Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа  хүргэдэг билээ. Энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас эшлэлүүдийг хүргэж байна.

-Миний үндсэн мэргэжил авто ашиглалтын инженер.  Би мэргэжлээрээ 1992 оноос хойш цэргийн болон нийгмийн байгууллага, төрийн болон хувийн хэвшилд, 2012 оноос  салбарын хөгжил, бодлого боловсруулах түвшинд ажиллаж байна. 

- Монголын тээврийн салбарт авто тээвэр, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, далай ашиглалт, дотоодын усан замын тээвэр гэсэн дэд салбар тус тусын хууль, бодлогын хүрээнд явж ирлээ.  Цаашид хөгжлийн болон эрх зүй, эдийн засгийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болохгүй бол Монголын тээврийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэхгүй нь олон зүйлээс харагдаж байна. 

-1990 оноос хойш  зах зээлийн нийгэмд шилжихэд тээврийн салбарын нэгдсэн бодлого гаргах гэсэн оролдлогууд  ч хийж байв. Жишээ нь, транзит монгол  гэх мэт дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч эдгээр нь цаасан дээр хэрэгжсэнээс амьдрал дээр хангалттай хэрэгжиж чадаагүй. 

-Тэгэхээр  нэгдсэн бодлогоо л гаргаж баталж, хэрэгжүүлэхгүй бол манай салбарт  нэг тээврийн төрөл  нь нөгөөгөө татаж унагадаг  ийм байдал улам бүр нэмэгдэнэ. Цаашид бид тээврийн салбарын хөгжлийг нэгдсэн бодлогоор зангидан, хэрэгжүүлж, хөгжлийг томоор харж байна.

-Хүн төрөлхтөн байгаа цагт тээврийн үйлчилгээ зогсохгүй.  Ер нь хүний хөгжил дэвшилтэй шууд хамааралтай салбар юм.  Одоо хэрэглэгчид тээврийн салбараас хурд, хүч, даац шаардаж байна.

-Бизнес эрхлэгчид маань таван тивийн түншүүдтэй харьцаж байна. Энэ нь манай тээврийн салбараас хил хязгааргүй, саадгүй тогтвортой хөгжлийг шаардаж байгаа хэрэг юм.

-Манай улс далайд гарцгүй. Тиймээс хөгжих боломж хязгаарлагдмал гэсэн ойлголт нийгэмд их явдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Далайд гарцгүй гэдэг нь ямар нэгэн шалтаг болохоос хөгжлийн чөдөр, тушаа биш юм.  

-Далайд гарцгүй орнуудын логистикийн чадвар нь өөрийн орны болоод дамжин өнгөрч буй далайд гарцтай, хөрш буюу транзит орны логистикийн системээс хамаарч байдаг. Манай орны хувьд хэдийгээр логистикийн салбарын үзүүлэлтээр доогуур байгаа хэдий ч гадаад худалдааны голлох түнш, хөрш орон БНХАУ нь логистикийн үзүүлэлтээр дээгүүр эрэмбэлэгдэж байгаа нөлөөллийг ашиглан хөгжүүлэх боломжтой.

-Одоогоор логис­тикийн чиглэлд учир дутагдалтай, хөгжил жаахан хоцрогдмол байгаа нь үнэн. Тухайлбал, манай нүүрс тээвэр байна.  Нүүрс тээврээс гаднын хөрөнгө оруулалттай хэдэн компани л ихэнх ашгийг хүртэж байна.

-Бид хөгжихийн тулд одоо дэлхийн улс орнуудын чухам хаана нь явна вэ гэдгээ тодорхойлж харах хэрэгтэй.  Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банкнаас гаргаж байгаа өрсөлдөх чадварын судалгааг 10 жилээр авч үзье л дээ. Манай улс 2008 онд  замын чанараараа 140 оноос 134, 2009 онд 133-т жагсаж байсан. Улмаар  2010 онд 138, 2012, 2013 онд бүр 141 рүү оржээ. Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улс замын чанараараа 112 орчимд жагссан байна.  Урагшаа нэг, хойшоо хоёр гэдэг шиг л явж иржээ.

-Манай яамнаас болов­сон хүчний бодлогод нэлээд анхаарч байна. Тухайлбал, Бээжингийн Зам харилцааны сургууль, ОХУ-ын Москва хотын Зам, тээврийн сургуультай хамтран цахим, тээвэр логистикийн сургууль байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зам тээврийн салбарт эрхзүйч, эдийн засагч гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладаг.  Тэр хүмүүс эрх зүй, эдийн засгаа сайн мэдэхийн зэрэгцээ зам тээврийн салбараа ч  сайн мэддэг байх нь чухал.  Тэгэхээр цахим сургууль төсөл хэрэгжсэнээр мэргэжилтнүүд маань ажиллаж байх хугацаандаа цахимаар мэргэших боломжтой болно. Мөн Цахим зөгийн үүр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. 

-Дэлхийн улс орнуудад манай олон чадвартай мэргэжилтнүүд ажиллаж байна.  Тэднийгээ заавал эх оронд нь авчрахгүйгээр тэндээс нь туршлага судлах ажлыг хэрэгжүүлж байна.  Яамны бүтцээ “лего” гэсэн бүтцээр боловсруулсан. Мэргэжилтнүүд маань ганц ганцаараа биш багаараа ажиллана. Энэ маш чухал гэдгийг хүмүүс ойлгож байна.

-Мөн 2021 оныг “Шинэ техник технологи, цахим шилжилтийн жил” болгон зарласан. Өнгөрсөн жилээс яамандаа тоон гарын үсэг нэвтрүүлээд сая нэгдүгээр сарын 1-нээс харьяа байгууллагууддаа хоорондоо цаас шиддэггүй болж байна.  Цаашид манай яам цахим яам болох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn