Н.САРАНГЭРЭЛ

“Анна Каренина” тайзнаа амилах сураг уг нь хоёр жилийн өмнөөс дуулдсан. Энэ сургийг ажил хэрэг болгох хариуцлагатай албыг найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар зориглон барьж авчээ.  Гэвч дэлхий даяар дэгдсэн цар тахлаас болоод үзэгчид монгол Аннаг хүлээх хэрэгтэй болсон.

Цар тахлын хөл хорионы ид үе хоёрдугаар сарын эхээр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай уулзаж, “Анна Каренина”-гийн талаар урт яриа өрнүүлсэн юм. Хаа сайгүй COVID-19-ийн анхааруулга, сануулга өлгөсөн нам гүм театрт ерөнхий найруулагч ажлын өрөөндөө, ширээн дээрх олон жижигхэн цаасаа нааш цааш болгож бодолхийлэх. Хөндлөнгөөс нь харахад дараагийн нүүдлээ хийх гэж буй шатарчин шиг. 

 

-Найруулагчийн сонголтоос яриагаа эхэлмээр байна. Тодруулбал, яагаад заавал “Анна Каренина” гэж?

-Л.Н.Толстойн “Анна Каренина” бол дэлхийн уран зохиолын ноён оргилын нэг төдийгүй хүний амьдралын нэвтэрхий толь юм. Яагаад сонгов гэж үү. Нэгдүгээрт, өөрийнхөө чадлыг үзэж байгаа юм. Оросын өөрийгөө сайн гэж боддог найруулагч нарын дийлэнх нь Л.Н.Толстойн ”Анна Каренина”-г барьж авна гэдэг галаар наадахтай адил гэж ярьдаг. Хоёрдугаарт, театрынхаа чадлыг харуулах гэсэн юм.  Улсын драмын эрдмийн театр бол дэлхийн том зохиолтой “барилдаж” байж  академик шинж чанараа хадгалах ёстой.

-Галаар наадахаар зориглосон шалтгаан зөвхөн өөрийгөө, эсвэл театраа харуулах гэсэн төдий биш байх. Энэ зохиолоос таны олж харсан нэг биш зүйл байгаа болов уу гэж бодох юм?

-Л.Н.Толстойн философи манай буддизмтай их ойрхон нь миний сэтгэлийг татсан. Ертөнцөд дөрвөн төрлийн хүн байна. Харанхуйгаас харанхуй руу, гэрлээс харанхуй руу, харанхуйгаас гэрэл рүү, гэрлээс гэрэл рүү гүйж яваа хүмүүсээс хамгийн аюултай нь гэрлээс харанхуй руу тэмүүлж буй хэсэг. Энэ жүжгээр харуулах гээд байгаа нь чухам аль бүлэгт нь хамаарах вэ гэдгийг бодсон.

-Аль нь юм бэ?

-Түүнийг л харин үзэгчид тунгаах учиртай. Жүжгийн дараа тухайн үзэгчид өөрийгөө хаашаа явж байгааг бодуулах нь миний үүрэг. Би өөрөө хэлэхгүй, хүмүүс үзээд ойлгоно. Найруулагч бол хүмүүсийн олж хараагүйг олж хардгаараа бусдаас ялгаатай. Л.Н.Толстойн “Анна Каренина” гэдэг зохиолоос Наранбаатар юу олж харсныг, бусдын хэчнээн уншаад ч олж харахгүй зүйлүүдийг энэ жүжигт хэр ихийг харуулж чадав гэдгийг үзэгч тунгаах ёстой юм. Би зүгээр л амлая. Өмнө нь ямар ч найруулагчаас гараагүй шийдлүүд миний жүжигт бий.  Жишээ нь, “Анна”-д би төгсгөлийн үг нэмсэн. “Хойтын тавилан гэж байдаг бол намайгаа чи минь таниарай. Хожмын учралд гунихарч хоёулаа дахиж зовохгүй юм шүү” гэж Анна хэлж буйгаар.

-Ардын жүжигчин Н.Сувдыг Аннад тоглуулна гэхэд олон хүн гайхсан. Энэ найруулагчийн онцгой шийдлүүдийн нэг байж таарах нь.

-Анх маркетингийн-хандаа Сувд гуай тоглоно гэж хэлэхэд тэд гайхсан. Тэгсэн фэйсбүүкт нэг хүн “Наранбаатараа юм уншаач. Анна чинь 27-той. Сувд 70 гарсан хүн. Чамд ямар ухаан байна аа” гэсэн байсан. Уг нь дүгнэлт хийхээсээ өмнө Сувд гуай ямар Анна болсныг ирээд үзэх хэрэгтэй л дээ.  Хамгийн наад зах нь хэрэв Анна үхээгүй бол гэж та өөртөө асуулт тавьж үзэх хэрэгтэй. Тэр хүн галт тэрэгний доогуур орсон уу. Ер нь Л.Н.Толстой л тэгсэн болохоос Наранбаатар оруулахгүй ч байж болно. Л.Н.Толстойн зохиолоос юуг нь шүүрч аваад өөрийнхөө оюун ухаанаар дамжуулж үзэгчдэд хүргэж байна вэ гэдэг нь сонин болохоос Л.Н.Толстойг хэн ч ойлгохгүй.

-Толстойг ойлгохын тулд хэр их судалгаа хийсэн бэ?

-Их уншсан. Түүнээс гадна өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Толстойн амьдарч байсан Тула мужийн Ясная поляна дахь эдлэнд нь очоод ирсэн. Надад тэнд очих нь чухал байсан. Юуг яаж хийх ёстой вэ гэдэг мэдрэмжийг авах итгэлтэй очсон. Тэрийгээ ч авсан.

Толстойн хөрш анчин нөхөртэй, грузин царайтай сайхан хүүхэн байсан юм билээ. Тэр бүсгүй нөхөр нь хуурсныг мэдээд хамаг юмаа аваад гэрээсээ явчихаж. Гурав хоног хайсны эцэст тосгоны ойрхон тавьсан төмөр зам дээр ачааны галт тэргэнд дайруулж амиа алдсан байхыг олсон гэдэг. Толстой галт тэргэнд дайруулсан тэр аймшигтай дүр зургаас бүсгүйн гоо сайхныг илүүтэй биширснээ бичсэн байдаг юм. Тэр Аннаг тэндээс олсон байх. Дээр нь өөрийнх нь амьдралыг үзэх үзэл нөлөөлсөн гэж судлаачид үздэг юм. Толстойн амьдралд олон бүсгүй байсан. 34 настайдаа 18-тай Софья Андреевнатай гэрлэж 13 хүүхэдтэй болсон. Өтөл болсон хойноо дурлалаас болж нуур руу үсрэх гэж байсан, эцэст нь 48 жил ханилсан Софьягаасаа салж, галт тэрэгний буудал дээр  амьсгал хураасан гээд амьдрал нь ч сонин.

Романд гардаг Константин Левинийг судлаачид Толстой өөрийгөө бичсэн гэдэг юм.  Гэтэл Толстойн амьдрал Левинийхээс огт өөр. Тэгэхээр яг өөрийгөө биш ч дотоод сэтгэлдээ байгаа хүсэмжит өөрийгөө тэр дүрээр илэрхийлсэн гэж үздэг. Энэ мэт олон зүйлийг ярьж болно л доо.

-Анна бол хайр дурлалын золиос гэж үздэг хүн олон. Та тэдэнтэй санал нийлдэг үү. Таны Анна дурлалын золиос уу?

-Зүрхэнд үрчлээ суудаггүй гэдэг биз дээ. Хүн мөнхөд дурлах сэтгэлтэй байдаг. Гэхдээ ихэнх хүн дурлалын талаар худлаа ярьдаг. Дурласан, дурлаж байна, миний анхны хайр, миний хайрт эхнэр, миний хань гэж худлаа дүр үзүүлдэг. Жинхэнэ дурлалын талаар  ерөөсөө мэддэггүй. Жинхэнэ дурлалыг амталсан хүн азтай, тэр нь  богинохон байсан ч хамаагүй. Жинхэнэ дурлал хатуу, дандаа эрсдэл дагуулдаг. Тэр эрсдэл нь үхэл ч байж болно гэдгийг Аннагаар харуулсан гэж би ойлгодог.

Нэг үгээр Толстойн “Анна  Каренина” бол ерөөсөө л үйлийн үрийн тухай юм. Хүмүүс янз бүрээр л дүгнэдэг. Анна бол үзэн ядмаар хүүхэн, гэр бүлээсээ урвасан, ариун тангарагаасаа няцсан гэж байхад өөр нэг нь дурлавал Анна шиг л дурлах хэрэгтэй, Анна хөгшин хүнтэй... гээд  л зөндөө шүүмж дагуулдаг. Гэхдээ л үйлийн үрийн гортигноос хэзээ ч гараагүй. Толстойгоос миний олж харсан Буддын философийн нэг нь энэ. 

-Буддын философийг өрнийн соёлоор уу...?

-Бидэнд тухайн зохиол дахь өрнийн соёл, сэтгэхүй сонин биш. Тэр бүгдийг хөрсжүүлэх ёстой юм. Манайхан гадны бүтээлээр юм хийхдээ  сэтгэхүйг  нь чухалчлахыг орхиод байх шиг санагддаг.Өнөөдөр манайд үзэл суртал хэрэгтэй болчихсон, бүр хатуу байх хэрэгтэй. Тэгэхгүй бол монголчуудын тархи хөөсрөөд атираанууд нь алга болоод  бүр нэг тийм хавантсан тархитай болчихож.

-Наранбаатарын найруулсан монгол  Анна Оросын тайзнаа “амилсан” олон Аннагаас чухам үүгээрээ л өөр байна гэсэн тодорхой шугам барьсан уу?

-“Анна Каренина”-г Оросын театруудад тавьсан. Гэхдээ тийм ч олон биш. Хамгийн  хүчтэй найруулагчид л барьж авсан байдаг юм.  Өнгөрсөн жил Москвад “Анна Каренина”-г мюзиклээр  тавьсныг үзсэн. Гэхдээ эхний нэг үзэгдлээс нь хэтрээгүй, сонин санагдаагүй юм. Миний 2009 онд хийж байсан “Парисийн дарь эхийн сүм”-ийн форматтай адилхан байсан.

Ер нь Оросын томчуудаас анх энэ романыг театрын бүтээл болгосон нь алдарт  В.И.Немировичем-Данченко. Бүр 1937 онд тавьж байсан. Ер нь бол тун цөөн хүн барьж авсан байдаг юм. Өөр улс оронд ч тэр. Гэхдээ заавал  хийх ёстой, ямар нэгэн байдлаар уран бүтээлчид сорилт хийх ёстой зохиол гэж би боддог.

Миний хувьд бүсгүй хүнийг эр хүн урладаг гэж нэг бодол байдаг юм. Анна бол хоёр зураачийн гараар орсон бүтээл. Анхны зураач нь Алексей Каренин. Нас нь явчихсан, хуруу гар нь мойног, авьяасгүй болхидуу зураач. Түүний урласан Анна гэрээсээ гарахгүй, хөгшчүүлтэй даалуу тоглоно, уйтгартай, наргиан цэнгээн үдэшлэгт бараг очихгүй, үүнийгээ өөрийнхөө амьдрал  гээд ойлгочихсон бүсгүй.

Гэтэл санамсаргүй Москвад ирээд хоёр дахь зураач Алексей Вронскийтэй таарч амьдралыг огт өөрөөр хардаг болж улмаар өмнөх Аннатай зөрчилдөж эхэлнэ. Зөрчил нь яг үнэндээ тухайн нийгмийн амьдрал шүү дээ.

-Толстойн энэ зохиол таны хувьд яг юуны тухай юм бэ. Зарим нь хайр сэтгэлийн тухай, зарим нь үхлийн тухай гээд янз бүрээр бичдэг.

-Би түрүүн хэлсэн дээ, үйлийн үрийн тухай гэж. Үйлийн үрийн тойргоос гардаггүй, нэгэн цагт жаргалтай юм шиг байж болох ч эцэст нь ямар нэг хэмжээгээр төлөөсийг нь заавал төлдөг. Энэ зохиолыг судлаачид гэлтгүй, уншсан хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Эмэгтэй хүний эрх, жендэрийн тухай гэж их бичсэн байдаг юм билээ.  Гэхдээ би тэдний яриад байгаа жендэрийг нөгөө талаас нь хардаг. Зохиолд  “Яагаад хоёр нөхөртэй болж болохгүй юм бэ” гэж бий. Манай эрчүүд хоёр эхнэртэй байх хуулийн тухай ярьдаг биз дээ. Гэтэл хуульгүй ч гэлээ хоёр байтугай гурван эхнэртэй ч хүн зөндөө байна. Тэгвэл Толстой эмэгтэй хүн яагаад хоёр нөхөртэй байж болохгүй гэж хэмээн цухалдаж. Гэхдээ яг тэрийг нь манайхан олж харж байна уу гэдэг их чухал.  Би тэрийг нь тод гаргахыг хүссэн. Тиймээс “Яагаад хоёр нөхөртэй байж болохгүй гэж. Миний хүү намайг хоёр нөхөртэй гэж мэдэх юм бол үзэн ядна. Гэхдээ тэр насанд хүрсэн хойноо бүгдийг ойлгоно” гэсэн үгийг зохиолд оруулсан.

Энэ үхлийн тухай зохиол уу гэвэл тэр өнцгөөс харж болно. Гэхдээ миний хувьд энэ тийм биш. Үхэл бол шилжилт юм. Оюун санаа нь ядарч туйлдсан биеийг хаяад дараагийн шинэ организмд орох процесс.

Хайр сэтгэлийн тухай юу гэвэл бас л байж болно. Энэ амьдралын философи уу гэвэл мөн. Гэхдээ Наранбаатар энэ бол үйлийн үрийн тухай зохиол юмаа гэж үзсэн байх жишээтэй. Тэгээд би Анна гэж хэн бэ гэвэл ганцхан асуултанд л хариулах гээд байгаа юм. Анна бол ертөмцийн /ертөнцийн биш шүү/  эмэгтэйчүүдийн хүсэл юм. Дотоод хүслийг нь ил гаргасан зоригт Жанна де Арк  бол Анна.

-Та зохиолын гол зөрчлийг яаж харж байгаа вэ?

-Зохиол бол үндсэн ганцхан  л зөрчилтэй. Тархи, зүрхний л зөрчил. Өөр юу ч биш.  Гэхдээ үүнийг олж харах их хэцүү.

-Тэр зөрчлийг харуулах амархан биш байх?

-Дорнынхон зүрхээ дагадаг. Тэд уйлж ухаардаг сэтгэл хөдлөлийг илүүд үздэг бол европчууд тархи, ухааныг чухалчилдаг. “Анна”-г тавьж байгаа шалтгаан нь бид  өөрийн амьдралаас илүү бусдын амьдралд их  дурладаг, хүний мууг үзэх сонирхол ихтэй өөрөөр хэлбэл, айлын тооноор харж байгаатай адилхан болчихсон. Толстойн зохиолын  гол афоризм нь бусдын тухай үргэлж боддог хэрнээ өөрийгөө өөрчлөх тухай яагаад боддоггүй юм бэ гэдэг санаа.

Та Толстойг монгол гаралтай гэдгийг сонссон уу. Түүний хэлсэн нэг үг бий. Амьдралынхаа эцэст гэрээсээ явахдаа “Би наран мандах зүг рүү охиноо дагуулаад явлаа” гэж. Наран мандах зүг гэдэг нь Монголыг хэлсэн байх. Чухам энэ нь түүний зохиолуудаас Буддын философи болон үйлийн үрийн тухай санаа их гардагтай холбоотой байж болох юм.

-“Анна Каренина” эмгэнэлт жүжиг үү?

-“Анна” бол эмгэнэлт жүжиг. Гэхдээ би сэтгэхүйн драм гэж харж байгаа. Энэ бол зүгээр үзэх зохиол биш. Үзэгч, жүжигчин хоёрын дунд долгион үүсч хоёулангийнх нь тархи ажиллаж үзэж, үзүүлэх жүжиг болно.

Би ер нь зохиолыг нэг л уншдаг. Толстой энэ зохиолоо  нүдэнд харагдтал бичсэн байгаа юм. Дутуу уншаад хаячихаж болохооргүй. Гэхдээ энэ 900 хуудаснаас  монгол хүнд хэрэгтэй юуг нь шүүрч авах вэ гэдгийг бодох ёстой юм. Тиймээс би жүжигчиддээ нэг хэсэг дээр  нэг минутын пауз ав гэсэн даалгавар өгсөн. Үзэгчид энэ хугацаанд хамт бодолцох ёстой юм. Жүжигчин үзэгчдээ  харж байгаад үүнээс илүү ч барьж болно. Жишээ нь, Анна “Тийм ээ, би Вронскийн хүүхдийг тээж байгаа” гэж хэлээд пауз авна.  Эмэгтэй хүн ингэж зоригтойгоор хэлэх үү. Аннад буруу байхгүй. Тэр урваж, хуураагүй, хайртай болсноо, хийсэн үйлдлээ бүгдийг нь нуулгүй хэлдэг. Хүнийг далдуур муулах, нууж хуурахад дургүй. Түүний оронд нүүрэн дээр минь “Наранбаатараа, чи ингэдэг биз дээ” гээд шууд хэлчихвэл амар. Анна ч тийм. Тэр Карениныг хуураагүй, Вронскийд хайртайгаа, бүх үнэнээ шулуухан хэлчихдэг.  

-Дүрийн сонголтоо яаж хийсэн бэ. Анх энэ жүжгийг тайзнаа тавина гэхэд Вронскийд хэн тоглох бол гэдэг сонин байлаа?

-Дүрийн сонголт гэдэг миний сонголт. Вронский гүнд би нэг жүжигчнийг бодож байсан ч тэр хувийн шалтгаанаар театраас гарчихсан учраас сонголтоо өөрчилсөн. Ер нь миний хийсэн сонголт бүгд сонгодог байж чадсан гэдэгт би итгэлтэй байгаа. Жишээ нь, Жаргалсайхан ах /гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан/ нас намба, туршлага гээд бүх зүйлээрээ Алексей Каренин. Аннад Н.Баярмаа, Константин Левинд С.Болд-Эрдэнэ, Стива Оболонскийд Л.Дэмидбаатар гэхчилэн бүгд миний сонголт.

-Аннад Баярмааг сонгосон гол шалгуур нь юу байв?

-Аннад Баярмааг сонгох хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, харагдах төрх нь европжуу, өөрөө нэг тийм сонгодог хэв загварын хөдөлгөөнтэй, балетчдад байдаг их зөв формтой. Баярмааг анх Театр студид шалгалт өгөхөд Баатар найруулагч /Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар/ “Энэ их сонин дүр төрхтэй охин байгаа биз, түгээмэл биш” гэж хэлж байсан. Би бол тэр үед дуу хоолойгоор нь сонголт хийсэн. Нэг тийм гоё сонсголонтой дуу хоолойтой. Тэгээд ч тайзнаас үзэгчдэд хүрч буй дуу хоолой хахир хатуу, сонсголонгүй бол үзэгч 20 минут ч хүрэхгүй залхана. Тэгэхээр манай Аннагийн хоолой ярих тусам нь сонсоод л баймаар, яаж энэ хоолой баярлах бол, яаж уурлах бол гэж хүлээхээр байж чадна.

-Зохиолоос нь өөрөөр гаргасан найруулагчийн дүр гэж байгаа юу?

-Зохиолд нэг дүрийг өөрчилсөн. Аннагийн ах Стива Облонскийг инээдмийн  дүрээр харж байгаа. Тэр хүнд амьдралд гутраад, сэтгэлээр унах, гэмшиж зовох юм байхгүй, одоогийнхны хэлээр шоучин гэхээр дүрийг Дэмидбаатар их сайн гаргана. Тухайлбал, Аннад ах хүний баймааргүй зөвлөгөө өгдөг. Дүүгээ хөгшин нөхрөөсөө салаад Вронскийг дага гэж. Уг нь амьдралыг нь аврах зөвлөгөө өгч болмоор доо. Гэвч түүнд хүний дотоод мөн чанарыг харах нүд байхгүй.  Амьдралынхаа хамаг ачааг эхнэртээ үүрүүлчихээд ууж идээд, тоглож наргиад, өнгө мөнгөний төлөө л амьдарч явдаг эр. Түүний зовлонт гэргий 32-хон настай Долли 50 гарчихсан аятай харагдах хүртлээ ядарч туйлдсан нэгэн.

-Анна Вронскийтэй таарснаараа магадгүй Доллигийн амьдралыг давтахгүй байх боломжтой болсон байх?

-Энэ зохиолд гурван бүсгүйн шугам бий. Хайр сэтгэлийнхээ төлөө шууд зоригтойгоор эрсдэл туулан өөрийнхөөрөө явах Анна, ханилсан эрийнхээ хамаг зовлонг хүүхэд шуухадтайгаа хамт үүрсэн Долли, алдаатай сонголт хийснээ ухаарч   дараагийн сонголтоо зөв хийх ч тэр нь их уйтгартай байдаг Кити гэсэн тэс өөр гурван бүсгүйн амьдралаар эрчүүд эмэгтэйчүүдийг бүтээдэг гэдэг санаагаа гаргах гээд байгаа юм. Бүсгүй хүнийг эр хүн урлана, ургуулна, сөнөөнө, бөхөөнө. Цэцгэнд ус хэрэгтэйн адил чи надад хэрэгтэй гээд маш гоёор ургуулж болно. Эсвэл услахгүй, арчлахгүй хатаагаад  таслаад хаячихаж ч чадна. Тийм болохоор эмэгтэй хүн яг л цэцэгтэй адил. Анна Каренинтай байхдаа ямар цэцэг байв. Вронскийтой таараад ямар цэцэг болов гэдгийг харуулна.

-Таны амласан үзэгчийн тархийг ажиллуулах бүтээлийг “амилуулах”  жүжигчдээсээ юу хүлээж байгаа вэ?

-Би Баярмаад хэлсэн, “Чиний Анна зарим хэсэг дээр  бишрэн шүтмээр,  зарим хэсэг дээр үзэн ядмаар,  зарим дээр нь хайрлан дурламаар, зарим үед өрөвдөж энэрмээр байх ёстой шүү” гэж.

Шинэ залуу уран бүтээлчдэд итгэл өгч байгаа. Жүжигчдийг жинхэнэ утгаар нь боловсруулдаг газар бол театр. Театрт боловсорсон хүнийг кинонд авдаг юм. Холливудын жүжигчид театрт очиж үнэгүй тоглодог гэдгийг дуулсан уу. Тиймээс би “Анна”-гаар дамжуулаад залуу жүжигчдээ боловсруулж байгаа. Вронскийд тоглох Сэргэлэн гэхэд энэ дүрээс маш ихийг сурна, дараа дараагийн бүтээлээ хийх туршлагатай болно гэдэгт итгэлтэй байгаа. Би жүжигчдээсээ орос хүн шиг бай гэж шаардахгүй. Тэдний хувцас чимэглэл нь зохиолд гарч буй үеийнхээр байх учраас орос харагдана, угаасаа. Учир нь тэр үеийн хувцас зөвхөн Оросынх биш юм дэлхийн хувцас болчихсон дэлхийн хүн төрөлхтний нүүр царай болсон загвар. Энд хүмүүсийн харилцааны соёлыг их тодотгож өгч байгаа. Эмэгтэй хүнийг их хүндэлдэг, уурласан ч “Өршөөгөөрэй хатагтай, би явлаа” гэх жишээтэй. Энэ бол асар том соёлт харилцааны үе байсныг “Анна”-гаар дамжуулаад орчин үеийнхэнд өгөх гээд байгаа юм. 

-Аливаа зохиолыг олны хүртээл болгох цаг хугацааны зохицол гэж байдаг. “Анна Каренина”-г манай өнөөгийн цаг үе хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол байсан уу?

-“Анна Каренина” романыг уншсан бол анзаарсан байх. Ажил хийж байгаа хүн нэг ч байхгүй. Хүлээн авалт, наргиан цэнгээн, хүүхэн, гоёл чимэглэл, хов жив. Яг л одооны фэйсбүүк шиг. Бусдын амьдрал руу дандаа өнгийнө.  Манай нийгмийн төрхийг харж болно, эндээс. Ажил хийхгүй, залхуу, утсаа маажаад л, бусдыг буруутгаад л.

Тэгвэл Аннагийн үеийн “фэйсбүүк” нь хүлээн авалтууд л байж. Тэр ингэж гэнэ, энэ ингэж  гэнэ гээд л  хов ярьсаар байгаад нэг хүүхнийг алаад хаячихсан.  Ер нь Анна хэнд дурлах, салах сарних  нь тийм чухал уу, Орос оронд. Нэг язгууртны гэр бүлийн амьдралыг нийтээрээ хов живэнд хутгаж байгаад Аннаг булшлаад хаячихсан.  Төгсгөлд нь бүгд юу ч болоогүй мэт найрлаад л дараагийн Аннагийн тухай хов живээ яриад л сууж байна. Энэ бол өнөөгийн манай нийгэмд ч байгаа болохоор би энэ жүжгийг яг одоо хийе гэж зориглосон юм.

-Жүжгээ барьж авахаас өмнө Орос явсан гэсэн. Тэндээс юу олж авав?

-Ясная полянад Толстойн гэрийг үзэхээр очсон. Олж харъя гэж бодсоноо олсон. Бодсоноо олчихсон болохоор илүү ихийг хайж, илүү ихийг үзэж харъя гэж хичээгээгүй. Хүнтэй ч уулзаагүй.

-Та өөрийнхөө “Анна”-г Орост үзүүлэх төлөвлөгөө байгаа юу?

-МХАТ буюу Москвагийн уран сайхны академик театртай манайх эртний нөхөрлөлийн холбоотой юм. Тиймээс тэдний уран сайхны удирдагчтай яриад 2020 онд очиж тоглох санал тавьсан ч энэ өвчин, хөл хорио бидэнд боломж олгосонгүй. Уг нь 2021 онд тоглож болно гэсэн. Тэгэхээр “Анна”-г үзүүлэхэд нүүр бардам байхаар хийх ёстой.

Миний жүжигт хоёр Анна байгаа. Орост тавьсан ямар ч бүтээлд хоёр Анна байхгүй. Энэ бол монгол найруулагчийн санаа. Ийм санаа, тавилт нэг биш байгаа учраас би нүүр бардам байгаа. Тиймээс Толстойн эх оронд нь Монголын “Анна”-г үзүүлмээр байна. Жүжгээ нүсэр тайзгүй, хаана ч очсон жүжигчин хувцастайгаа л байвал гэрлээ тавиад л тоглочих боломжтойгоор хийсэн нь үүнтэй холбоотой. Санаагаар болдог бол Москвагийн уран сайхны театрт нэг өдөр тоглоод маргааш нь өөрийнхөө үндэсний нэг бүтээлийг үзүүлчихэд л гайхамшигтай соёлын солилцоо болно гэж бодож байна. Олон жилийн өмнө Цэвэлсүрэн гуай “Ардын элч” кинотойгоо очоод шилдэг дүрийн шагнал аваад ирж байсантай адил манай жүжигчдээс хэн нь ч тэнд  үнэлэгдэх юм билээ, таах аргагүй шүү дээ. 

-“Анна Каренина”-гаас өмнө манай театрт Толстойн зохиол хэр олон тавигдсан бэ?

-Манайд Толстойн зохиолоос  хоёр дахь нь л тавигдаж байна. Б.Баатар найруулагч “Адууны түүх”-ийг тавьсан. Яагаад Толстойн зохиолуудаас  тавьж байгаагүйг сайн мэдэхгүй юм. Магадгүй уйтгартай гэж хардаг байх.  Гэхдээ надад бол Толстойн зохиол монголчуудын сэтгэлгээтэй их ойрхон санагддаг. Хандлага нь ч тэр.

Би “Анна Каренина”-г  их гайхалтай зохиол гэж боддог. Гэхдээ одоо л барьж авч байгаа нь бүтээл өөрөө  цагаа мэдэрч нөхцөл байдлаа хүлээж ирдэг гэдэгтэй л холбоотой байх. Ямар нэгэн байдлаар өвөрмөц сэтгэлгээгээр хийхгүй бол уйтгартай сонин биш байж магад. Тэгээд ч роман болгон жүжиг болдоггүй. Харин энэ роман ямархуу жүжиг болсныг ирээд үз, үзээд тунгаа л гэж хэлье дээ. Үзэгч түмэнд Толстой гэж агуу эрхмийг тархиараа “зажлах” боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.6 МЯГМАР № 193 (6418)