Д.ЦЭРЭННАДМИД

 

Төв аймгийн Цээл сум хуучнаар бол “Залуучууд” сангийн аж ахуйн намрын ургац хураалтын ажлыг сурвалжилж яваад ирлээ. Бидний 20-иод сэтгүүлч, гэрэл зурагчдын баг Монголын Гэрэл зургийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг “Мартагдашгүй намар” аялалаараа тэнд очсон юм.

Тариаланчид 1980-аад онд түүхэндээ хамгийн их тариа хурааж байх үед залуучууд САА-хан манлайд нь явж байсан гэдэг. Бас хамгийн олон хөдөлмөрийн баатар, улс, аймгийн аварга тариаланч төрүүлсэн хамт олон тэднийх л байв. Энэ уламжлал одоо ч хадгалагдсаар явааг бид сурвалжлах явцдаа анзаарсаан.

Цээлийнхэн энэ жил арав гаруй мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалсан. Ургац тун гайгүй байгаа тухай сумын Засаг дарга Н.Цагаанбаатар ярьсан. Цаг агаар муудах мэдээ бий. Тиймээс ногоо хураах ажлыг шуурхайлахаар цэргүүдээр хүч нэмээд байгаа гэнэ.

Долоон худгийн хөндийд сумандаа хамгийн их талбай нь байдаг аж. Энд “Шинэ залуучууд”, “Цээлийн хур” хоёр компанийн тариаланчдын ургацаа ид хурааж байхтай таарлаа. Болц нь гүйцсэн шаргалхан тариа нь намиатаж “Виктор-410” маркийн таван комбайн эгнээ барин урагшлахуйд хөндий тэр чигээрээ сэрж байх шиг их нүргээний дунд гал шаргал буудайн шаргиа бүр содон гэдэг нь. Долоон худгийн хөндийд хоёр компани нийт таван мянга гаруй га-д улаанбуудай болон багавтар талбайд малын тэжээл тариалсан гэж “Цээлийн хур” компанийн захирал Ж.Гантөмөр хэлнэ лээ. Эднийхэн 2700 га-д буудай тариалжээ. Га-гаас авч байгаа ургац ч дажгүй, дунджаар 16-17 центнр байна гэнэ. Сүүлийн сард хэд хэдэн удаа бороо орсоны улмаас тарианы болц нь жаахан оройтсон ч хураалтаа эхлээд 10-аад хонолоо. Үтрэм дээрээсээ маргаашаас эхний хурааж авсан будаагаа агуулна. “Алтан тариа” компанитай гэрээтэй гэж байна лээ.

Бид бас энэ талбайд нэг чухал хүнтэй уулзсан нь Монгол Улсын гавьяат агрономич Ц.Ширчинжав байлаа.

-Би тариаланчдын дунд ажилласнаасаа хойш энэ нутагт л ажиллаж амьдарсан хүн. Уг нь уугуул нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн л дээ. “Залуучууд” САА гэж байхаас энд ажилласан болохоор эндхийн тариаланчдын ажлын амжилт, алдаа оноо бүхэн надтай холбоотой явж ирсэн дээ гэж тэр ярина лээ.

Ц.Ширчинжав 2000-аад оны эхнээс мал тэжээхэд хамгийн сайнд тооцогддог царгас гэдэг ургамлыг багагүй хэмжээгээр тариалж энэ жил гэхэд 1000 га-д хүргээд байгаа аж. Ямар ач холбогдолтой болоод энэ ургамлыг шүтэж голчлон тариалж ирэв дээ гэсэн асуултад тэр хариулахдаа,

-Энэ царгас бол маш тослог тийм болоод ямар ч хүйтэнд даардаггүй ургамал. Барагтай л бол ногоон өнгөө алддаггүй юм. Малд өгөхөд шим тэжээлийн хувьд сайн нөлөөтэй. Хамгийн гол ач холбогдол нь юу вэ гэж асууваа даа. Тэгвэл бусад ургамал газраас шим шүүсийг нь сорж шимж ургадаг бол энэ царгас хөрсөнд үр шимээ шингээж үлдээдэг онцлогтой юм л даа. Тэгэхээр газар тариаланд бүр ч ашигтай тал бий. Бод л доо. Царгас тариалаагүй талбайгаас 15-16 центнр ургац авч байхад урьд нь түүнийг тариалсан талбайгаас авах ургац 22-23 центнр байх жишээтэй. Тиймээс царгас тариална гэдэг бол тариаланчид хөрсөө додомдож байгаа гэсэн үг гэлээ.

Цааш нь манай улсад хааяагүй л цөлжилт явагдаж малын бэлчээр хомсдлоо гээд байгаа. Тэгвэл тэдгээр нутгуудад царгас тариалах нь зөв юм. Нэгдүгээрт, тэжээлийн нөөц нэмэгдэнэ бас ургамлын төрөл зүйл ховордож ургац муудсан цагт хөрсийг эрүүлжүүлэхэд бас тустай гэж бодож байна. Иймээс царгас тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжээсэй гэсэн юм. Ийнхүү тариаланчдын үг яриаг сонсож явахад анхаарал татсан нэг сэдэв бол тариа, ногоог арвин авах боломж бий. Гагцхүү авсанаа хадгалах хамгаалах агуулах, савгүйгээс тариаланч ногоочдын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн багасаад байна. Тарьснаа хураахтай зэрэгцээд л борлуулах ажил давхацдаг. Хэдэн зуун км газарт тариа, ногоогоо тээвэрлэн аваачлаа ч тэр орон нутгийнх нь ханшаар үнэлж өгөх болдог. Хэрэв үр тариагаа хадгалдаг элеватортой ногоогоо хадгалах хүрэлцээтэйхэн зоорьтой байвал тариалаад байхаас яахав гэж тариаланчид, ногоочид ярьж байна. Сав, саалиа өөрсдөө бэлдэе гэхээр бидэнд олдож байгаа зээлийн хүү өндөр байдаг. Эдгээр ярианы эцэст улсын хэмжээгээр дотоодын хэрэгцээгээ хангахуйц улаан буудай, төмс, хүнсний ногоо тариалж байна гэж хэлэх, ярих нь их ч төр, засгаас бодитой арга хэмжээ бага байгаа нь эндээс харагдаж байнав биш үү. Тариаланчдын ажил үйл буцалсан, тариа будаа нь шаагисан намар цаг юутай таатай. Тэр дотор Цээлийнхний намар онцгой сайхан ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.2 БААСАН № 191 (6416)