Б.ТУУЛ

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй боловсролын салбарт хийж буй зарим ажлуудын талаар ярилцлаа.

 

-Сүүлийн өдрүүдэд боловсролын салбарын олон асуудлыг тусгасан томоохон хэлэлцүүлгүүдийг өрнүүлээд байна. Салбарын яамны зүгээс энэ ажилд ямар үүрэг оролцоотой оролцож байгаа вэ?

-Боловсролын салбарын асуудлыг олон талын өнцгөөс нь харж, гарц гаргалгааг хайж буй томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж буй УИХ-ын гишүүддээ талархаж байгаа. БШУЯ энэ арга хэмжээнд мөн хамтран оролцож байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсролын салбарт дэвшүүлсэн гол зорилт бол “Хүн бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог шинэчлэх”-д чиглэж буй. Энэ хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын агуулга, хөтөлбөрийг Монгол иргэнийг төлөвшүүлэх, ахлах, дээд боловсролын агуулга, хөтөлбөрийг дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэхэд чиглүүлэн сайжруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Боловсролын салбар бол Монгол Улсын иргэн бүрийн оролцоог хангасан салбар. Ясли, хүүхэд харах үйлчилгээ, сургуулийн өмнөх боловсролын асуудал гээд өргөн хүрээг хамарсан онцлогтой салбар. Тиймээс миний хувьд боловсролын салбарын зарим ажлыг засч сайжруулах, асуудлыг шийдвэрлэх, шинэчлэх юмсан гэж бодож байснаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах тухай асуудлыг өргөн хүрээтэй ярьж байна. Энэ чиглэлд салбарын яамнаас ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Манай улсын ЕБС-ийн сургалтын хөтөлбөр бол сайн. Бид сургалтын хөтөлбөрөө 2014-2016 онд үе шаттайгаар шинэчилсэн байдаг. Мөн 2019 онд сайжруулалт хийсэн, дараагийн шинэчлэлийн цикл нь 2024 онд таарч байгаа.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын амжилтыг 2018 оноос хөндлөнгийн үнэлгээгээр үе шаттай үнэлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд энэ сард ЕБС-ийн 70 мянга гаруй хүүхдийг хамруулсан хөндлөнгийн чанарын үнэлгээг хийх гэж байна. Ингэснээр 2018-2019 онд хийсэн үнэлгээний өсөлт, бууралт ажиглагдана. Мөн энэ чанарын үнэлгээн дээр суурилаад цаашид бид юу хийх вэ гэсэн ажлын чиглэлүүдийг илүү тодорхой гаргаж өгнө. Ер нь бол сургалтын хөтөлбөрийг ойр ойрхон өөрчлөх нь сургалтын чанарт бас сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагар ажиглагдсан. Багш нарын ажлын ачаалал, хүүхдүүдийн хичээл хэт их байгаа нь мөн сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Үүнийг цаашид яаж зөв голдиролоор нь хөгжүүлэх вэ гээд бодлогоо тодорхойлоод,  эдгээр ажлаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад батлуулаад, ажиллаад явж байна.

-Боловсролын салбарт олон улсын хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг дэмжиж байгаа ч бас эсэргүүцэж байгаа ч хүн цөөнгүй байна. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Кембрижийн хөтөлбөр бол олон улсад хэрэгжиж буй олон хөтөлбөрийн нэг. Манайхан олон улсын хөтөлбөр гэхээс илүүтэй кембрижийн хөтөлбөр гэдгээр нь илүү ярьж хэвшсэн байдаг.  Энэ ажил бол  манайд анх удаа хийгдэж байгаа ажил биш юм. Кембрижийн хөтөлбөр буюу олон улсын хөтөлбөрийг бид 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын хөтөлбөрийн үр дүн, сургалтад гарч буй ахиц өөрчлөлтийн талаар олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн сургуулийн захиралууд холбогдох мэдээллээ өгөөд явж байгаа. Тиймээс 2021 онд сургуулиудын тоог нэмж өргөжүүлэхээс илүүтэй энэ хөтөлбөрийг яаж өргөжүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.  Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дээрх гурван сургуулийн ололт амжилт, туршилтад гарсан үр дүнг бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх нь зөв юм байна. Ингэхдээ цахим боловсролын тогтолцоог түлхүү ашиглаж явъя гэсэн чиглэлийг барьж ажиллаж байна. Энэ нь дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр болоод сурагчдын үзэх хичээлийн агуулга, чанарыг илүү сайжруулаад явахаас бус сургалтын хөтөлбөртэй харшлах зүйлгүй юм.

-Багш нарын ажлын ачаалал сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?

-Багшийн ажлын ачааллыг бид энэ онд бус хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Өнгөрсөн жил л гэхэд улсын хэмжээнд түүврийн аргаар багш нарыг сонгоод, орон нутгийн багш нарыг нийслэлд хоёр зорилгоор авчирсан. Эхнийх нь 2014-2016 онд батлагдсан ЕБС-ийн сургалтын хөтөлбөр 3-4 жил хэрэгжээд явж байна. Дунд нь бид явцын үнэлгээ, хяналт шинжилгээ хийгээд явж байна. Хэрэгжилтийн хувьд алдаа оноо, засан сайжруулах зүйлс гараад байгаа нь юутай холбоотой байна вэ гэдэг судалгаа мэдээллийг боловсролын шат шатны байгууллага гэхээс илүүтэй багш нараас нь өөрсдөөс нь судалгаа авч, санал хүсэлтийг нь сонссон. Энэ судалгаагаар багш нар үндсэн ажлаасаа гадна хүүхэд олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл, эсээ бичих, ажлын тайлан гаргах зэрэг бичиг цаасны ажлыг жагсаахад 419 төрлийн нэмэлт ажлын жагсаалт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадахгүй байх, бие даалт, гэрийн даалгавар болгон олгож, сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тиймээс бид багш, сурагчдын ачааллыг тодорхой хувиар багасгах, бууруулах зохицуулалтыг хийж ажиллаж байна. Энэ онд мөн энэ ажлыг үргэлжлүүлэн хийгээд явна.

-Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Хуулийн төсөлд ямар саналуудыг тусгаж байгаа вэ?

-2002 онд шинэчлэгдэн батлагдсан Боловсролын тухай хуульд өнөөдрийг хүртэл нийт 26 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Иймд энэ удаа бид хуулийг шинэчлэн батлуулахаар үзэл баримтлалын төслийг боловсруулж байна. Сургуулийн өмнөх боловролын хувьд ясли, цэцэрлэгийн насыг өөрчлөх, хүүхэд харах үйлчилгээнд сургуулийн өмнөх боловсрол асуудлыг тусгах, багшийн тасралтгүй хөгжил, үнэлэмжийн асуудал,  сургалтын чанар, их дээд сургуулиудын эрэмбэ, судалгаа шинжилгээний ажил, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, хуваарилалт зэрэг эрх зүйн хувьд зохицуулах  асуудал их байгаа. Тиймээс энэ сарын 17-ноос эхлээд Боловсролын багц хуулийн шинэчлэлий хүрээнд БШУЯ-наас 21 аймагт баг  очиж, одоо хэрэгжиж буй концевцийг танилцуулаад багш нэг бүрээс, эцэг эхчүүдээс санал авах гэж байна. Саналаа бид гурван янзаар авна. Цаасаар, цахимаар, аймаг бүрт хийх уулзалт ярилцлагаар дамжуулан авна. Ирээд нийслэлийн есөн дүүрэгт дээрх уулзалт хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)