Б.ДОЛЖИНЖАВ

Дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд өчигдөр дүүргүүдийн хаягийн зураг, мэдээл­лийн санг нэгдсэн нэг удирдлага зохион байгуулалтад оруулах асуудлаар хуралдлаа. Энэ үеэр Газар зохион бай­гуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс зарим зүйлийг тодруулсан юм. 

-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Үүнийг шийдвэрлэх тал дээр нийслэлээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Хаягжилтийн асуудал нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болсон. Тиймээс үүнийг шийдвэрлэж олон улсын стандартад нийцсэн хаягтай болохоор зорьж ажиллаж байна.   Энэ хүрээнд “Хаягжуулалтын тухай хууль” 2013 онд, дараа нь хаягжуулалтын журам батлагдсан. Хаягт тавигдах таван шаардлага гэж бий.  Үүний дагуу нийслэлийн бүх дүүрэг, хороогоо цэгцлэх нь зүйтэй. Аймаг, нийслэл нэгдсэн стандарттай хаягжилттай байх шаардлагатай.


-Дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг нэгдсэн нэг удирдлага зохион байгуулалтад оруулах гэж байгаа гэлээ. Энэ талаар тодруулвал?
-Бүх мэдээллийн санд хаягжилттай холбоотой мэдээллүүд байгаа боловч мэдээлэл зөрөх асуудал гардаг. Тиймээс захирамж гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах нь зүйтэй. Захирамж. гарахад хариуцсан албан тушаалтнууд дор бүрнээ шийдвэрээ гаргаж ажлаа зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдан ажлаа төлөвлөж, яаж үр дүнтэй явуулах тал дээр шуурхай зохион байгуулалтад орж ажиллахаар зорьж байна.

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2020.7.31  БААСАН № 146 (6371)