Б.ДОЛЖИНЖАВ

Энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хоёр настнуудын эцэг эхийг ажил хийх боломжоор хангахын тулд Засгийн газар Хүүхэд харах үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөгийг төсөвлөхөөр шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд 160  орчим хүүхэд харах үйлчилгээний төв маргаашаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” 2015 онд батлагдсан. Тухайн үед 80 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан. Ер нь жил бүр 35 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй.  2016 оны дөрөвдүгээр сард хамгийн анхны  хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж  эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд 21 мянга орчим хүүхэд хамрагдсан. Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хоёр настай хүүхдийн 3000 орчим нь маргаашаас эхлэн он дуустал хүүхэд харах үйлчилгээний төвд явна. Олон нийт “Хүүхэд харах үйлчилгээний төвийн оронд цэцэрлэг барихгүй яасан юм” гэж ярьж байна. Гэтэл хоёр тэрбум төгрөг бол 100 ортой нэг цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр хоёр тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийн асуудлыг шийдэх үү, нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд авах уу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ онд БШУЯ-наас Хүүхэд харах үйлчилгээний төвийн түр журам баталж байгаа. Үүнд 2-3 насны хүүхдийг авна гэж заасан. Мөн хувьсах зардал 136 мянган төгрөгийг улсаас авдаг. Энэ төлбөрийн 60 хувьтай тэнцэх мөнгийг эцэг эхээс авна гэж хуулиндаа заасан” гэлээ.  

Харин холбооны тэргүүн С.Шүрэн-Эрдэнэ “Манай холбоо 2016 онд байгуулагдсан. Одоо 600 гаруй төвийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд 400 гаруй хүүхэд харах төв байсан бол  энэ онд 160 орчим төв үүд хаалгаа нээхэд бэлэн болсон. Үүний 115  нь нийслэлд үйл ажиллагаа явуулна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахаас илүү хөгжүүлэх боломжоор хангах нэгдсэн хөтөлбөрийн дагуу мэдлэг олгохоор зорьж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn