Б.ДОЛЖИНЖАВ

Газар хөдлөлт болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаарх Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн байр суурийг хүргэж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдөлсөн”

 -2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05:32 минут 58 секундэд Хөвсгөлийн  Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдөлж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон.  Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 10 удаа бүртгэгдээд байна. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 километрийн зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна.  

-Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж, богино хугацаанд таамаглах нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг асуудал. Өнөөдөр дэлхийн ямар ч эрдэмтэн судлаач, ямар ч эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж таамаглаад хэлэх түвшинд хүрээгүй. Харин болчихсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга бий.  

“Газар хөдлөлтийг сэрэмжлүүлэх дуут дохио хэвийн ажиллаж байгаа”

-Улаанбаатар хотод байдаг хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем ажиллаж байгаа. Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Тодруулбал, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомт дуут дохио өгнө.

-Дуут дохиоллын системийг бид газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Өөрөөр хэлбэл систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн тохиолдолд дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг. 

 Эх сурвалж:www.polit.mn