Б.ТУУЛ

 

“Зууны мэдээ” сонины 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн №55(6280) дугаарт бид ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал доктор, профессор Д.Ганбаттай Монголд анх удаа цахим болон зайн сургалтуудыг хөгжүүлэх, нэвтрүүлэх талаар ярилцаж байсан билээ. Энэ ярилцлагад ШУТИС нь цахим болон зайны сургалтыг хөгжүүлэхэд олон ажлыг санаачлан хийж, 2007 оноос E-сургалтын хөтөлбөрүүдийг батлуулан тус хөтөлбөрийн хүрээнд 400 гаруй Е-материалыг танхимын сургалттай хослуулж,  2015 оноос “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд боловсролын хөтөлбөрийг сайжруулах, багшийг чадавхижуулах, цахим сургалтын орчныг шинэ арга зүйд нийцүүлэн бүрдүүлэх, цахим сургалтын хөгжил, цахим сургалтыг илүү боловсронгуй болгох боломжуудын талаар судалж, ололттой амжилттай олон зүйлийг нь нэвтрүүлж байгаа талаар  дурдаж байсан. Тэгвэл энэ удаа бид дээрх ярилцлагын үргэлжлэл болгон COVID-19  халдварын тархалттай холбогдуулан улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед  цахим сургалтын явц, бодит үр дүнгийн талаар ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Б.Очирбаттай ярилцлаа.

-ШУТИС-ийн хувьд өмнө нь цахим сургалт явуулж  байсан туршлагатай ч энэ удаагийнх шиг цахим сургалт нийтийг хамрах хүртлээ өргөн хүрээнд хэрэглэгдэж байсангүй. Тэр утгаараа цахим сургалт аль ч их, дээд сургуульд сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлсээр байна. COVID-19 халдварын тархалт одоо ч буурахгүй байна. Энэ үед ШУТИС ямар зохион байгуулалттай, яаж ажиллаж байна вэ?

-Манай сургуулийн хамт олон магистрын түвшинд цахим болон холимог цахим сургалт (blended learning) явуулж ирсэн олон жилийн  туршлагатай байсан учраас  COVID-19 цар тахлаас үүдэн  хорио цээрийн дэглэм тогтоосон хүнд үед бүх түвшний сургалтаа цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай шийдвэрлэсэн. Тухайлбал, цахим сургалтыг тасралтгүй явуулах дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, интернэт сүлжээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлж, программ хангамж, платформ, серверийн хүчин чадлыг сайжруулсан гэсэн үг. Үүнээс гадна “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр  журам”-ын хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Ер нь цаашид дэлхий нийтээр нээлттэй цахим сургалт боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлага болж байгааг харгалзан бид цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөж байна. Манай багш, оюутнууд цахим сургалтын шинэ арга технологи, соёлд суралцсаар л байна. 

-Өнгөрсөн жилийн энэ цаг үетэй харьцуулахад их, дээд сургуулийн багш, оюутнууд цахим хичээл, зайны сургалтын талаар багагүй туршлага хуримтлуулсан байна. Үр дүнгийн хувьд ч өндөр хувьтай үнэлэгдэж байна. ШУТИС-ийн  багш, оюутнуудын цахим сургалтын идэвх, оролцоо одоо хэр байна?

-Манай сургуулийн цахим сургалт явуулж байгаа систем дээр профессор багш нар болон оюутан суралцагчдын хандалт, хугацаа нь шууд харагддаг давуу талтай. Жишээ нь, нэг профессор багш цахим хичээлд хандалтын дундаж  хугацаа долоо хоногт 1.20-5 цаг, нэг оюутны хувьд  цахим хичээлд хандалтын дундаж хугацаа долоо хоногт 1.12-4.53 цаг байна.

-Цар тахал гарсан нь аль ч салбарт  гэнэтийн зүйл байлаа. Цахимаар хичээллэхэд хүндрэлтэй зүйл гарч байна уу?

-Өнгөрсөн хаврын хувьд сургалт мөн цахимаар явагдсан. Энэ үед профессор багш нар танхимын хичээлийн материалыг цахим хэлбэрт хөрвүүлэх, цахим арга барилаар ажиллахад зарим хүндрэл гарч байсан. Оюутан суралцагчдад нэг талаас  интернэт, компьютер, техник хэрэгсэл болон  нэгж, data  хүрэлцэхгүй нөгөө талаас хичээлийн материалын хэмжээ болон даалгавар   харьцангүй их  гэх мэт бэрхшээлтэй зүйл байсан. Харин  намар цахим-танхим-цахим гэсэн холимог хэлбэрээр явагдлаа. 2020 оны есдүгээр сарын 21-нээс цахим сургалтыг танхимаар орж эхлэхтэй зэрэгцүүлэн цахим сургалтын нэгдсэн платформ дээр хичээлийн бүх төрлийн материалуудыг давхар байршуулж байсан нь оюутан тухайн хичээлийг олон удаа давтах, унших, судлахад давуу тал болж өгсөн. Ингээд  2020 оны арванэгдүгээр сарын 11-ний өдрөөс танхимын сургалтыг цахимд шилжүүлэхэд систем талаасаа хүндрэл гараагүй. Харин ч багш, суралцагчийн цахим ур чадварт ахиц дэвшил гарсан.

-Мэдээж, цахим сургалтыг чанартай явуулахад интернэт технологийн үзүүлэлт, багш нарын компьютер техникийн мэдлэг гээд олон хүчин зүйл чухал нөлөөтэй. Цахим сургалтын материаллаг орчин төдийгүй виртуал орчны хөгжүүлэлтийн талаар танай сургууль ямар ажлууд хийж байна вэ?

-Дэлхий нийтэд цахим боловсролыг дээд боловсролын системд нэвтрүүлсэн туршлага нэлээд байна. Цахим боловсролыг хөгжүүлэхэд дэд бүтэц бүрдүүлэх улмаар цогцоор нь байгуулах шаардлага урган гардаг. Бид 2018 онд “Цахим сургалтын концепц боловсруулах, хөгжүүлэх, нээлттэй болгох, сургалтын материал, контентийг боловсруулж, цахим орчныг бүрдүүлэх, CDIO, үр дүнд суурилсан цахим хичээлийн төсөл боловсруулан турших” төслийн хүрээнд “Lightboard” студи байгуулан ШУТИС-ийн хэмжээнд олон оюутан судалдаг мэргэжлийн суурь ухааны 15 төрлийн хичээлийн лекц, семинарын видео бичлэгүүдийг “Lightboard” технологи ашиглан бэлтгэж сургалтад ашиглаж эхэлсэн. Мөн МООС студи шинээр байгуулан  Нээлттэй боловсрол, Дээд боловсролын удирдлага зэрэг нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бэлтгэж “Open eDX” платформд байршуулан цуврал онлайн сургалт, вебинарыг зохион байгуулсан. Энэ манай туршлагын нэгээхэн хэсэг юм.

ШУТИС-ийн хувьд цахим хичээлийг бэлтгэх, хөгжүүлэх, нээлттэй болгохоор дижитал сургалтын орчин бий болгох ажлыг шат дараатай хийж байна. Энэ хичээлийн жилд бид ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төв, бүрэлдэхүүн сургуулиудад “Ухаалаг танхим байгуулах”, зайн сургалттай холбоотой техник хэрэгсэл худалдан авахад зориулан 240 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ ажлын хүрээнд ШУТИС-ийн серверийн хүчин чадал 50 хувиар нэмэгдэж аудио, видео бүх хичээлүүдээ байрлуулах бүрэн боломжтой болсон. Цахим боловсролыг дэмжих, байнгын идэвхитэй хэрэглээний орчинг бүрдүүлэх асуудал нь хөдөлгөөнт ухаалаг төхөөрөмжүүд болох смарт утас, таблетад зориулсан аппликейшнүүдтэй холбогдоно.

-ШУТИС-ийн оюутнууд цахим хичээлээ үздэг апп-тай боллоо гэж сонссон. Бүх зүйл цахим хэлбэрт шилжиж байгаа үед зайны сургалтаас гадна бид виртуал орчинд хичээл заах анги танхимыг хүртэл бэлтгэх хэрэгтэй болжээ. Энэ чиглэлээр хийж байгаа ажлуудаасаа сонирхуулаач?  

-ШУТИС-ийн оюутнууд шинэ оны өмнө “MUST-STUDENT” гар утасны аппликейшнтэй болсон.  Энэ аппликейшнийг ашиглан оюутны вэбэд нэвтэрч цахим сургалтад хамрагдахад хялбар болсон. Цахим сургалтын үеэр манай хамтран ажиллагч байгууллага болох Юнител групп, Мобиком корпорацийн зүгээс багш, оюутнуудыг хөнгөлөлттэй болон үнэгүй дата ашиглах боломжоор хангасан. Цахим сургалтын удирдамж, гарын авлагыг багшийн болон оюутны вэбээр онлайнаар хүргэдэг болсон. Мөн бид ч бас профессор багш нартаа зориулан онлайн сургалт, цахим сургалтыг суралцахуйн дизайны орчин үеийн онол, арга зүй, зарчмуудыг дижитал технологийн дэвшилтэй хослуулан үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр цуврал, сургалт семинарыг үе шаттай зохион байгуулж байна. Сургалтын орчин, анги танхимын хувьд, ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төв цахим сургалтын үеэр програм хангамж, сүлжээний үйл ажиллагааг тогтмол сайжруулж, тогтвортой үйл ажиллагаагаар хангаж байна. Мөн ойрын хугацаанд ухаалаг ангийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, дадлагын виртуал лаборатори байгуулах ажлыг төлөвлөөд байгаа.

-Цахим сургалтын чанарын асуудалд өнөөдөр боловсролын салбарыхан төдийгүй бүх нийтээрээ анхаарал хандуулж байна. Сайн, муу гээд янз бүрээр л ярьж байна.  Ер нь цахим хичээлийн чанар болоод явц, хяналтын үнэлгээг хэрхэн хийдэг вэ?

-Профессор багш нарын цахим хичээлийн бүх материал LMS системд нээлттэй байгаа. Үүнийг салбар, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, Сургалтын бодлого зохицуулалтын газар хянаж ажилладаг. Цахим хичээлийн материалд тавигдах шаардлагыг ШУТИС-ийн “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д тодорхой зааж өгсөн учраас багш нар түүнийг баримтлан ажилладаг. Мөн улирлын явцад болон төгсгөлд цахим сургалтад мониторинг хийж, асуулга авдаг. Оюутнуудын сурлагын голч дүнг танхимын сургалтын дүнтэй харьцуулахад буураагүй, зарим тохиолдолд өссөн байдалтай байна. Сургалтыг чанартай, үр өгөөжтэй болгоход сургуулийн зүгээс нийт профессор, багш нартаа тодорхой шаардлага тавьж, хяналттай ажиллаж байна. Нөгөө талаас оюутан суралцагчид цаг хугацаандаа хичээлээ идэвхтэй судлаж, хариуцлагатай байх нь чухал юм. 

-Цахим сургалттай холбоотой бас нэг асуудал нь сургалтын төлбөртэй холбогдож байна. Цахимаар сургалт явуулж байгаа өнөө үед сургалтын төлбөрийг бууруулах боломж байгаа юу. Төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрүүдийн үр дүнд урсгал зардлууд буурч байгаа гэж ойлгож байгаа?

-Цахим сургалттай холбоотой сургалтын төлбөр буурах эсэх асуудлыг оюутан  суралцагчид нэлээд тодруулж асууж байна. Юуны өмнө сургалтын байгууллагын зардал зарцуулалтыг авч үзэх хэрэгтэй. Сургалтын төлбөрийн 60-70 хувийг багш, ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварт зарцууллагддаг. Цахимаар ажиллаж байгаа профессор, багш, ажилчдын цалинг 100 хувь олгож байна. Мөн өнгөрсөн оноос төрийн өмчийн их дээд сургуулийн тогтмол зардал болох цахилгаан, түлш, халаалт, цэвэр бохир усны зардлуудыг төрөөс хариуцахаа больж, их сургуулиуд 100 хувь төлж байна. Цахим сургалттай холбоотой багш, ажилчдын компьютер, техник хэрэгсэлийг сайжруулах, цахим сургалт зохион байгуулах анги танхим тохижуулах, COVID-19-ийн үеийн цэвэрлэгээ ариутгалтай холбоотой хөдөлмөр, хамгааллын хэрэгсэл, эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлууд өмнөх оноос нэлээд нэмэгдсэн. Онц байдлын үед дотуур байрны оюутнуудын хоол хүнс, ариутгалын зардлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу БШУЯ-наас олгосон. Мөн их сургуулийн зүгээс ч Улаанбаатар хот дахь оюутны дөрвөн байр, Дархан хотын оюутны нэг байранд амьдарч байсан 1015 оюутандаа хүнсний багц, хамгаалах хэрэгсэл олгох ажлыг зохион байгуулсан. Харин хичээл практикийн зардал болон томилолтын зардлууд буурсан байна. Ер нь төрийн өмчийн их дээд сургуулиудын хувьд сүүлийн жилүүдэд санхүү хасах буюу орлогоосоо зардал нь давсан байдалтай байгаа. Үүний гол шалтгаан нь өнгөрсөн жилүүдэд элсэн суралцагчдын тоо өмнөх онуудаас буурсан мөн сургалтын төлбөрийн хэмжээг сүүлийн жилүүдэд нэмээгүйтэй холбоотой. Мөн 2020 онд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг хугацаанд нь бүрэн олгоогүй зэрэг шалтгаанууд бас нөлөөлж байна. Гэвч бид нөөц бололцоогоо дайчлан оюутан суралцагчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

-Цаг үеийн байдлаас шалтгаалаад бүх л салбарт санхүүгийн хүндрэл учирч байна. Ялангуяа, оюутантай, сургалтын төлбөр төлдөг эцэг, эхчүүдэд амаргүй байгаа байх. Энэ үед сургуулийн зүгээс сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэгт хамруулах зэрэг дэмжлэг туслалцааг хэр үзүүлж байна? 

