Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаагийн “Залуус” буландаа керамик урлаач Ч.Золжаргалыг онцолсон юм.

Ч.Золжаргал 2008 онд Соёл, урлагийн их сургуулийг керамикч мэргэжлээр төгссөн байна. Керамик урлал гэдэг нь шавраар бүтээгдэхүүн урлахыг хэлдэг. Жижиг баримал, бэлэг дурсгал, ваар сав, уран барилгын чимэглэл, шаазан сав суулга урлал гэж хэд хэдэн ангилалтай байдаг. Ч.Золжаргал зурах дуртай хүүхэд байжээ. Зураач болохоор сургуульдаа очсон ч керамикийн анги байдгийг мэдээд сонгон суралцсан байна. Хүмүүс керамикийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэд ихэвчлэн хүрдэндээр суугаад ваар эсвэл шаазан эдлэл хийдэг гэж боддог. Гэвч энэ бол буруу ойлголт юм. Керамик нь материалаасаа эхлээд тоног төхөөрөмж хэрэглээнийхээ бусад урлалтай харьцуулахад хүнд байдаг байна. Мөн технологи талаасаа тухайн урлаачаас туршлага их шаарддаг ажээ. Керамикаар бүтээл хийхийн тулд эхлээд тухайн уран бүтээлч ямар уран бүтээл хийх вэ гэдэг санаагаа олох хэрэгтэй гэв. Дараа нь бүтээлээ богино хугацаанд хийдэг аж. Шавар хурдан хатдаг тул тухайн барьцалдах үйл явцаас нь өмнө бүтээлийнхээ гүйцэтгэлийг хийдэг байна. Бүтээлийн их биеэ гаргаад дараа нь хатах явцаа хараад түүний дараа пааланддаг байна. Ч.Золжаргал баримал хийх дуртай. Эмэгтэй хүн болохоор энэ төрлийн бүтээлийг илүү чамин хийдэг байна. Сүүлийн жилүүдэд тэрээр хүрдэн дээрээ аяга, ваар түлхүү хийж байгаа гэсэн. Гэхдээ уран бүтээлч хүн хэзээ ч нэг чигт баригдаж уран бүтээлээ туурвих ёсгүй гэж хэлсэн юм. Ч.Золжаргал “Шавар миний хувьд амьтай санагддаг. Өөрөө байгалийн материал. Ямар ч хаягдалгүй байдгаараа онцлог. Шавраар бүтээл хийхэд хүн илүү төвлөрч дотоод сэтгэл рүүгээ өнгийдөг юм шиг санагддаг. Сүүлийн үед сэтгэл судлаачид ч гэсэн хүмүүст керамикаар хичээллэхийг их зөвлөдөг болж. Үүгээр дамжуулж тухайн хүнд өөрийгөө харах боломжийг нээж байгаа хэрэг. Мөн тухайн хүн өөрийн хийсэн бүтээлээ харж урам авдаг гэж байлаа. Хүн керамикаас үргэлж суралцаж байдаг. Би ч гэсэн байнга суралцдаг. Нэг бүтээл хийхдээ нэг зүйлийг шинээр мэдэж авдаг. Энэ бол уран бүтээлч хүний хувьсах чадвар байх гэж боддог” гэсэн юм. Мөн Ч.Золжаргал өөрийн урландаа бяцхан сургалт явуулдаг. Энэ сургалтад ямар ч насныхан хамрагдах боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.7 ЛХАГВА № 194 (6419)