С.САРУУЛ

Тайландын нийслэл Бангкокт эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон учраас тус улсын Засгийн газар онц байдал зарлажээ. Байгуулагдаад удаагүй ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь иргэдийн  бухимдлыг улам дэвэргэсэн байна. Онц байдал зарлах тухай мэдэгдэлд “Бангкокт олон бүлэг хүмүүс олон нийтийг турхирч, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн энх тайван байдлыг эвдэж байгаа учир онц байдлын дэглэм тогтоож дэг журмыг сахиулахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн дурджээ.Онц байдал зарласантай холбоотойгоор дөрөв ба түүнээс дээш хүн нэг дор цугларах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээллийг зориудаар мушгин гуйвуулж, ард иргэдийг айдаст автуулсан, үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлөхүйц мэдээ мэдээллийн хэвлэн нийтлэхийг хориглоод байгаа юм байна. Жагсагчид хааны эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцрохыг уриалж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод болсон жагсаал цуглаан сүүлийн хэдэн жилийн хугацаанд болж байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган жагсагчид эрх баригчдыг улс эх орондоо өөрчлөлт хийхийг шаардав. Бямба гаригт болсон жагсаалд 18 мянган хүн оролцсоныг BBC онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn