БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтээ долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 3,541 иргэн илэрхийлээд байгаа.

 

Тэднээс тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй зарим иргэн Инчеон олон улсын нисэх буудалд суулт зарласан. Энэ нь тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл авахад хүндрэл учруулж байгааг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Долдугаар сард гурван удаа Сөүл рүү ниснэ гэж байсан бол таван удаа хийхээр болсон.

Иргэд ЭСЯ-ны гадна жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж байгааг Консулын ажилтнууд тухай бүрд нь мэдээлэл өгч байна. Жагсаал цуглаан хийх нь хүний эрхийн асуудал. Сүүлийн үед Сөүлд болж буй жагсаалыг Солонгосын цагдаагаас зөвшөөрөл аваад хийж байгаа нь ч бий.

Харамсалтай нь тухайн улсын онцгой объект болох онгоцны буудал дээр зохион байгуулалттайгаар суулт хийж байгаа нь нэг талаас үзэл бодлоо илэрхийлж байгаа боловч нөгөө талаас БНСУ-ын төрийн байгууллагуудын зүгээс тусгай үүргийн нислэг хийхтэй холбоотой хүндрэл гаргаж байгааг хэлмээр байна.

Нислэг бүрийг зөвшөөрлийн дагуу хийх бөгөөд зөвшөөрөл авахын тулд олон ажил хийгддэгийг ойлгохыг хүсье. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл нь нутаг буцах хүсэлтэй олон иргэнд хүндрэл учруулах магадлалтай тул үзэл бодлоо илэрхийлэхийн хамт хариуцлагатай байхыг хүсмээр байна" гэлээ. 

"БНХАУ РУУ ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА"

ГАДААД УЛСААС ИРЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ИРГЭДИЙН ӨРГӨДЛИЙН САЦУУ МОНГОЛООС ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭЖ, ГХЯ-НД ИРЖ БУЙ ӨРГӨДЛИЙН ДИЙЛЭНХИЙГ ЭЗЛЭХ БОЛЖЭЭ.

Ялангуяа БНХАУ руу явах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зонхилж байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын талтай ярилцаж байгаагаа мэдэгдлээ. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Та бүхний мэдэж байгаачлан хоёр улсын Засгийн газар хамтран "Ногоон гарц" журмыг гаргасан. Энэ нь зөвхөн хоёр улсын ачаа тээврийн жолооч нар, бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрийн ажилтнуудыг нэвтрүүлэх журам. 

"Ногоон гарц"-аар оруулж, гаргалаа гээд тусгаарлахгүй гэсэн үг биш бөгөөд хил хаасан үед тухайн иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргах явцыг шуурхай болгосноороо давуу талтай. 

Тус улс руу явах хүсэлтэй байгаа иргэдээ "Ногоон гарц"-аар гаргах асуудлыг тавьсан ч Хятадын талаас дотоодын аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийнхээ хүрээнд гадаад улсын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн" хэмээлээ.