Б.ГАРЬД

 

ЖДҮХС-гийн үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцаж явуулдаг. Тус агентлаг 39 алба хаагчтай. Анх ЖДҮХС 31 алба хаагчтай, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газар найман албан хаагчтай, нийлээд 39 байсан. Яг энэ орон нэг ч хүний нэмэгдэлгүйгээр цалингийн санд нь багтаагаад энэ жил тус агентлагийг байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 40-өөд албан хаагч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 800 мянган хүн, 63 мянган аж ахуйн нэгж бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төрийн үүргийг хэрэгжүүлдэг гэсэн үг.

2020 онд санхүүжүүлэх төслийг хавар 4-5 дугаар сард хүлээж авчээ. 1579 аж ахуйн нэгж зээл авах хүсэлт  ирүүлсэн байна. Гуравдугаар шатанд тэнцсэн 400 гаруй аж ахуйн нэгжид Жижиг, дунд үйлдвэрийн газрын алба хаагчид очиж үзэж, дараагийн шатны шийдвэрээ гаргаж буй ажээ.

Бүх нийтийн бэлэн байдал зарлаж хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн сар гаруйн хугацаанд тус газрынхан төсөл сонгон шалгаруулалтаа хийхдээ Төрийн тусгай хамгаалалтын газраас зөвшөөрөл хүсэн, төсөл сонгон шалгаруулалтын хуралд 10 орчим хүнд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, шинжилгээ өгч  байж оруулжээ. Өмнөх шигээ төслийн сонгон шалгаруулалтад төсөл өгсөн аж ахуйн нэгж өөрсдөө төслөө танилцуулдаг байсныг одоогийн нөхцөлд уялдуулж  ZOOM аппликейшнээр холбогдож танилцуулгыг авчээ. Төсөл ирүүлсэн аж аухйн нэгжүүд таван минутад багтаагаад видео хэлбэрээр төслөө танилцуулсан байгаа юм.

Шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 2020 ондоо багтаагаад зээлийг олгох юм байна. Гэхдээ асуудал бас бий.

УИХ-аар 2020 оны төсвийг батлахдаа 50.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөсөө гарга гээд заачихсан. Гэтэл COVID-19 цар тахал дэгдсэн. Тэгэхээр Жижиг, дунд үйлдвэрийн газар үүнтэй уялдуулаад аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг харгалзан үзэж, хэвийн төлөлттэй явж байгаа 100 орчим аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ. Эдгээр болон бусад шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн сангаас гаргах мөнгө нь дутаж буй ажээ.

Тодруулбал, ЖДҮХС-нд орж ирсэн зээлийн эргэн төлөлт нь 29.9 тэрбум төгрөг байна. Үүний 11 тэрбум төгрөгийг нь “өр”-нд өгөхөөр байгаа ажээ. Засгийн газрын бондод 5.7 тэрбум, Хөгжлийн банкны бондод 3.5 тэрбум төгрөг, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой юм байна. Ингээд цаана нь үлдсэн 18.3 тэрбум төгрөгөөс  21 аймагт 10.5 тэрбумыг нь шилжүүлэхээр байгаа. Ингэхээр  7.7 тэрбум төгрөгтэй үлдэх тооцоо бий. Үлдсэн хугацаанд бас эргэн төлөлт орж ирнэ. Орон нутгийн 10.5 тэрбумаас хоёр тэрбумыг олгочихсон байгаа гэсэн үг. Буцаагаад тооцвол 9.4 тэрбум төгрөгийг төсөл сонгон шалгаруулалтад олгох боломжтой мөнгө байгаа юм.

Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газраас Засгийн газрын бондын төлбөрт оны үлдсэн хугацаанд төвлөрүүлэх ёстой 3.3 тэрбум төгрөгийг хойшлуулах хүсэлтийг Сангийн яаманд тавьжээ. Хэрэв Сангийн яам хүсэлтийг хүлээж авбал 9.1 тэрбум төгрөгийг шалгарсан аж ахуйн нэгжүүдэд олгох боломжтой болно.

