Т.САЙХАН

Өнгөрсөн долдугаар сарын 09-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд зорчиж явсан эх амаржиж, хоёр ихэр охин мэндэлсэн юм. Өнөөдөр /08.13/ Эх, хүүхдийн тусгаарлалтын хугацаа дууссанаар  ХӨСҮТ-өөс гарч байгаа бөгөөд онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас 18 нас хүртлээ тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өглөө. 

Эхийг амаржих үед агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ёндондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар ихэр охидыг эх барьж авсан байдаг. Ихэр охид долоон сартай мэндэлсэн юм.

Тэдэнд Энхцэлмэг Энхжигүүр хэмээх нэр хайрласан бөгөөд агаарын хөлөг дотор мэндэлсэн анхны ихэрүүд юм.

Ихрүүдийн ээж Д.Болортуяа  “Онгоцонд суухаас хоёр өдрийн өмнө бие хавагнаад эвгүй байсан. Тэгээд онгоц нэгэнт хөөрсний дараа өвдөөд төрсөн. Охидууд минь төрөхдөө 1.4 кг, 1.6 кг төрсөн юм. Төрөх хугацаа уг нь есдүгээр сард байсан ч долоон сартай дутуу төрсөн. Одоо хэвийн жиндээ хүрээгүй байгаа болохоор Эх нялхас руу шилжиж байна.  МИАТ ХХК-ийн хамт олон, онгоцонд явсан, тусалсан бүх хүмүүстээ баярласнаа хэлмээр байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn