С.УЯНГА

 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэлтэй ярилцлаа.

 

-ХЭҮК даргагүй болоод нэлээд удлаа. Энэ хугацаанд хэрхэн ажиллав? 

-Хүний эрхийн үндэсний комисс бол Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, хараат бус, бие даасан байгууллага. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сард шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор комиссын гишүүдийн тоог тав болгож нэмсэн. Энэ хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан гишүүн, ажлын албатай байхаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Комиссын шинэ гишүүдийн томилгоо намрын чуулганаар батлагдах хүлээлттэй байгаа.

Одоогийн байдлаар Комисс хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй. Хуульд заасны дагуу хамгийн олон жил ажилласан буюу П.Оюунчимэг гишүүн даргын үүргийг орлон гүйцэтгэж байна. Комисс үйл ажиллагаагаа хуульд заасан бүрэн эрхийн дагуу тасралтгүй явуулж байна. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн цөөнгүй асуудал хөндөгдлөө. ХЭҮК цар тахлын хор аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажиллаж байна. Энэ хүрээнд бидний гол анхаарлаа хандуулсан зүйл бол эрх чөлөө нь хязгаарлагдсан буюу хорих, асрах, хамгаалах байруудын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж НҮБ болон бусад газруудтай мэдээллээ хуваалцлаа. ХЭҮК төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхижүүлж байна. Цагдаагийн алба хаагчидтай хамтраад химийн хорт, тэсэрч дэлбэрэх бодис, гэр бүлийн хүчирхийлэл, хамгаалах байрны хүрэлцээ, хөдөлмөрлөх эрхийн талаар  таван төрлийн ажил хийж байна. ЦЕГ-тай хамтарч “Хариуцлагатай алба хаагч” соён гэгээрүүлэх аяныг хоёр сарын хугацаанд өрнүүллээ. Цагдаагийн алба хаагчид хууль сахиулахдаа хүний эрхийн мэдрэмжтэй, хүндэтгэлтэй харилцах зан суртахууны зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарлаа. ЦЕГ-ын харьяа анги, нэгжүүдэд хүний эрхийн сургагч багшийг бэлтгээд дөрвөн жил болж байна. Химийн аюултай хорт бодисын хадгалалт тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгасан. Үүнтэй холбоотойгоор комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг баруун аймгууд руу яваад ирлээ.

-Сонгуулийн санал авах байр тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй байж чаддаггүй. Энэ жилийн туайд ХЭҮК хяналт шалгалт хийсэн байх? 

-УИХ, орон нутгийн сонгуультай холбоотойгоор хоёр чиглэлээр мониторинг хийсний нэг нь сонгуулийн санал авах байрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлж чадаж байгаа эсэх юм. УИХ-ын сонгуультай холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн 59 санал авах байр, орон нутгийн 93 буюу нийт 152 санал байрны бэлтгэл, зохион байгуулалтыг шалгаж дүн шинжилгээ хийсэн. Комисс зургаан ажлын хэсэг гаргаж зургадугаар сарын 17-22-ны хооронд ажиллаж шалгалтын дүн санал зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн.

Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй бүхээгийг тусгайлан бэлтгэх ёстой. Энэ байдал туйлын хангалтгүй. Тухайлбал, нэгтгэсэн дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүхээгийг 49 санал авах байранд бэлтгэсэн. 103-т нь байршуулаагүй. Зарим тохиолдолд энэ талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй.Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй буюу налуу замтай байх ёстой. Санал авах байрны 16 нь цэцэрлэг, 32 нь сургууль, 32 нь сум, баг дүүргийн хорооны байранд байрласан. Үлдсэн 50 нь бусад барилга байгууламжид байсан. Дүүрэг, хороодын тамгын газар болон сургууль, цэцэрлэгийн хоёр, гуравдугаар давхрын танхимууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй. Дүүрэг, хорооны байр ихэвчлэн подвольдоо иргэний танхимууд байрладаг учраас хөгжлийн бэрхшээлтэй,  тэргэнцэртэй иргэн бусдын тусламжийг авахгүйгээр санал өгөх боломжгүй. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд тэргэнцэртэй хүмүүсийг өргөж оруулахаар төлөвлөсөн гэж хэлдэг. Нэг дэвшилттэй нь шинээр ашиглалтад орсон сургуулийн байр харьцангуй налуу замтай болсон.

-Баррель үсэгтэй саналын хуудасны хүрэлцээ хэр байсан бэ?

-Сонгуулийн хуульд харааны бэрхшээлтэй сонгогч санал өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, тэмдэглэх тусгай зориулалтын баррель үсэгтэй саналын хуудсыг хэвлэнэ гэж заасан. Санал авах байр болгонд байх ёстой. ХЭҮК-ын шалгалт хийсэн хугацаанд санал авах байрны тал хувьд нь баррель үсэгтэй саналын хуудастай байсан. Зарим нь хараахан хүлээж аваагүй байна гэсэн тайлбар хэлсэн.

-Орон нутгийн сонгуулийг угтаж санал авах байрны нөхцөл байдлыг шалгасан уу?

-Манай байгууллагаас заавар зөвлөмж гаргаж Сонгуулийн ерөнхий хороод өгсөн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хийж, анхаарч буйгаа хэлсэн. Хамгийн гол шийдэгдэхгүй байгаа асуудал нь санал авах байруудын хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ асуудлыг тухайн орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэх ёстой гэдэг ч ямар нэг байдлаар хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөн гэсэн хариу тайлбар ирээгүй байна. Орон нутгийн сонгуулийн өмнө дахиад Сонгуулийн ерөнхий хороотой уулзаж ахиц дэвшлийн талаар ярилцана.

-Санал авах байрны нөхцөл байдал 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хэр өөрчлөгдсөн бэ. Ер нь гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

-ХЭҮК 2008 оноос хойш сонгуулийн жил бүр санал авах байранд хяналт шалгалт хийж ирсэн. 2016 онд санал авах байр хэлбэрээр ашиглаж байсан сургуулиуд зөөврийн модон тавцангуудыг байршуулсан нь үр дүнтэй байсан. Түүнээс хойш  модон тавцангаа хадгалж ашиглаж байгаа зүйл алга. Хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй байсан хэвээрээ байгаа.

Гарц шийдэл бол тодорхой. Санал авах байрууд хороо, дүүргийн тамгын газрын байр, сургууль, цэцэрлэг гээд ихэвчлэн төрийн өмчийн барилга байгууламжууд байдаг. Тиймээс анхнаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчны хүртээмжийн стандартыг баримталж барилга байгууламжаа барих хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яам техникийн шийдлийг тодорхойлж хяналт, хариуцлагаа үр дүнтэй хийх ёстой. 

-Баруун аймгуудад хүний эрхтэй холбоотой ямар зөрчил байв. Ажлын үр дүн ямар байна вэ?

-Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг баруун аймгууд руу яваад ирлээ. Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймагт ажиллахдаа химийн аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлтийг шалгаж зохих арга хэмжээг газар нь авч заавар зөвлөмж, сургалт өгсөн. Сургууль, эмнэлэгүүдээс гадна бусад судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахдаа хугацаа дууссан, үлдсэн бодисуудаа хаана хадгалж, хамгаалах вэ гэдэг үндэсний хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Үүнд анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа учраас эрх бүхий байгууллагууд хамтарсан төлөвлөгөө боловсруулж бодлогын түвшинд ажиллаж эхэлж байна. Баруун аймгийн томилолтын хүрээнд төрийн байгууллагуудад жендерийн тэгш байдлыг хангах хяналт хийхэд хууль журам бүрэн хэрэгжихгүй байгаа тохиолдол олон байна. Ажлын байрны дарамт, жендерийн ялгаварлан гадуурхалтыг зогсооход байгууллага бүрт жендер хариуцсан тусдаа ажилтан байх ёстой.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарч томоохон ажлуудыг санаачилсан. ХЭҮК Монгол Улсын Засгийн газарт бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх саналыг удаа дараа тавьж ирсэн. Энэ дагуу Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг байгуулж бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний төлөвлөгөө боловсруулж байгаа. Өнгөрсөн сард НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтраад олон улсын экспертүүдийг цахимаар оролцуулж үндэсний хэмжээний томоохон сургалтыг зохион байгууллаа. Скайтел групптай хамтраад хүний эрхийн нарийн асуудлыг хөндөж харуулсан дотоод, гадаадын шилдэг кинонуудыг хүний эрхийн боловсрол тусгай цэсэнд байршуулж байна. Цаашид дохионы хэлтэй болгох  зэргээр мэдээлэл сурталчилгааны олон хэлбэрээр баяжуулна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.9 БААСАН № 196 (6421)