С.САРУУЛ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол Монголын Морин спорт, уяачдын холбоонд ирсэн талаар Монголын морин спорт,  уяачдын холбооноос мэдээллээ. Холбооны дэд дарга Ө.Пүрэвбаатар “2019 оны нэгдүгээр сарын 24-нд холбооны VII их хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь хурдан морины уралдааны хэрхэн зохион байгуулах тухай юм. 700 гаруй уяач цуглан уг хурлаар 64.3 хувийн саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтож, батлагдсан стандартыг баримтлан хурдан морины уралдааныг зохион байгуулахаар болсон. Энэ дүрмийн дагуу хоёр уралдаан зохион байгуулахад ямар нэг маргаан гараагүй. Тиймээс Үндэсний их баяр наадмаараа сэрвээний өндрөөр хэмжин уралдуулъя, хэмжих явцыг нийтэд нээлттэй харуулъя гэх саналыг зохион байгуулах комисст өгсөн ч хүлээж аваагүй. Ингэснээр бүртгүүлсэн морьдын 58.1 хувь нь хасагдсан тул уяачид мэргэжлийн холбоондоо ихээр хандаж, санал гомдлоо илэрхийлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдаг аж. Тухайн төхөөрөмжийг Стандартчилал, хэмжил зүйн газраас шалгаж, баталгаажуулсан. Жирийн монгол адуу 40 орчим миль, шинэ монгол адуу 43-45 миль хурдалдаг" гэв. ММСУХ-ны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай “Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс Хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дарга, гишүүдийн хариуцлагагүй, буруутай үйлдэлд хариуцлага тооцох, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас үндэсний их баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэх ёстой. Уяачдад учирсан хохирлыг хэрхэн тогтоох талаар хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn