Б.ДОЛЖИНЖАВ

 

Манжийн үеийн Монголын түүхэнд холбогдох архивын үнэ цэнтэй баримтуудыг Соёлын сайд С.Чулуун тэргүүтэй түүхч, судлаачид хуулбарлан Хятадын талд үнэгүй өгсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлаар МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцлаа.

 

 -Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох 640 мянган хуудас архивын баримтыг одоогийн Соёлын сайд С.Чулуун, түүхч Д.Өлзийбаатар тэргүүтэй хүмүүс БНХАУ-ын түүх судлалын төвд зарсан гэсэн мэдээлэл саяхан цацагдлаа. Энэ асуудлаар түүхч Ч.Дашдаваа нэлээд хэдэн жилийн өмнө нийтлэл бичиж байсан санагдана?

-Энэ бол Монгол Улсын соёл иргэншлийн аюулгүй байдалд үнэхээр ноцтой хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн хэрэг болсон.

Үндэсний түүхийн архивын М1 данс болох Хүрээний сайдын газрын дансыг бүтнээр нь буюу 640 мянган хуудас түүхэн баримтыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төвтэй хамтран нийтлэх нэрээр хувилан 2012-2014 оны хооронд Хятадад гаргасан байгаа юм.

Үүнийг тухайн үед түүхч Ч.Дашдаваа эсэргүүцэн мэдэгдэл гаргасан боловч дарагдсан. Энэ тухай “Түүхээ худалдсан түүхчид” гэсэн нийтлэл гарсанд мэргэжлийн хүрээнийхний дотор нэг хэсэг жиг жуг гээд өнгөрсөн. Ихэнх судлаач энэ талаар тодорхой мэдээлэлгүй байсаар 2017 он болоход Хятадад  “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” нэртэй 20 боть ном гарч цахимаар зарагдаж эхэлснээр хүмүүс мэдсэн. Анх танай сонинд төвөд судлаач Г.Ням-Очирын “Алдагдсан монгол түүх” хэмээх нийтлэл гарснаар олны анхаарлыг татсан. Г.Ням-Очир нь энэ нийтлэлийн мөрөөр олон нийтийн сүлжээнд идэвхтэй бичсэний үр дүнд хэвлэн нийтлүүлэгчид нь Монголын талд цөөн хэдийг өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч, Үндэсний номын сан, МУИС, ШУА гэсэн байгууллагад тарааж өгөөд намжсан байдаг. Хамгийн гол нь Монгол Улсын төрийн өмч болох энэ 640 мянган хуудас түүхэн баримтыг үнэлж шүүж, зэрэглэл тогтоолгүйгээр Хятадын талд үнэгүй хувилан өгсөн нь түүхч, судлаачдын эгдүүцлийг хүргэсээр өнөөг хүрсэн нь “Түүхээ худалдсан түүхчид” хэмээх эрэн сурвалжлах сэтгүүл зүйн  хоёр нэвтрүүлэг болон гарах шалтгаан болсон.

-Эдгээр материалыг Монгол Улсын түүхчид өөрсдөө бүрэн судалж амжаагүй байсан. Тухайн улс бүрэн судалж амжаагүй байхад өөр улсад зарах, хуулбарлах боломжтой гэж үү. Түүхч Д.Өлзийбаатар “Тэр бол нууц материалууд биш. Зүгээр л хуулбар.Улс болгонд архив байдаг” гэж ярьсан?

-Монгол Улсын архивт байгаа материалыг судлан үнэ цэнийг нь тогтоосны дараа хэвлэн нийтэлдэг дэлхий нийтийн жишиг байгаа. Үүнийг Архивын тухай хуулийн 15.1.9-д “архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх” хэмээн дэс дарааллыг нь тодорхой зааж өгснийг зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, манай түүхч, судлаачид эхлээд хосгүй үнэт, нэн үнэтийн зэрэглэлийг тогтоох ёстой байсан юм. Үүний дараа олон нийтэд сурталчилж үнэ цэнийг нь ойлгуулсны дараа хэвлэн нийтлэх асуудал гарч ирнэ. Монгол Улс одоогийн байдлаар гарын хэдэн хуруунд багтах Манжийн үеийн түүхийн судлаачтай. Яаралгүй хэсэг хэсгээр нь судлахад манай түүхчдийн бүхэл бүтэн хэдэн үеэрээ хийх ажил байсан юм. Мэдээж хэрэг Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд холбогдох эсэхийг мөн судалж байж хэлэх зүйл. Төрийн нууцын тухай хуульд хамаарахгүй гээд Манжийн эрхшээлийн үеийн гол толгой дансыг Хятадад хуулбарлаж өгөхийг зөвтгөх боломжгүй. Харин Д.Өлзийбаатар гуай, С.Чулуун сайд нар нугалбар бус хуулга данс байсан гэдэг үгээр ард түмний толгойг угаагаад байгаа юм. Нугалбар гэдэг  нь улс хооронд харилцан солилцож буй захидал, бичгүүд юм. Тэгэхээр Хүрээ сайдын дансанд ирсэн нугалбар байна уу гэхээс илгээсэн бичгүүд нь зорилтот газартаа байна уу гэхээс яамандаа үлдэхгүй. Тухайн үед албан хэргийг ойлгомжтой болгохын тулд ирсэн, явсан бичгүүдийг тусгай дансанд бичээч нар өдөр, дарааллаар нь хуулж үддэг байсныг хуулга данс гээд байгаа юм. Энэ үүднээс нь харах юм бол хуулга данс гэдэг нь хамгийн чухал эмх цэгцтэй зүйл болж хувирч байгаа юм. Үүнийг чухал биш гэж хэлж байгаа бол тэр хүн түүхч биш.       

-Баримтуудыг хуулбарлахад ямар ч мөнгө төлөөгүй болохоор Хятадын талд бэлэглэсэн гэж ойлгох уу?

-Архивын ерөнхий газрын даргын тушаалаар “Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г тогтоодог. Одоогийн байдлаар Манжийн үеийн нэг баримтыг хувилж авахад 5000, хувилж авахад 7000 төгрөг тушаах ёстой. Тэгвэл 640 мянган хуудас баримтыг хувилж авахад хамгийн багадаа  гурван тэрбум гаруй төгрөгийг Архивын ерөнхий газрын дансанд тушаасан байх ёстой. Архивын тухай хуулийн 25.4.-д “Иргэн, хуулийн этгээд төрийн архивын баримтыг ашиглахдаа Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний хөлс төлнө” гэснийг шууд зөрчсөн хэрэг болсон. Гэрээг үзэхэд энэ их баримтыг хувилахад гарах зардлыг Хятадын тал гаргаж буйгаас бус үүнийг шууд өмчлөгч болох Монголын төрд ямар ч хураамж, мөнгө төгрөг төлөх тухай дурдаагүй байна. 

-Тэгэхээр түүхч Д.Өлзийбаатар, С.Чулуун сайд ямар зорилгоор баримтуудыг хуулбарлан өгсөн юм бэ?

-20 ботийн хавтсан дээр нь буй тогтоосон үнэ нь 17800 юань буюу  долоон сая гаруй төгрөг байгаа юм. Энэ номыг Хятадын Шинхуа номын дэлгүүрийн сүлжээнээс гадна онлайнаар ямар нэг хязгаарлал тогтоолгүй зарж байгаа. 1.5 тэрбум хүнтэй Хятадын зах зээлээс гадна Азийн онлайн зах зээлийг тооцоолбол санаанд багтамгүй тоо гарах нь ойлгомжтой. Үндэсний төв архивт буй Монгол Улсын төрийн өмчийг Хятад улс ийн зарж ашиг олж байхад манай улсад үүнээс ямар ч хувь орж ирэхгүй байгаа нь үнэхээр нэр дурдсан түүхчдийг хардахаас өөр аргагүй болгож байгаа юм. Гэвч үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтооно биз ээ. Монгол Улсын төрийн өмчийг үнэгүйдүүлсэн 20 ботийг хэдэн хувь хэвлэсэн тухай мэдээлэл хаана ч байхгүй. Ямар нэг ном хэвлэсэн бол хавтсан дээр нь төдөн хувь хэвлэв гэж заавал бичсэн байх ёстой атал энэ 20 ботид бичээгүй нь Монгол Улсыг доромжилсон үйл явдал гэхээс өөр хэлэх үг алга. Дэлхийн практикт архивын бүхэл бүтэн данс үнэгүй хүлээлгэн өгсөн тохиолдол огт байхгүй. Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын гэрээний дагуу хоёр талын судлаачид хамтран тус тусын сан хөмрөгт буй баримтыг сонгон нийтэлсэн байдаг. Харин Хүрээ сайдын дансыг ийн Хятадад хуулбарлаж өгсөн явдлыг аль ч хууль, дүрмээр зөвтгөх боломжгүй.

-“Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримт нь хоёр орны эрдэмтэд хамтран цуврал бүтээл болгох эрдэм шинжилгээний зорилготой байсан. Түүхийн хүрээлэнгийн захирал архивын нэг ч хуудас баримтыг бусдад дамжуулах эрхгүй тул огт үндэслэлгүй гүтгэлэг учраас Авлигатай тэмцэх газарт хандлаа” гэж С.Чулуун сайд мэдэгдэл гаргасан байна?

-Энэ бол эрдэм шинжилгээний цуврал бүтээл огт биш. 10 орчим хуудас өмнөх үг бичээд үлдсэн 10 мянган хуудас нь хувилсан баримтуудаа гэрэл зураг байдлаар хэвлэхийг ямар ч эмхтгэл, эрдэм шинжилгээний бүтээл гэж тайлбарлах боломжгүй юм. Түүхийн хүрээлэнгийн захирал бусдад нэг ч хуудас баримт дамжуулах эрхгүй юм бол С.Чулуун таны гарын үсэг яагаад энэ гэрээн дээр дурайж байна вэ хэмээн өөрөөс нь харин асуух хэрэгтэй болов уу. 

-Баримтыг солил­цохдоо Монгол болон Хятадын тал тэгш эрх эдэлнэ гэсэн гэрээ байгуулсан юм билээ. Гэхдээ С.Чулуун сайд үүнийг эсэргүүцсэн?

-Олон нийтэд үзүүлж буй гэрээний 3.4-д зааснаар талууд зохиогчийн эрхийг тэгш эрхтэй эзэмшинэ гэж заасан нь үнэхээр ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм. Монголын архивт буй Монголын түүхийн баримтуудыг хятадууд тэгш эрхтэй эзэмших болсныг ямар ч Монгол хүн зөвшөөрөх аргагүй. С.Чулуун үүнийг үгүйсгэж байсан нь хачирхалтай.   Энэ баримтуудыг гадаад улсад хуулбарлаж өгөөгүй нөхцөлд Манжийн үеийг судалдаг Монгол судлаач нар энэ М1 данс дахь материалыг үзэхийн тулд ирж Монгол Улсад орлого оруулсны дараа бүтээлдээ эдгээр материалыг ашиглахдаа Монголын Үндэсний архивын нэрийг эшлэх бол одоо БНХАУ-д хэвлэгдсэн энэ номыг эшилснээр угтаа бол энэ нь Монгол, Хятадын алиных нь өмч вэ гэдэг эргэлзээ төрүүлэх юм.

-“Цөөн тоот үндэстний хэл, утга зохиолыг хэвлэх төлөвлөгөөний төсөл” гэсэн өмнөтгөлтэйгөөр ном хэвлэгдсэн. Энэ нэршил ямар учиртай вэ?

-Номын хавтсан дээр “Улсын 12 дугаар  таван жилийн цөөн тоот үндэстний хэл соёлын хэвлэлийн төсөлд энэ ном нь 2014 оны цөөн тоот үндэстний хэргийн хөгжлийн санхүүжилтийг авсан болно” гэсэн бичиг байгаа нь хоёр улсын эрх тэгш харилцааны зарчмыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл, номыг хэвлүүлсэн талууд болох Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, БНХАУ-ын НШУА-ийн Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төв нь Монгол Улсыг Хятадын цөөн тоот үндэстэн гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хятадын дээрэнгүй үзлийн дагуу бол Монгол Улсыг өөрсдийн алдагдсан нутаг гэж үздэг. Тэгэхээр энэ үзлээ илтгэж цөөн тоот үндэстний төслийн хүрээнд хэвлүүлсэн байх. БНХАУ нь Монгол Улстай дипломат харилцаатай улс. Тийм болохоор ингэж цөөн тоот үндэстэн гэж бичих ямар ч үндэслэл байхгүй атал тэргүүн нүүрэн дээр ийн бичсэн нь үнэхээр харамсалтай.

-Хятадын зөөлөн хүчний бодлогод автаж архивын баримтаа зарсан гэж та нэвтрүүлгийн үеэр ярьсан?

-Монгол Улсад ашиггүй, өөрсдөд нь ашиггүй гэрээнд гарын үсэг зурчихаад түүнийх нь дагуу Монголын түүхийн хамгийн эмзэг үеийн гол асуудлыг тусгасан 640 мянган хуудас материалыг хятадууд бүрэн дүүрэн ашиглаад явж байхад өөрийгөө өмөөрөөд сонин хэвлэлээр ярилцлага өгөөд явж байгаа хүнийг өөрөөр яаж томъёолох вэ дээ. Монгол Улсад олон хэвлэх үйлдвэрт дэлхийн стандартад нийцсэн чанарын өндөр түвшинд ном хэвлэж байна. Яагаад Хятадад ийм олон материалыг ингэж өгч хэвлүүлснийг юу гэж ойлгох вэ.

-Энэ асуудлыг шийдэх, улсаа хохиролгүй болгох гарц нь чухам юу юм бэ?

-Архивын ерөнхий газар хичээн ажиллавал зарим үр дүнд хүрч болох юм. Гэхдээ гэрээний дагуу бол шүүхэд өгөх боломжгүй байдал үүссэн. Гэрээний 4.3-д зааснаар “Талууд маргаантай асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл хоёр улсын байгууллага хоорондын хамтын ажиллагаа байтугай хувь хүмүүс хоорондын байр түрээслэх гэрээнд хүртэл аль дүүргийн шүүхээр иргэний хуулиар ч юм уу шийдвэрлэнэ гэдгээ тодорхой зааж өгсөн байдаг. Хятадын талтай гэрээнд гарын үсэг зурсан С.Чулуун, Д.Өлзийбаатар нар очиж уулзан гуйж түүж байж л хүртэх ашгийн тухай өөр гарц уг гэрээгээр бол харагдахгүй байна гэсэн үг. Энэ бүхэн нэгдүгээрт, манай улсын түүхийг гуйвуулах боломжийг Хятадад олгосон. Хоёрдугаарт, төрийн өмчийг буюу бүхэл бүтэн дансыг үнэгүйдүүлсэн. Гуравдугаарт, Монгол Улсын төрийн өмчөөр гадаад улс үлэмж ашиг олох болсон. Харин соёл иргэншлийн аюулгүй байдалд ямар хор хохирол учруулсныг цаг хугацаа харуулах буйз аа.

-Энэ үйл хэрэг бидэнд ямар сануулга, дохиог өгөв. Архивын тухай хуулийн зохицуулалт сул, бид түүхийн баримтуудаа нандигнадаггүйг харуулав уу?

-Энэ үйлдэл бидэнд хариуцлага, сахилга бат, шударга ёсоос гадна эх оронч байхыг сануулсан хэрэг боллоо. Мөн хуульдаа ч тодорхой зохицуулалтуудыг хийх хэрэгтэйг харууллаа. Хамгийн гол нь Монголын түүхийн түлхүүрийг атгаж суугаа эрхмүүдэд ёс зүй, эх оронч сэтгэлгээ дутмаг байгааг нүдэн дээр харуулж өглөө. Гэрээний дагуу бол бид ямар ч ашиг хүртэх боломжгүй нь харагдаж байгаа юм.  Гэрээний 4.4-д зааснаар “Баримтын эмхэтгэлийг хэвлэж гаргасны дараа хоёр тал хувааж авах тухайд харилцан тохирно” хэмээн ямар ч тоо хэмжээ, хувийн тухай дурдаагүй байна. Мөнгөн ашгаас илүү түүхийн баримтаар дураар дургисанд харамсаж байна. Дарга явж ажил үлддэг, бид хэзээ нэгэн өдөр одно. Харин Монгол үлдэнэ гэдгийг хаа хаанаа санахад гэмгүй.

-Хэвлэгдсэн 20 боть ном зөвхөн Манж Чин улсын үеийн түүх биш манай улсын ОХУ-тай харилцаж байсан түүх юм билээ. Тэгэхээр Хятадын тал энэ түүхийг гуйвуулан, баримтыг өөрчлөн хэвлэх боломжтой юу?

-Хятадын талын тогтоосон албан ёсны үнэ нь 17800 юань буюу долоон сая гаруй төгрөгийн үнэ бүхий энэ 20 боть нь Хятад улсын их, дээд сургуулиудын номын сан, АНУ, Япон зэрэг гадаад улс орны томоохон номын сангуудад байрлахаас гадна цахим орчинд чөлөөтэй зарагдаж байсан тул монгол судлаачдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж энэ мөрөөр хайгуул хийхэд хүргэсэн. Ялангуяа, Хятадын түүхчид “Манжийн үеийн гадаад Монголын түүхийн хосгүй баримтууд” хэмээн сурталчилж зарж борлуулж байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж хувирсан. Одоогоор хэвлэгдээд байгаа 20 боть ном нийт 10 мянган хуудас материалыг багтаасан. Эдгээр ботид 1758-1911 оны хоорондох Хүрээ сайдын газрын албаны чухал баримт бичгүүд бүгд багтсан.

Хамгийн гол нь Хүрээ бол Манж Чингийн төрөөс Орос улстай харилцах гол төв байснаас гадна монголчууд Орос улстай бие даасан харилцаж байсан бичгүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол-Оросын түүхэн харилцааны гол түлхүүрийг агуулсан бичиг баримтууд зөвхөн Монголын архивт хадгалагдаж байжээ. Манжийн үеийн Монголын төр, шашин, соёл, гадаад харилцааны тулгуур баримтууд зөвхөн Хүрээ сайдын дансанд байгаа. 640 мянган нүүр баримтыг А4-ийн цаасан дээр хэвлээд давхарлаж үзэх юм бол 64 метрийн өндөр ойролцоогоор 20 давхар байшин буюу талбайн хажууд байх “Central tower”-ийн хэмжээний өндөртэй болно хэмээн МУИС-ийн профессор Ганбат тооцоолсон. Энэ их баримт нь Манжийн үеийн Монголын түүх юм. Хамгийн чухал нь Монголын түүхийг гуйвуулсан үзэл баримтлалтай улс Манж амбаны архивын баримтуудаар Манжийн үеийн Монголын түүхийг хэрхэн яаж гуйвуулахыг цаг хугацаа харуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)