Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь буюу 500 сая гаруй хүн илүүдэл жинтэй байна гэсэн судалгааг тус улсын Үндэсний эрүүл мэндийн хороо лхагва гаригт танилцуулжээ. Тус улсын насанд хүрэгчдийн таргалалтын дүн 2002 онд 29 хувь байсан бол түүнээс хойш улам нэмэгдэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадын  эдийн засаг хурдацтай өсч, хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, дадал, зуршил өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн үзэж байна.

Хятадын Засгийн газар аравдугаар сард таргалалтын түвшинг бууруулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсан. Учир нь илүүдэл жин нь зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм. Мөн таргалалттай хүн цар тахлаар нас барах магадлал өндөр байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэнийг Хятадын эрх баригчдад сануулсан юм.

Насанд хүрэгчдийн дөрөвний нэгээс бага нь долоо хоногт нэг удаа дасгал хийдэг нь таргалалтад нөлөөлсөн гэж үзжээ. Мөн  жимсний хэрэглээ буурч, махны хэрэглээ өссөнтэй холбоотой гэдгийг тогтоожээ. Энэ талаар Харбин хотын хоол тэжээлийн мэргэжилтэн Ван Дан “Манай хотын насанд хүрэгчдийн ихэнх нь дасгал бага хийдэг, хэт их дарамттай ажилладаг учраас эрүүл бус ажлын хуваарьтай байдаг” гэж ярьжээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд таргалалт өсөн нэмэгдэж байгаа улс нь зөвхөн Хятад биш. ДЭМБ-ын энэ жилийн эхээр 1975 оноос хойш дунд болон  бага орлоготой орнуудад таргалалт гурав дахин нэмэгдсэн гэж мэдээлсэн. Мөн 2016 оны байдлаар дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг 40 хувь нь илүүдэл жинтэй, 13 хувь нь таргалалттай байжээ. Персийн булангийн жижиг улс Катарын насанд хүрэгчдийн 70 гаруй хувь илүүдэл жинтэй  байгаа нь дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: BBC