Б.ТУУЛ

 

Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа манай оюутан залуусын хамгийн их сонирхдог Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй ярилцлаа.

 

-Монгол Улсын эдийн засаг, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбарт Энэтхэг улсын тус­ламж дэмжлэгтэй хэрэгж­дэг олон төсөл хө­төл­бөр бий. Энэ удаа Мон­гол, Энэтхэгийн боловс­ролын салбарын харил­цаа, хамтын ажил­лагаа, тэтгэлэгт хөтөл­бөрүүдийн талаарх мэ­дээл­лийг сонирхож байна?

-Юуны өмнө та бүхэнд баярлалаа. Энэтхэг, Монгол хоёр орны өргөжин тэлж буй хамтын ажиллагаа тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг таниулан сурталчлахад санаачилга гарган ажиллаж байгаад баяртай байна. Манай хоёр улс нийтлэг өв соёлтой, стратегийн түншлэлтэй. Бидний ирээдүй итгэл найдвараар дүүрэн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэг улс Монгол Улсад 1.236 тэрбум ам.долларын өртөг бүхий нефть боловсруулах анхны үйлдвэрийг барихад нь туслалцаа үзүүлж байна. Тус үйлдвэр нь 1.5 сая тонн түүхий тос боловсруулж бензин, дизель, тийрэлтэт түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Мэдээж энэ том төслийн ажлыг хийж гүйцэтгэхэд бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар жил бүр инженер, технологийн чиглэлээр суралцах 50 монгол оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулж байна.  Одоогоор 20 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хоёр дахь ээлжийн инженер, технологийн оюутнууд Энэтхэгт бэлтгэгдэн мэргэжил эзэмшиж байна.

Мөн Энэтхэг улсын Засгийн газар Монгол Улсын БШУЯ-тай хамтран Улаанбаатар хотод 20 сая ам.долларын өртөг бүхий Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологи, Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх төвийг барьж байгуулах сонгон шалгаруулалтын ажлыг хийж дуусгаад байна. Энэ ажлын хүрээнд IT, харилцаа холбооны технологи, аутсорсинг чиглэлээр суралцах сонирхолтой 5000 монгол залуусд мэргэжил эзэмшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, хөгжлийг дэмжигч түншийн хувьд Энэтхэгийн Засгийн газар жил бүр бакалавр, магистр, докторын урт хугацааны сургалтын тэтгэлгийг ICCR буюу Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс олгодог. Мөн ITEC буюу Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд богино болон дунд хугацааны 300 гаруй сургалтын тэтгэлгээр менежмент, төрийн удирдлага, банк санхүү, аудит, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, IT гэсэн чиглэлээр Энэтхэгийн 100 их, дээд сургуульд суралцуулж, мэргэжил эзэмшүүлж байна. Гуравдугаарт, хинди хэл сурах сонирхолтой монгол оюутнуудад Агра хот дахь Кендрия Хинди Санстхан сургуульд суралцах хинди хэлний тэтгэлгийг олгож байгаа. Дээрх тэтгэлгүүдээс гадна Энэтхэгийн Засгийн газар Хайдерабад дахь Хөдөө аж ахуйн менежментийн үндэсний хүрээлэн болон БНЭУ-ын Сансар судлалын байгууллага (ISRO)-ын дэргэдэх Зайнаас тандан судлах хүрээлэнгийн богино хугацааны курст залуу монгол судлаачдыг ахисан түвшний сургалтад хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой  тэтгэлгийг бас олгодог.  Мөн Монголын холбогдох байгууллагын зөвлөмжийн дагуу нэр хүнд бүхий байгууллагуудад суралцуулан хинди хэлний болон бусад чиглэлээр нэг жилийн диплом олгож байна.

-Энэтхэгийн Засгийн газрын 2020-2021 оны хичээлийн жилд хэдэн монгол оюутанд тэтгэлэг олгох вэ?

-ICCR-ын урт хугацааны тэтгэлэгт онлайнаар бүртгүүлдэг. Энэ жил бид 50 монгол оюутныг ердийн курст, 10 оюутныг Буддист судлалын чиглэлээр суралцуулахаар төлөвлөсөн. Энэтхэгийн нэр хүндтэй Буддын шашны сургуульд Буддын шашин судлалаар анх удаа монгол лам хуврагууд, эрдэмтэн судлаачдад 10 тэтгэлэг олгохоор болсон. Мөн Энэтхэг улсын Засгийн газрын ITEC буюу Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн тэтгэлгээр жилийн турш  янз бүрийн хугацаатай сургалтуудын 250 тэтгэлэг санал болгож байна. Үүний 50 нь Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм.

-Монгол оюутнуудад олгож буй тэтгэлгийн тоо энэ жил нэмэгдсэн үү?

-Энэтхэгийн Засгийн газар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Засгийн газрын ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 10,  Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн  тэтгэлэгт хамрагдах оюутны тоог Монгол Улсад  50  квотоор нэмэгдүүлсэн.

-Одоогоор Энэтхэгт хэдэн монгол оюутан суралцаж байгаа вэ. Монгол оюутнуудын сурах идэвх, хүсэл сонирхол хэр байна гэж та боддог вэ?

-Одоогийн байдлаар Энэтхэгт 1250 орчим монголчууд, түүний дотор Буддын гүн ухааны чиглэлээр олон лам суралцаж байна. Түүнчлэн Энэтхэгийн их, дээд сургуулиудад олон чиглэлд суралцахаар 50 орчим оюутан хамрагдаж байна. Энэтхэгт суралцсан тухай монгол оюутнуудаас манай ЭСЯ-наас ирүүлсэн санал хүсэлт эерэг талархал дүүрэн байдгийг би итгэл төгс хэлэх байна. Бараг бүх оюутан Энэтхэг улсад инженерчлэл, мэдээллийн технологи, банк санхүү, англи хэл болон сүүлийн үеийн шинэ технологийн чиглэлээр хямд үнээр дэлхийн түвшний сургалтуудыг эзэмшихийг хүсдэг. Энэтхэг улсын их, дээд сургуулиуд ч бас монгол оюутнуудыг таатай хүлээн авдаг. Одоо Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн  тэтгэлгээр суралцсан хэд хэдэн төгсөгч Засгийн газрын өндөр албан тушаал хашиж байна. Мөн бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй бизнесменүүд ч цөөнгүй байдаг.

Энэтхэгт суралцаж буй монгол оюутнуудын дунд “Энэтхэг улс дахь монголчууд”, Элчин сайдын яамны фэйсбүүк хуудсан дээр талархлаа, хүсэл сонирхлоо илэрхийлсэн олон нийтлэл, сэтгэгдэл нь монгол оюутнуудын Энэтхэг улсыг боловсролын салбарын үйл ажиллагаанд талархалтай хандаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгодог. 

-Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг бүрэн тэтгэлэг үү эсвэл хэсэгчилсэн тэтгэлэг  үү?

-Дээр дурдсанчлан богино, дунд хугацааны тэтгэлгийг бүрэн санхүүжүүлдэг. Монгол оюутнуудад сар бүр стипент олгодог. Урт хугацааны сургалтуудын тухайд монгол оюутнууд зөвхөн замын зардлыг хувийн зүгээс гаргаж байгаа боловч сургалтын төлбөр, байр, ном, тоног төхөөрөмж, эмнэлгийн зардлыг Энэтхэгийн Засгийн газар хариуцдаг.

-БНЭУ-д суралцах хүсэлтэй монгол оюутнууд эзэмших мэргэжил болон их, дээд сургуулиа өөрсдөө сонгох боломжтой юу?

-Тавих шалгууруудыг хангаж байгаа л бол монгол оюутнууд өөрсдийн сонирхсон чиглэлийн дагуу ICCR-ын тэтгэлэгт сургалтууд, суралцах коллеж, их, дээд сургуулиудаа  сонгон суралцах бүрэн боломжтой.

-Монгол оюутнууд Энэтхэг улсад эдийн засаг, технологи, газрын тос боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр суралцах сонирхолтой байдаг.  Үүн дээр ямар нэгэн бодлого баримталдаг болов уу?

-Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаас гадна олон оюутан хувийн шугамаар IТ, харилцаа холбооны технологи, маркетинг, банкны салбарт ахисан түвшний сургалтад хамрагдаж, боловсрол мэргэжил эзэмшихийг хүсдэг. Яагаад гэвэл Энэтхэгт сургалтын төлбөр, амьжиргааны түвшин барууны орнуудаас хямд байдаг. Энэтхэг улсын Засгийн газар Энэтхэгт боловсрол, мэргэжил эзэмших чиглэлд  нээлттэй бодлого баримталдаг.