-2020 онд нийт 1133 оюутанд 267.3 сая төгрөгийн тэтгэлэг олгогдсон. Мөн 2020 оны эхний хагас жилд ШУТИС-ийн оюутны дотуур байранд байрлаж байсан 1080 оюутны дотуур байрны III-VI сарын төлбөрийг буцаан олгох, намрын улирлын байрны төлбөрт шилжүүлэн тооцох ажил хийгдсэн. Энэ ажлын хүрээнд оюутнуудын гаргасан өргөдөл хүсэлтийг үндэслэн 109,6 сая төгрөгийг 521 оюутанд буцаан олгосон бол 559 оюутны 123,2 сая төгрөгийг намрын улирлын болон дараа улирлын байрны төлбөрт шилжүүлэн тооцохоор болсон. Цаашид ч бид оюутнуудынхаа санал хүсэлтийг хүлээн авч төлбөрийн хувьд аль болох бодитой, уян хатан шийвэрлэхэд анхаарах болно. 

-Сая таны ярианд бас дурдсан, “МООС студи шинээр байгуулаад боловсролын салбарынханд болон нийтэд зориулсан нээлттэй хичээлийг “Open eDX” платформд байршуулсан” гэж. Бусад их дээд сургуулиуд, багш нарт туршлага болохуйц өөр ямар ажлууд байна вэ?

-Сургалтын арга зүйг өөрчлөх зорилгоор ”Дижитал профессор” хөтөлбөр гаргаж МООС студид Lightboard, AR, VR, MR технологиор хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байгаа. Дээр дурдсан Математик, Физик, Хими,  Материалын эсэргүүцэл, Онолын механик, Механизмын зохион бүтээлт, Машины эд анги зэрэг суурь хичээлүүдийг дээрх арга технологийг ашиглан цахим хэлбэрт хөрвүүлэн  сургалтад ашигласан. Эдгээр  хичээлийн материалыг нээлттэй байршуулсан учраас зөвхөн ШУТИС-ийн оюутнаас гадна бусад их дээд сургуулийн багш, оюутан, суралцагчид үзэж, судлах  боломжтой.

-Улирлын болон төгсөлтийн шалгалтууд цахимаар явагдсан байх. Ирэх улирлыг хэрхэн төлөвлөж байна вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш “Сургалтын нэгдсэн хуанли”-д тусгагдсан бүх ажлыг цахимаар явуулсан. Манай сургууль энэ намар танхимаар хичээлллэж байх үедээ тестийн програмаар зарим хичээлийн явцын сорилыг авч байсан нь улирлын шалгалтыг цахимаар авахад сайн туршлага болж өгсөн. Статистикаас харахад олон оюутан судалдаг 90 гаруй хичээлийн  шалгалтыг 25287 оюутан өгсөн бөгөөд бусад шалгалтыг онлайн програмаар авч улирлын шалгалт 2020 оны арванхоёрдугаар сарын 14-27-ны өдрүүдэд амжилттай зохин байгуулсан. Шалгалтын үед хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас хоцорсон, шалгалтын явцад сүлжээ болон эрчим хүч тасарснаас болж шалгалтаа хангалтгүй өгсөн оюутнаас цаг тухайд нь дахин шалгалт авч шийдвэрлэсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас харахад энэ хаврын улирлын сургалтын ажил мөн цахимаар явагдах төлөвтэй байна. Иймээс бид цахим сургалт явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тухайлбал нийт оюутны 90 хувь нь 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд судлах хичээлээ сонгож, суралцах төлөвлөлт хийсэн байгаа. Тиймээс 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс   “Хичээл сонголт-2”-оор баталгаажуулалт хийлгэхээр үе шаттай ажиллаж байна. Цахим сургалтыг  явуулахад төлөвлөлт болон бэлтгэл ажил маш чухал гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ улиралд 249 оюутан 3.5 жилээр төгсөж байгаа нь ч цахим сургалтын үед суралцах төлөвлөлтөө сайн хийснээр гарч байгаа үр дүн гэж үзэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.13 ЛХАГВА № 9 (6486)