Т.САЙХАН

IV цахилгаан станцын өргөтгөлийн нээлт өнөөдөр (01.11) боллоо.  Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр “ДЦС IV” станцын турбингенератор №2, 3, 4-ийг тус бүр 23 мегаваттаар, турбингенератор №1-ийг 20 мегаваттаар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил дуусч, Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаад байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг 4-р цахилгаан станц хангадаг. IV цахилгаан станцыг 89 МВт-аар өргөтгөснөөр 10 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчний нөөц боломж бүрдэж байна. Өргөтгөлийг богино хугацаанд, амжилттай зохион байгуулсан IV ДЦС-ын удирдлага, хамт олон, ОХУ-ын Уралын турбины заводын хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ард түмэн маань өвлийг өнөтэй давах боломж бүрдлээ” гэлээ.

Дээрх өргөтгөлийн ажлыг ОХУ-ын Уралын турбины завод, дулааны IV цахилгаан станцын инженер, техникийн ажилчид хамтран цар тахлын хүнд нөхцөлд богино хугацаанд хийж хэрэгжүүлэв.

Эх сурвалж:www.polit.mn