-Сүүлийн үед эрэлт ихтэй мэргэжлийн чиглэлүүд өөрчлөгдөж байна. Тиймээс олон улсад эрэлттэй байгаа, Энэтхэг улсад суралцахыг хүсдэг мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө нь дурдсанчлан, Энэтхэгийн IT, шинэ технологи, хиймэл оюун ухаан, фарма /эм, эрүүл мэнд, банк санхүү, менежмент, англи хэлний мэдлэг илүү их эрэлттэй байдаг  учраас  дэлхийн олон орны оюутнууд БНЭУ-д суралцах хүсэлтэй байдаг. Засгийн газрын нэр хүндтэй байгууллагуудаас гадна олон арван хувийн их, дээд сургууль, коллежи нь монгол оюутнуудыг эдгээр чиглэлд боломжийн төлбөртэйгөөр суралцуулж,  өндөр чанартай боловсрол олгоход бэлэн байдаг.

-Монгол оюутнуудын ихэнх нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах сонирхолтой байдаг. Тэтгэлгийн дундаж хэмжээ хэд байдаг бол. Энэ нь өргөдөл гаргаж буй их, дээд сургуулийн сургалтын төлбөрөөс хамаараад өөр байдаг юм болов уу?

-Засгийн газрын ICCR-ын урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж буй оюутан зөвхөн замын зардал буюу онгоцны тийзийн зардлаа өөрөө гаргадаг. Тэтгэлэгт хөтөлбөрт элсэлт, сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтдаг. Өөрөөр хэлбэл,  байр, сургалтын төлбөр, ном, тоног төхөөрөмж, хээрийн аяллын зардлыг Энэтхэгийн Засгийн газар тухайн сургуулиас үл хамааран шууд төлдөг. ITEC-ийн богино болон дунд хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газар бүрэн санхүүжүүлдэг. Монгол оюутнууд Энэтхэг улсад хувийн шугамаар дээд боловсрол эзэмшихээр очсон тохиолдолд сургалтын төлбөр, байрны төлбөрийг гадаад оюутнуудын тарифаар тооцдог.

-Сургалтын төлбөр нь мэргэжил, их сургуулийн онцлогоос хамаараад  өөр байдаг гэж сонссон. Ер нь хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн дундаж үнэ хэд байдаг бол?

-Элчин сайдын яамнаас олгосон оюутны визний мэдээллээс харвал хувийн шугамаар Энэтхэгт суралцаж буй оюутны тоо олон байна.  Энэтхэгийн алдартай, нэр хүндтэй их сургуулиудаас дурдвал Дели их сургууль, Бомбей их сургууль, Техник технологийн Энэтхэгийн институт гээд олон сургуулийг дурдаж болно. Эдгээр байгууллагын сургалтын төлбөр харилцан адилгүй. Жилд дунджаар 5000-10 мянган ам.доллар байдаг. Ихэнх хувийн их, дээд сургууль сурлагын түвшингээс хамааран хангалттай өндөр тэтгэлэг олгодог. Сонгосон мэргэжил, суралцах хугацаанаасаа хамааран энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг.

Мөн танай сониноор дамжуулан 2019 оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулсан боловсролын үзэсгэлэн яармагт Энэтхэгийн дөрвөн  хувийн их, дээд сургууль оролцсон. Үүнд Пунжаб хот дахь Lovely Professional University,  Бангалор дахь Ачаря институт,  Гүжарат дахь Парүл их сүргүүль, Одиша дахь Калинга технологийн дээд сургууль нь монгол оюутнуудад зориулан онцгой тэтгэлэгт хөтөлбөр зарласныг дурдахад таатай байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд Энэтхэгийн Элчин сайдын яамны https://eoi.gov.in/ulaanbaatar/?9221 вэб сайтаас сургалт, үргэлжлэх хугацаа, институтийн мэдээлэл, нарийвчилсан жагсаалт, мэдээллүүдийг харах боломжтой. Мөн манай Элчин сайдын яамны Боловсрол/консулын хэлтсээс тодорхой  мэдээлэл авч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)