дэмжиж байна. Өвлийн хүйтэнд даарч байгаа гээд дулаан гутал авчирсан боловч цагдаа нар өгүүлсэнгүй. Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга. Оюутолгойн гэрээ бол үнэхээр луйвар булхайн гэрээ болсныг Монголын ард түмэн мэднэ. Рио Тинто төр засгийг удирдаж байгаа болохоор луйврын гэрээг эсэргүүцсэн эх орончид хохирч яваа. Монголын төр засгийг Монгол хүн удирддаг болгохын төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байгааг Монголчууд бид дэмжиж төр засгийг шахах учиртай. Монголын ард түмэн тэмцэхээс өөр аргагүйд хүрлээ” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)