Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

-Улиран одож буй 2020 он дэлхий нийт төдийгүй бүс нутгийн хэмжээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах томоохон сорилт болж өнгөрлөө. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг аван өндөржүүлсэн бэлэн ажиллаж байна. Удахгүй бид хамтын хүчээр энэхүү хүндхэн сорилтыг ялан дийлсэн энх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирж буй 2021 онд Сүхбаатар дүүрэг анх удаа улсын хэмжээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг барих барилгын ажлаа эхлүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдал ч эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нарийн мэргэжлийн болон төрөлжсэн эмнэлгийг улс орны хэмжээнд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэйг харуулж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан хоёр цэцэрлэгээ ашиглалтад оруулна. Тэгээд өнгөрсөн онд хийсэн ажлаа үргэлжлүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэрэлтүүлэг, камер, тохижилт, бүтээн байгуулалт гээд хороо бүрт нэн шаардлагатай байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд анхлан санаачилсан “Хог хаягдлын ухаалаг менежмент”-ээ улам сайжруулах, боловсрол, нийгмийн салбар гээд иргэ­дийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан бүх ажлуудаа хийж хэрэгжүүлнэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)