Т.САЙХАН

УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж Төв талбайд жагсаж байна.   Мөн Засгийн газар хуралдаж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдаж байна.  Мөн дөнгөж сая Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. 

Шадар сайд Я.Содбаатар: -Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэлээ. COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа. Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна" гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн сайдын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” хэмээн мэдэгдээд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хариуцлагагүй хэдхэн хүний алдаанаас болж, эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд унах ёсгүй хэмээн онцлов. 

 

Эх сурвалж:www.polit.mn