Б.ОЮУНЗУЛ

 

Монгол өв соёл тэр дундаа хөгжмийн их өвийг өвлөнө гэдэг хүн бүрийн хийх зүйл биш. Бид энэ удаагийн “Өөр зочин” буландаа урлаг судлалын ухааны докторант Э.Оюунсүрэнг урилаа

 

-Ятга хөгжимтэй хэдэн настайгаасаа холбогдов. Яагаад сонгох болсон бэ?

-Анх зургадугаар ангид байхдаа Монголын хүүхдийн ордонд очиж бүртгүүлээд н.Сайнбилэг багшийнхаа удирдлага дор ятга хөгжмийг заалгаж эхэлсэн. Тэр цагаас хойш хүүхдийн ордонд таван жил сурсан. Дараа нь Монгол Улсын Соёл урлагийн их сургуульд ятгачны ангид элсэн орж ардын хөгжмийн багш мэргэжилтэй болсон. Энэ мэргэжлийг сонгох болсон шалгаан нь ээжтэй минь холбоотой. Ээж, хоёр өвөө маань их сайхан дуулдаг. Хөгжимд их дуртай хүмүүс байсан. Ээж маань ятга хөгжмийг сайхан тоглодог байлаа. Энгийн хүмүүсээс нэг өвөрмөц онцлогтой нь зүүн гараараа тоглодог байсан. Тэгээд ээжийнхээ сонирхлыг хүндэтгээд баруун гараараа ятга тоглодог болох гэж байгаад энэ хөгжимдөө дурлаж салахааргүй амьдарлаа холбосон.

-Таныг ардын хөгжим судалдаг гэсэн. Яагаад заавал ардын хөгжим судлах болов?

-Ардын хөгжим бол бусад хөгжмөөс эрс өөр. Юутай ч зүйрлэшгүй нандин мэдрэмжийг хүнд өгдөг. Тухайн хөгжмийг тоглож байгаа хүн их омогшдог. Бусад төрлийн хөгжим тоглож байгаа хүмүүсийг харахд тэрүүхэндээ л өөрийн өнгө аясаа гаргадаг бол ардын урлаг бүх өнгө аясад хувирч байдгаараа онцлогтой. Би хүүхдийн ордонд сурч байхдаа “Аялгуу” гэдэг хамтлагт байсан. Хамтлагтаа  ятга тоглоод ардын дуучин урд гарч ирээд дуулж байхад тэр заалыг язгуур урлагийнхан л эзэмдэж байсан. Тэр гайхамшигтай мөч л намайг ардын урлагт илүү дурлуулсан байх гэж би боддог. Тэр цагаас хойш л ардын урлаг бол миний амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг гэдгийг ойлгосон.

-Хөгжмийг олонд таниулахын тулд та одоо ямар ажил хийж байгаа вэ?

-Миний хамгийн том хүсэл бол ятга хөгжмийг олонд таниулах. СУИС-д байхдаа н.Баасанхүү багшаасаа их зүйлийг сурч мэдсэн. Багш минь надад хөгжмийг яаж хүнд заадаг, яаж суудаг гэх мэт нарийн анзаарахгүй зүйлсийг ч хүртэл зааж өгсөн. Багшаасаа сурсан тэр нарийн нандин бүх зүйлийг би өөрөө шавь нартаа зааж өгөхийн тулд хичээж явна. 2003 онд их сургуулиа төгсөж тэр жилдээ захирлаасаа ажлын санал авч төрлөх сургуульдаа багшилж эхэлсэн. Тэр үед манай сургууль ятга хөгжмийн ангитай болсон байсан. Хорь гаруй ятгатай. Тэгж анх ятга хөгжмийг хүүхдүүдэд зааж эхэлсэн. Манай сургууль 20 хүүхдийн ятгын чуулгатай болж улсын хэмжээний том тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Дараа нь 105 дугаар сургуульд багшилж эхэлсэн. 105 дугаар сургуульд очиход нөгөө багшилж байсан сургуулиас маань өөр нөхцөл байдал хүлээж авсан.

-Тус сургууль дээр ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Би 105 дугаар сургуульд ороод тэр сургуульд суралцаж байсан 2000 хүүхдийг их өрөвдсөн. Яагаад энэ хүүхдүүд нэг ч дугуйланд хамрагдахгүй ингээд явж байгаа юм бэ. Хүүхдүүд дугуйлангүйгээр урлагт дуртай болно гэж байхгүй. Тиймээс энэ хүүхдүүдийг урлагт дуртай болгоно гэж зориод захиралтайгаа хамтраад “Төрийн ятгачид” гэсэн төслөөр Дэлхийн банкны хөрөнгө оруулалттай Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтраад 6000 ам долларын төсөл авсан. Сургуульдаа 15 ятга иж бүрнээр нь авч сургалт явуулах өрөө тохижуулсан. Энэ төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжээд би өөрийнхөө хүсэлтээр энэ сургалтаа сургуульдаа дахиад нэг жил сунгаж хичээллүүлсэн байгаа. Мөн сургалтад явж байсан хүүхдүүдээс ч гэсэн сайн үр дүн гарсан. Суралцагчид маань жил бүр тайлан тоглолтоо хийдэг болсон. Улсын хэмжээний тэмцээд хоёрдугаар байранд шалгарсан байгаа. Жилд хөгжим бүжгийн ятгачны ангид дөрвөн хүүхдийн урилга ирдэг. Тэр жил манай сургалтаас гурван хүүхэд урилга авч чадсан юм. Энэ бол хүн бүрийн хийгээд байхааргүй зүйл байсан.

-“Алтай” хамтлагийн ятгачин хамтлагтаа байгаа юу?

-Тиймээ. Би хамтлагтаа ятгачин хийгээд зургаан жил болж байна. Манай хамтлагийнхны хувьд монгол язгуур урлагаа дэлхийд таниулж явдаг. 2017-2018 онд манай хамтлагийнхан найман орноор аялан тоглолт хийж язгуур урлагаа дэлхийд таниулсан байдаг. Одоогийн байдлаар уран бүтээлээ түр завсарласан байдалтай байгаа.

-Хамтлагт орох саналыг хэн тавьж байсан бэ. Хамтлагаараа оролцож байсан хамгийн том тоглолт? 

-Ятгын хатан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ багш маань надад санал тавьснаар хамтлагтаа орж байсан. Манай хамтлагийн анхны уран бүтээлийн хувьд “Үргээлэг” киноны хөгжим байсан. Хамтлагаараа анх удаа киноныхоо нээлтэд очиж тоглолт хийж байлаа. Түүнээс хойш уран бүтээлдээ хамтлагийнхан маань түлхүү гаргаж эхэлсэн гэж хэлж болно. Бидний гаргаж байсан хамгийн том амжилт бол 2019 онд болсон “Азийн язгуур урлагийн их наадам”-д тэргүүн байранд орж байсан.

-“Кристина Ноблийн хүүхдийн сан”-тай хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн бэ? 

-2019 оноос хойш тус төвтэй хамтарч ажиллаж эхэлсэн. “Кристина Ноблийн хүүхдийн сан” маань эмзэг бүлгийн хүүхдэд туслалцаа үзүүлдэг байгууллага байгаа. Боловсрол, эрүүл мэнд болон сэтгэл зүйн туслалцааг хүүхдүүдэд түлхүү үзүүлдэг гэж хэлж болно. Би энэ байгууллагад урлаг уран сайхны хөтөлбөрийн менежерээр ажилладаг. Мөн манай байгууллага хүүхдийн хорихтой хамтарч ажилладаг. Хорих ангид хүүхдийн хөгжмийн боловсрол болон уран зургийн хичээл ордог. Бас улсынхаа дүүрэг бүрийн амьжиргаа доогуур айл өрхүүд болон эцэг эхгүй  хүүхдэд уран зураг болон гар урлалын хичээл заадаг. Энэ мэт урлаг уран сайхны чиглэлээр 12 дугуйлан ажиллуулдаг байгаа. Энгийн хүүхдэд хичээл заахад хоёроос гурван удаа давтуулж байж нэг зүйлийг тогтоодог.  Харин зорилтод бүлгийн хүүхдүүдийн хувьд урлагаар цангасан байдаг. Энэ хүүхдүүд суралцахыг маш их хүсч зааж өгсөн зүйлийг нэг удаа хэлэхэд л тогтоодог нь бидэнд их урам зориг өгсөн.

-Хүүхдүүдийн авьяасыг нээхийн тулд та юуг анхаарч ажилладаг вэ? 

-Багш хүн хүүхдэд хайртай байх хэрэгтэй. Би ямар ч хүүхдийг харсан энэ хүүхдийн авьяас нь юу юм бол юу хийж чадах юм бол гэж хардаг. Багш хүн эхлээд хүүхдээ юунд дуртайг мэдэж байх хэрэгтэй. Дараа нь өөрийн хичээлээ сонирхолд нь тулгуурлан заах хэрэгтэй гэж боддог.

-Эмзэг бүлгийн хүүхэдтэй хамтарч ажиллахад хүндрэлтэй зүйл их байдаг байх?

-Энэ хүүхдүүд маань бяцхан зүрхэндээ сэтгэлийн шархтай байдаг. Бид ямар нэгэн зүйл болохгүй байхад шаналдаг. Гэтэл тэр бидний хэлээд байгаа зорилтод бүлгийн хүүхдэд үүрдийн мөнхийн шаналал байдаг. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бид зөв сайхан зүйлсийг зааж нэг ч гэсэн гэгээн зүйлд дурлуулахгүй бол тэр хүүхдийн ертөнц бүхэлдээ харанхуй болох гээд байдаг. Тиймээс тэр хандлагыг хөгжмөөр засч, зургаар дотоод сэтгэлийг нь гаргадаг. Энгийн хүүхдүүдээс өөр сурах явц нь мөн удаашралтай байдаг. Гэхдээ энэ хүүхдүүд маань маш хурдан гэрэлтэж гэрлийг олж хардгаараа онцлог.   

-Хөгжмийн сургалтын төвийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Кристина Ноблийн хүүхдийн сан”-д ажиллаж байхдаа энэ нийгэмд хөгжим зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож өөрөө бие даан хөгжмийн сургалтын төвөө нээсэн. Манай төв үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа. Ятга, шанз, төгөлдөр хуур, морин хуур, хөөмий гэсэн хөгжмийн боловсролын өөрийнхөө хэмжээнд хүүхдэд зааж өгч байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.18 БААСАН № 181 (6406)