“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

0
хуваалцах
213
үзсэн

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Хуралдаанд  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх оролцож, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандсан юм. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төвсийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой

 

-“Оюутолгой” компа­ни­тай байгуулсан, шударга бус гэрээг эргэн харж, сайжруулах ажлыг яаравчлах хэрэгтэй.  Өнөөдөр төсвийн орлого, зарлага тэнцэх ёстой. Бид дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталсан.  Энэ нь хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг. Төсвийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялгийг зарж байна.  Тэгсэн атлаа АМНАТ-т Оюутолгой тав, Эрдэнэт 16 хувийг төлж  байна. Энэ мэт засах зүйл их байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой. 49 хувь хаана яваа вэ.  УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлд 49 хувийг яаралтай эргүүлэн авна гэж заасан. Та бүхэн 49 хувийг эзэмшигчидтэй маргалдаад яваа сураг байна. Төлсөн олон сая ам.доллараа буцаан авсан уу.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Оюутолгой”  компанитай  хэлэлцээ хийж байна

 

-УИХ-аас­ өгсөн чиг­лэ­лийн дагуу бид “Оюутолгой” компанитай  хэлэлцээ хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авсан. Цаашид тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна. Засгийн газар 49 хувийг эзэмшигчидтэй тохирох гэж байна гэсэн мэдээлэл  үндэслэлгүй. Ийм зүйл байхгүй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хуулийн байгууллагууд шилжүүлэн авсан.        

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Арбитрын шүүхэд байр сууриа хамгаална

 

-Бид “Рио Тинто”  ком­панийн өмнөх удирд­ла­гуудтай 11 асууд­лаар хэлэлцээ хийж байсан.  Гэвч тус компанийн удирдлагууд өөрчлөгдсөнийг та бүхэн мэднэ. Удирдлагууд нь солигдох үйл явц ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм билээ. Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна.   Бид арбитрын шүүхэд байр сууриа хамгаална. Мөн Европын холбооны шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Учир нь  мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай. Дүгнэлтэд хүрэхэд хагас жил шаардлагатай. Засгийн газрыг төлөөлөн Оюутолгойн ТУЗ-д багтах гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах зар тавихад 47 өргөдөл хүлээн авсан. Тэдний нэг нь далд уурхайн, нэг нь санхүүгийн, үлдсэн нэг нь олон нийттэй харилцах мэргэжилтэн байх юм. Цаашид “Эрдэнэс Оюутолгой” компанийн чадавхийг сайжруулна. Олон улсын санхүүгийн шинжээчид, уул уурхай, геологийн баг энэ компанид ирж ажиллана. Эрчим хүчний эх үүсвэрийг асуудлаа цэгцлэх шатанд орсон. Мөн “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” рүү албан бичиг явуулсан. Оюутолгойн хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн юм.

 

“Рио Тинто” компанийн удирдлагуудыг  АНУ-ын шүүх яллагдагчаар татжээ

 

Засгийн газраас Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар парламентад байр сууриа илэрхийлэхтэй зэрэгцэн  АНУ-ын Нью-Йорк хотын шүүх “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн удирдлагуудыг яллагдагчаар татсан мэдээлэл мөн өнгөрсөн баасан гаригт цацагдаж эхлэв. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат нарыг АНУ-ын Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр тус улсын Холбооны үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт хариуцагчаар татаад байна. Антони Франчи нь 2019 онд “Turquoise Hill Resources” компанийн 167 ам.долларын үнэ бүхий  хувьцааг худалдан авсан бөгөөд “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани нь 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, үнийг нь зохиомлоор өсгөсөн хувьцаа зарсан гэж гомдолдоо дурджээ.  Ийнхүү байгуулагдсан цагаасаа эхлэн маргаан дагуулж буй “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудал олон улсад шалгагдаж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.19 ДАВАА № 201 (6426)