Б.ДОЛЖИНЖАВ

Австрали улсын шар айраг, дарс, үхрийн мах, далайн хүнс, арвай гэсэн бүтээгдэхүүний импортод хориг тавиад байсан Хятад улс  нүүрсний импортод хориг тавьж байгаагаа тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнөөдөр албан ёсоор зарлалаа. Хурцдаж байгаа харилцааг намжаах яриа хэлэлцээр хийхийг шаардсан ч Хятад ийм шийдвэр гаргасан нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн хэрэг хэмээн Австралийн Ерөнхий сайд Скотт Морисон мэдэгдлээ. Энэ хориг нь Хятад болон Австрали улсын 2015 онд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тэрээр тодотгов. Энэ мэдээллийн дараагаар Австралийн нүүрс экспортлогч томоохон компаниудын хувьцаа 5.9-8.4 хувиар унажээ.

Цахим технологийн салбарын маргаанаас 2018 онд  муудсан хоёр улсын харилцаа цар тахлын улмаас энэ жил эрчээ авсан юм. Энэ нь Австралийн Засгийн газар коронавирусын үүсэлд Хятадыг буруутган, шалгахыг олон улсад уриалсантай холбоотой юм. Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингэм “Нүүрсний энэ хориг нь худалдааг ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй харилцахыг Хятадаас хүсч байна” гэжээ.

Өнгөрсөн онд Австрали улс Хятадад 13.9 тэрбум ам долларын нүүрс экспортолсон байна. Тэгэхээр Хятад руу нүүрс экспортолдог Монгол, Индонез, Орос гэсэн улсуудад экспортоо нэмэгдүүлэх боломж гарч ирж байгаа юм. Учир нь Австралиас бусад улсын нүүрсний импортыг хориглохгүй гэдгээ  Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгджээ.

Эх сурвалж:Bloomberg