Б.НАМУУНТАМИР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Талын эзэн” компанийн захирал, “Мимо” гэрээрээ олонд танигдсан “Наад” брэндийн  үүсгэн байгуулагч С.Сайханбаярыг урилаа.

         

Монголдоо төдийгүй олон улсад гаргах бүтээгдэхүүн гэж анхнаасаа тооцсон

 

БЛИЦ:

♦ 1996-2000: МУИС-ийн Нийгмийн ухаан

♦ 1998-2002: СЭЗДС-ийн Бизнесийн удирдлага, маркетинг

Ажлын туршлага:

♦ 2002-2004: “Мersedes benz” Монгол дахь албан ёсны дистербитр компани

♦ 2004-2007: “MCS” электроникс

♦ 2007-2012: “Юнител” компани

♦ 2016 оноос: “Талын эзэн” компанийн захирал

 

-Манай “Талын эзэн” компани 2016 оноос үйл ажиллагаагаа эхэлж “Наад” гэдэг брэндээ байгуулсан. “Наад” гэдэг нь хүүхдийн тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг брэнд. 2016 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн боловч, санаа нь 2007 оноос эхтэй. 

Олон жилийн өмнөөс л Монголоос дэлхийд ямар бүтээгдэхүүн гаргавал амжилт олох бол гэж бодож бодож нүүдэлчний уламжлал, соёлыг харуулсан тоглоомын брэнд бүтээвэл зөв юм байна гэж шийдсэн. Багаасаа хөдөө өссөн учраас Монгол гэрээ сайн мэднэ. Харин өнөө цагт бидний үр хүүхдүүдийн ихэнх нь монгол гэрийг харж, дотор нь орж л байсан болохоос нарийн сайн мэдэхгүй. Тиймээс угсардаг монгол гэр хийе гэж шийдээд “Naad” хэмээн нэрлэсэн брэндийнхээ эхний бүтээгдэхүүн болох “МиМо гэр”-ийг гаргасан. 2014 оноос туршилт хийж үзээд, модоор 60см-тэй гэр хийлгэсэн. Түүнээс хойш барьж угсрахад хялбар, цэвэрхэн хийцтэй, овор хэмжээ багатай авсаархан болгох вэ гэдгийг бодож лего тоглоом шиг хуванцраар хийж болох юм гэж үзээд 3D принтерээр хэвлээд эхний хуванцар загвараа гаргаж байсан. Тэгээд БНХАУ-д хэвээ хийлгэчихээд “Хэв хашмал хуванцар” компаниар хуванцар хэсгийг нь хийлгэсэн. 30см диаметртэй гэр нь 100 гаруй хэсгээс  бүрдэж тоононы цамхраа нь хүртэл есөн хэсэг салж байсан нь хүүхдэд Монгол гэрийг таниулах ч нөгөө талаараа олон хэсгийг хүүхэд барьж угсрахад хэцүү байсан. Түүнээс үүдээд дараа нь 20 см диаметртэй 50 хэсгээс бүрдсэн илүү хялбар болгож хийсэн. Бид яг л өнөө үеийн монголчуудын хэрэглэж буй гэрийг байгаа чигээр нь харуулахыг зорьсон болохоор дөрвөн ханатай гэрийг 11 дахин багасгасан хувилбараар бүтээсэн. Туурга, дээвэр, цагаан бүрээс, өрх, хошлон гээд яг л монгол гэр.

Гадаадын жуулчид Монгол гэрийг харчихаад орохыг хүсдэг, орж үзчихээд барьж буулгаж үзэхийг хүсдэг. Тэгэхээрээ манай бүтээгдэхүүнийг ихэвчлэн худалдан авдаг.

Анхнаасаа Монголдоо төдийгүй олон улсад гаргах бүтээгдэхүүн гэж тооцсон болохоор олон улсын стандартад нийцсэн, мөн тээвэрлэхэд хүнд хөнгөнийг нь бодож гэрийн модыг хуванцраар орлуулж хийсэн. Ер нь гадаадын угсардаг тоглоомуудтай өрсөлдөх бүтээгдэхүүн гаргах зорилгоор бүтээсэн. Нийт борлуулалтын 80 хувь нь гадаад зах зээл эзэлж байна. АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, ОХУ, Германд худалдаалагдаж байгаа. Монголд худалдаалагдсан бүтээгдэхүүний 70-80 хувь нь гадагшаа бэлэг дурсгалын зориулалтаар гарсан байдаг. Харин одоо цар тахлаас  үүдэн аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсэн учраас борлуулалт уналттай байна. Нийт борлуулалт яг одоогийн нөхцөл байдалд 80 хувийн уналттай байна.

Бид маркетингийн хүмүүс л дээ. Тиймээс нэг зарчим бий. Эхлээд юуг ч судлахгүйгээр өөрсдийн загвараа гаргаад бүтээгдэхүүнээ бэлэн болгочих. Харин дараа нь өөр бусад адил бүтээгдэхүүнтэй харьцуулах хэрэгтэй гэсэн зарчмаар ажилладаг. Тэгэхгүй бол хэт их судалгаа хийгээд, харьцуулаад ирэхээр нөгөө бүтээгдэхүүнд баригдах магадлалтай байдаг. Яг одоогийн байдлаар 15 мянган ширхэгийг борлуулчихаад байна. Үнийн дүнгээр нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Монголд яг ийм тоглоомон бүтээгдэхүүн хийгээд хурдан хугацаанд амжилтад хүрээд гадаадын зах зээлд гарсан бүтээгдэхүүн бараг байдаггүй.

 

Үйлдвэрлэхээсээ өмнө зах зээлээ судлах хэрэгтэй

 

-Нөгөө талаас хурдан хугацаанд амжилтад хүрсэн шалтгаан нь маркетингийн хүмүүс учраас эхлээд зах зээлээ бэлдээд явчихдаг. Манай үйлдвэрлэгч нарын хамгийн том алдаа нь үйлдвэрлэчихээд зарах гээд байдаг. Харин бид хийхээсээ өмнө брэндээ үүсгээд явчихдаг. Тэгэхээр маркетинг суурьтай хүмүүс үйлдвэрлэл рүү орох давуу тал нь энэ юм.

Бид бүх зүйлээ Монголдоо үйлдвэрлэж байна. Нийт 12 аж ахуй нэгж, хувь хүн нэг хайрцаг бүтээгдэхүүнийг гаргахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Бидний нэг баримталж байгаа зүйл бол бүх зүйлийг өөр дээрээ төвлөрүүлэхгүй байх. Өмнө нь таньдаг ах эгч, найз нөхөд аливаа зүйлийг бүгдийг нь нэг дор өөрсөд дээрээ төвлөрүүлээд  ачааллаа даалгүй унаж байхыг харж байсан учраас энэ алдааг давтахгүй байхыг хичээсэн. Машин тоног төхөөрөмж авчраад хийх нь тийм ч тохиромжтой бус. Нэгэнт манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа бол хамтраад ажиллах хэрэгтэй. Хуванцар зүйлсээ “Хэв хашмал хуванцар” компанитай, оюуны өмч, хууль зүйн зөвлөгөө тал дээр гэхэд л “Ай Пи консалтинг”, хайрцаг сав, оёдол, эсгүүр гээд бүх зүйлийг нь боломжтой хувь хүмүүс компаниудтай хамтарч хийдэг.

Бид гэрээ хийхдээ инновацилаг, шинэлэг шийдлүүдийг оруулж өгсөн. Жишээ нь барьж байхад их унадаг унины углуургыг л гэхэд бид маш удаан бодож, олон хувилбар гаргаж байж шинэ шийдэл олж патентжуулсан. Гэрт тог тасрангуут тулганы доороос гэрэл асаадаг шийдлээ бодож олж байлаа. Дулам багш маань “Тулгандаа галаа бадраах хэрэгтэй” гэж хэлснийг тусгаж угсарсан гэртээ хийгээд үзтэл хөдөө үдэш орой явж байхад гэрийн бараа яаж харагддаг, яг л тэрэн шиг үүдээр болон тооноор нь гэрэл гарч байгаа мэт “амьд гэр” болсон. Энэ бүтээгдэхүүн маань жинхэнэ монгол гэрийг хэд дахин багасгасан хувилбар болохоор зарим нэг унь, уяа гэх мэт цөөн зүйлсийг хялбар байдлаар шийдэхээс өөр арга байгаагүй.

 

Бүтээгдэхүүн нь зах зээлд  гараагүй мөртлөө маш том амжилтыг үзүүлсэн

 

-Өв соёл дээр суурилсан инновацийг нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. “Овоо кэмпинг” хэмээх нүүдэлчдийн соёлд суурилсан аяллын хэрэгслийг дэлхийн хэрэглээ болгох брэнд юм. “Овоо кэмпинг” брэндийн хувьд амбиц нь маш том. Бүтээгдэхүүн нь зах зээлд  гараагүй мөртлөө урьд хожид “Наад” брэнд дээр гарч байгаагүй маш том амжилт үзүүлчихсэн явж байна.  Анх 2018 онд Архангай аймгийн Цэнхэр сумын бор талын рашаанд амарч байхдаа хүчтэй аадар бороонд дайруулж, майханаа нураалгаж байсан. Тэгэхэд хажууд нь байсан монгол гэр хүчтэй бороонд яагаачгүй. Тэгэхээр нь монгол гэрт дээр суурилсан майхан хийе гэсэн санаа орж ирсэн юм. Ер нь Монгол гэрийн загварыг дуурайлгаж хийсэн майхан гадаадад хэд хэд байдаг.

2018 оны сүүлээр эхний загвараа гаргаж, туршиж үзээд, 2019 онд хоёр дахь загвараа туршсан. Нэгдүгээрт тулгарч байсан бэрхшээл нь бүх материал монголд байхгүй байсан. олон улсын зах зээлээ судлаад үзсэн чинь бидний хийж байгаа майхан люкс ангилалдаа ордог бага дөрвөн ханатай гэр гэсэн үг. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд нэгдүгээрт материал, орц гээд бүх юм нь өөр байх ёстой. Тэгээд Тайвань, БНХАУ-ын урд мужуудын үйлдвэрүүдээр нь явж судлаад ганцхан шийдэлд хүрсэн. Одоохондоо бол Монголдоо хийх боломжгүй юм байна. Эхний ээлжид дэлхийн хэмжээний чанартай бүтээгдэхүүнийг БНХАУ-д үйлдвэрлүүлээд, дараагийн шатанд Монголдоо үйлдвэрлэлээ оруулж ирэх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

 

 Олон улсад гэрийг “Yurt” гэж нэрлэдэг ч бид “Ger” гэдэг нэршлээр нь хүргэх зорилготой

 

-www.kickstarter.com гээд Олон улсын шинэ бүтээгдэхүүнүүдийг урьдчилан харж мөнгө босгодог маш том сайт байдаг. Энэ сайт дээр Монголоос ганц  нэг төсөл орж байсан. Гэхдээ амжилттай болж байсан нь маш цөөхөн. Дээрээс нь энэ сайт нь Монголоос төсөл хөтөлбөр авахыг зөвшөөрдөггүй. Дэлхийн 22 улсаас л төсөл хөтөлбөр авахыг зөвшөөрдөг. Яагаад гэвэл татварын систем нь их өндөр хөгжчихсөн. www.kickstarter.com-д оруулсан төсөл хөтөлбөрийн 1-2 хувь нь санхүүжигддэг, маш хүнд. Тэгээд 40 мянган доллар босгох зорилгоор  2020 оны хоёрдугаар сард бүтээгдэхүүнээ Сингапурын нэр дээрээс оруулсан. 45 хоногийн хугацаатай байршуулсан. Тэгэхэд бид 75 мянган доллар буюу 220 орчим сая төгрөгийн урьдчилсан захиалга авч чадсан. Нийт 56 захиалга авсан.

2018 оноос “Овоо” брэндийн “ГэрТент” нэртэй энэхүү байгалийн аяллын майхнаа хөгжүүлсээр одоо зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Монгол гэр нь маш бат бөх бөгөөд бөөрөнхий хэлбэр нь тав тухыг бий болгож чаддаг. Углуурга, уяа хоёр дээр суурилан яс мод нь маш бат бөх болдог учраас өвлийн эсгий дулаалга нэмээд дөрвөн улиралд ашиглаж болдог. Бид Монгол гэр, тэр дундаа хэлхээ (сархинаг) тоонотой Монгол гэрээс санаа авч бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн. 2017 онд бид аялж явахдаа маш хүчтэй шуурга бүхий аадар бороонд өртөн бүх майхан нурж, ус нэвтрээд тун хэцүү байдалд орсон. Тэр үед ойролцоох малчдын гэрт хорогдон хүчтэй бороо шуургыг өнгөрүүлсэн бөгөөд Монгол гэр тухайн нөхцөл байдалд ямар ч асуудалгүй, бат бөх, тухтай байж чадсан нь бидэнд энэхүү бүтээгдэхүүнийг хийх санааг төрүүлсэн.

Хэлхээ сархинаг тоонотой Монгол гэрээс санаа авч хөгжүүлсэн хамгийн бат бөх, тохилог дөрвөн улирлын майхан. Монгол гэрийн бат бөх, тохь тухтай байдал, орчин үеийн майхны авч явахад хялбар, амархан барьж буулгах давуу талуудыг шингээсэн. Нэрний хувьд Монгол гэрийг нэрлэсэн Ger, майхныг нэрлэсэн Tent гэдэг нэрийг нийлүүлж “GerTent” гэж нэрлэсэн. Олон улсад гэрийг “Yurt” гэж нэрлэдэг ч бид “Ger” гэдэг нэршлээр нь хүргэх зорилго тавьсан.

Хэлхээ тоонотой гэрийн нэг онцлог нь гэрийн тооно, унь нь хамтдаа хэлхсэн байдаг учраас барьж буулгахад амархан байдаг. Энэ онцлогийг нь бид шинэ бүтээгдэхүүндээ тусгаж, үндсэн араг төмрийг нэг цул хэлхээ бүтэц болгож, барьж буулгахад хялбар болгож өгсөн. “Гэртент” нь дөрвөн  метр диаметртэй учир гэр бүл, хамаатан, найз, нөхөд, ажлын хамт олон, бүлэг жуулчид аялах суурин аялалд маш тохиромжтой.  8-10 хүний багтаамжтай.  Бүтээгдэхүүний нэр болон загвар нь Монголдоо болон олон улсад патентаар хамгаалагдсан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.20  ДАВАА № 137 (6362)