Б.ДОЛЖИНЖАВ

Уран гулгагч, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Екатерина Александровская 20 насандаа нас барсныг Олон улсын  тэшүүрийн холбоо өчигдөр мэдэгдлээ. Олон улсын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ян Дийкема “Екатерина нас барсан мэдээ үнэхээр биднийг цочирдууллаа. Тэр бол маш авьяаслаг уран гулгагч байсан. Уран гулгалт сонирхогчид түүнийг маш их санах болно. Түүний гэр бүл, найз нөхөд, хамтрагчийн өмнөөс гүнээ харамсаж байна” гэж холбооныхоо сайт дээр бичжээ. Одоог хүртэл түүний үхлийн талаар тодорхой мэдээллээгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тамирчны цогцос Моксва хот дахь гэрийнх нь ойролцоогоос олджээ. Урьдчилсан шатны дүгнэлтээр түүнийг амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа юм.

 Түүний хамтрагч Австралийн уран гулгагч Х.Виндзор хамтдаа авахуулсан зургаа инстаграммдаа оруулаад “Яг одоо надад юу мэдрэгдэж байгааг хэлэхэд хэцүү байна. Катя гэнэт биднийг орхин одсонд үнэхээр их гашуудаж байна. Бидний хамтдаа өнгөрүүлсэн мөч бүрийг би хэзээ ч мартахгүй, үргэлж зүрх сэтгэлдээ дурсаж явнаа. Тайван нойрсоорой Катя” хэмээн бичжээ. Екатерина Александровская 2000 оны нэгдүгээр сарын 1-нд Москва хотод төрсөн. Гэвч тэрээр 2018 оны өвлийн олимпд Австрали улсын нэрийн өмнөөс Х.Виндзортой хамт оролцож түрүүлсэн юм. Мөн тэд Австралийн аварга шалгаруулах тэмцээнд 2017, 2019 онд тус тус хоёр удаа түрүүлж байсан. Харин тэд хамтрахаа больж буйгаа энэ оны эхэн үеэр зарласан юм. “Эрүүл мэндийн шалтгааны улмаас Катя бид хоёр хамтрах боломжгүй боллоо. Энэ завшааныг ашиглаад Катядаа сайн сайхныг хүсье, хурдан эдгээрэй” хэмээн Виндзор хоёрдугаар сард инстаграммдаа бичиж байв.

Эх сурвалж: CNN