Б.НАМУУНТАМИР

“Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо” -ноос Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн шинэ үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. “Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо”-ны захирал Д.Эрдэнэцогт “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт 900 ширхэг автобус 500 мянган зорчигчдод үйлчилж байгаа бол 300 мянган автомашинаар 700 мянган хүн зорчиж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулснаар түгжрэл буюу автомашины хэт хэрэглээ буурах боломжтой юм.

Хамгийн чухал нь иргэдийн шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгох хэрэгтэй. Тухайлбал, автобус нь хурдан байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэлэн. Түгжрэлийн улмаас жилд зөвхөн түлшинд 55 тэрбум, жилийн 22 хоногийг зам дээр өнгөрөөж байна. Тэдний зүгээс гурвдан шинэ үйлчилгээг танилцуулж байгаа юм. Үүнд, Нэгдүгээрт, хоёр зогсоолт буухиа автобус. Энэ нь том, том хорооллуудаас шууд хотын төвд буюу их тойруу, бага тойрууд дөхүүлж өгөөд буцах автобус юм. Хотын төвийн түгжрэлд оролгүй буцаж эргэнэ гэсэн үг. Өглөөний нэг урсгалд түгжрэл үүсдэг учраас зарим зам дээр эсрэг урсгалийн нэг эгнээгээр буухиа автобус явах боломжийг бий болгож эцсийн зогсоолыг зөв тооцсоноор энэхүү автобус хурдан эргэлттэй болно. Жишээ нь, чиглэл нь Зайсан-Баянгол зочид буудал, Хүннү молл- Баянгол зочид буудал, Ривер Гарден-Шангрила, Home plaza-Шангрила, Содон хороолол-Баруун дөрвөн зам, 7 буудал-Урлан бүтээх төв, Шархад-ШУТИС, Дарь эх-ШУТИС гэх мэт. Хоёрдугаарт, таксиг орлох хурдан тойрдог мини бус үйлчилгээ. Улаанбаатар хотын бага тойрог, их тойрог замууд болон албан байгууллагуудын байршлыг зөв тооцоолж такси хамгийн их явдаг замуудаар мини бус явуулж хүн нь дүүрэхээр том, том хороолол руу шууд явна. Өөрөөр хэлбэл, том 18-20 хүний суудалтай такси гэсэн үг. Гараа өргөөд сууж болно. Тухайлбал, Нисэх яармагаас Сонсголон, Ривер гарден, Цэцэрлэгт хүрээлэн, Зайсан, Шархад 15-Ботаник, Чингэлтэй 5 буудал, Хайлааст гэх мэт. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр 30 мянган хувиараа такси эрхлэгчдийн тоог 10 мянга болгож бууруулах боломжтой. Гуравдугаарт, ухаалаг системд суурилсан том, дунд, жижиг автобусны үйлчилгээ. Ухаалаг аппликейшны тусламжтайгаар урьдчилсан тасалбар авч тусгай чиглэлийн автобусанд захиалга өгч болдог программ юм. Жишээлбэл, маргааш өглөө нисэх буудал явах хүмүүс аппликейшнээрээ орж тасалбар аваад өөрт ойрхон автобусны буудлаас суух боломжтой. Драгон, Вокзал, Цэцэрлэгт хүрээлэн, Нарантуул, Техникийн зах болон иргэдийн урсгал нэмэгддэг худалдаа үйлчилгээний төвүүд рүү шууд хүргэх буухиа автобус юм. Нэг ёсондоо онгоц, вагонд суух хүмүүст үйлчлэх жижиг машинуудыг орлох үйлчилгээ гэж ойлгож болно.

Онгоцонд суухын тулд 200 хүн 200 автомашинаар хүргүүлдэг байдлыг бууруулна гэж үзэж байгаа юм байна. “Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо”-ны гишүүн А.Нямгомбо “Манай дэвшүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээнүүдийг Нийслэлийн зорчигч нарт хэвшүүлж чадвал иргэд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийг сонгон үйлчлүүлнэ. Нийслэл 1.5 сая хүн амтай, төв цэгээсээ долоон км-ийн алслалтай том биш хот. "Автобусны шугаман зогсоолыг бий болгосноор автобусны буудал дээр байгаа зорчигчид ямар автобус хүлээж байгааг урьдчилан мэдэж болох ба жолооч зогсох үгүйгээ урьдчилан шийдвэрлэх, цаашлаад хотын соёл болох зорчигчид автобусанд дугаарлаж ордог соёл бий болно. Ингэснээр автобусанд суух, буух хурд нэмэгдэнэ” гэдгийг онцолж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn