Н.ДАЯН

Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байгаа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнтэй холбогдон тус аймагт хатуу хөл хорио болон хүнсний бүтээгдэхүүнийг түгээлтээр хэрхэн олгож байгаа талаар ярилцлаа.  

-COVID-19-ийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Дархан-Уул аймагт нэмэгдэж гурван иргэнээс шинжилгээний хариу эерэг гарсан тул бүрэн зогсолтын хөл хориог дахин гурав хоногоор сунгалаа. Тусгаарлах байранд зориулан зочид буудалд 243 ор нэмж гаргасан. Өнгөрсөн хоногт тэг зогсолт хийсний үр дүнд сүүлийн гурван тохиолдлын ойрын болон хоёрдугаар хавьтлын 30-50 хүнийг илрүүлжээ. Мөн нэгдүгээр хавьтлын 59 иргэнийг тусгаарласан бол хоёрдугаар хавьтлын 139 иргэнээс шинжилгээ авсан. Өнөөдөр Дархан төмөр зам өртөөний 800 хүн шинжилгээнд орлоо. Дархан-Уул аймагт таван тусгаарлах байр бэлдлээ. Мөн их, дээд сургуулиудын дотуур байрны оюутнуудад хүнс түгээж олголоо. Дархан хотыг долоон бүсэд хуваан хүнс, эмийн хангамж, түлээ түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр хүргэнэ гэсэн. Энэ ажлын хүрээнд хүнсний нөөцийн судалгаанд 191 дэлгүүрийг хамруулжээ. Мөн түлээ нүүрсний цэгүүдтэй холбогдож хэрхэн түгээлт хийх зохион байгуулалтыг судалж байна. Онцгой комиссын төлөөлөгч Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа.

-Хүнсний бүтээгдэхүүнийг түгээлтээр хүргэж байгаа гэсэн. Танайх хүнсээ яаж авч байна?

-Дархан-Уул аймгийг долоон хэсэг болгоод хүмүүсийг гэрээс нь гаргахгүйгээр хүнсийг нь түгээлтээр бүх айлд хүргэнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөл хорионы дэглэмийг сунгасан тул олон асуудал тулгарна. Иргэдээс хэрхэн хаана хүнс хүргэх саналыг авч эхэлсэн. Иргэдэд түлш, ус, усан хангамж, хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажлыг зохион байгуулах ажлыг аймгийн Онцгой комиссоос шуурхай авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Аймгийн онцгой комиссоос долоон хэсэгтээ ээлжээр хүнс хүргэж өгнө гэсэн. Одоогоор манай хорооллын дараалал болоогүй байна. Засаг даргын хэлснээр байрны гадаа, гэр хороололд нэг цэгт хүргэнэ гэсэн. Мөн утас, фэйсбүүк, онцгой комиссын машины чанга яригчаар ярина. Хүнс түгээх захиалгын утас ажиллаж байна.

-Дархан-Уул аймагт хүнсний хангамж хэр байгаа вэ?

-Хүнсний хангамж хангалттай байгаа. Хүнсний үйлдвэр ажиллаж байна гэж Засаг дарга хэлсэн.

-Дархан-Уул аймагт байгаа оюутнуудын байдал ямар байна вэ. Энэ талаар мэдээлэл байна уу?

-“Дархан” технологийн их сургуулийн захирал Ц.Батбаатар дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох байрнаас нь гаргахгүйгээр хоол, хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлсэн. Мөн дотуур байрны орчмын дэлгүүрээс ойр зуурын юмаа авах зохион байгуулалтын хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж байна.  

-Халдвар хамгааллыг хэрхэн хийж байгаа вэ?

-Бүх дэлгүүр, үйлчилгээ, гудамжийг ариутгаж байгаа. Дархан-Уул аймгийн фэйсбүүк шуурхай ажиллаж байна.  

Эх сурвалж www.polit.mn