Дашрамд дурдахад 2020 оны хувьд COVID-19-ийн нөхцөл байдалтай уялдуулж ариутгал халдваргүйтэл, мал үйлдвэрлэлийн салбарт тэргүүн ээлжинд зээл олгоё гэдэг шийдэлд хоёрдугаар сард хүрчээ. Мөн уламжлалт арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн, аялал жуулчлалын салбарт түлхүү дэмжлэг үзүүлэх чиглэлтэйгээр сонгон шалгаруулалтыг хийсэн байна.

 Харин 2021 оны хувьд төсвөөс ЖДҮХС-д мөнгө тусгаагүй. Зээлийн эргэн төлөлтөөсөө 51 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд зээл олго гэсэн төсөв батлагдсан байдаг. Тэгэхээр Жижиг, дунд үйлдвэрийн газрынхан зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлээ буцааж төвлөрүүлэх шаардлага үүсч, үүн дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл цар тахал гарч, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээлийн эргэн төлөлтийг 2020 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулчихсан. Энэ хооронд үндсэн төлбөр, зээлийн хүү ЖДҮХС-д орж ирэхгүй гэсэн үг. Урьдчилсан тооцооллоор 10 гаруй тэрбум төгрөг л орж ирэхээр байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тэгэхээр дахиад л 2021 онд Засгийн газрын бондод ЖДҮХС-гаас гэрээгээр төлөх 41 тэрбум төгрөгийг хошлуулах гэдэг юм уу, ямар нэг хөнгөлөлт хэрэгтэй болсон байна. Ер нь бол энэ олон саад бэрхшээл, бусад хүндрэлийг давахад хамгийн чухал дэмжлэг бол төсвийн тодотгол болж таараад байна. Хэдийгээр төсөвт тодотгол хийх нь УИХ-ын асуудал ч энэ мэтийн гарцаагүй тохиолдолд тодотгол хийдэг номтой.

Шуудхан хэлэхэд ЖДҮ-чдэд төсвийн тодотгол маш чухал болоод байна. Хүлээж ч байна.

Зарчмын хувьд энэ цар тахлын үед  эрүүл мэндийн салбарт, асуудалд мөнгө зарцуулах ёстой. Хажуугаар нь ажлын байрыг бий болгодог, ажилгүйдэл, ядуурлыг шийддэг ЖДҮ-гийн салбарыг дэмжихээс өөр аргагүй. МҮХАҮТ-ын судалгаагаар хувиараа хөдөлмөр эрхлэгч, ЖДҮ эрхлэгчид цар тахлын шуурганд хамгийн түрүүнд өртөж байна. Бусад улс оронд ч нэгдүгээрт, эрүүл мэнд хоёрдугаарт, ЖДҮ-ийн салбараа дэмжсэн бодлогуудыг гаргаж байгаа тухай мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагуудыг мэдээлсээр байна.

Түүнчлэн COVID-19 цар тахлын үед үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн  бизнесийн салбарынхан том хариуцлага үүрэх ёстой. Тэд халдвар хамгааллынхаа дэглэмийг барих нь эрүүл мэндийн салбарынхнаасаа дутуугүй үүрэг нь болно.

Нэг талаас халдваргүйтгэл, ариутгалыг сайн хангаж ажиллаж чадвал үйлдвэрлэл, үйлчилгээ нь хэвийн үргэлжилнэ.  Хэрэв энэ үүргийг умартвал хатуу хөл хорионы дэглэмийг дахин  тогтоно. Энэ нь ЖДҮ-чдэд сүйрэл л гэсэн үг. Тэгэхээр ЖДҮ эрхлэгч 800 мянган хүн энэ дэглэмийг маш сайн барих бас нэг шаардлага болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 ПҮРЭВ № 241 (6466)