С.УЯНГА

 

“Монгол Улсын төлөө” буландаа Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн бэлтгэл хурандаа Тумисханы Костёрыг урилаа.

 

-Баян-Өлгийн цагдаагийн байгууллага 80 жилийн арвин түүхтэй газар. Түүхэн замналаас яриагаа эхэлье?

-Манай цагдаагийн газар байгуулагдсаны 80 жилийн түүхт ой есдүгээр сард тохиож байна. Аймгийн ард иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар байгуулагдаад 80 жилийг ардаа орхижээ. Цагдаагийн газрын 80 жилийн түүхийг алба хаагч, ажилтан, ахмадууд бид нэгэн зорилгоор хамт бүтээлцсэн гэж боддог.

Цагдаагийн газар анх аймаг байгуулагдсаны дараахан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1940 оны 223 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагдан сэргийлэх анги нэртэй байгуулагдсан түүхтэй.  Цагдан сэргийлэх анги 1990 онд Цагдан сэргийлэх хэлтэс. Мөн оны аравдугаар сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс гэж нэрлэгдэх болсон. Энэ үеэс цагдаагийн газрын нэгэн шинэ үе эхэлсэн гэж үздэг.

Баян-Өлгий аймгийн хүн амын өсөлт, зах зээлийн харилцаа, аялал жуулчлал, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалж ЦЕГ-ын даргын тушаалаар тус хэлтсийг 2012 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

Хуулийн салбарын шинэчлэлтэй холботой ЦЕГ-ын даргын 2014 оны тушаалаар тус цагдаагийн газрыг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар болгож бүтэц, зохион байгуулалтыг нь шинэчилсэн байдаг.

Энэ түүхэн урт хугацаанд аймгийн Цагдаагийн газрын хамт олон олон саад бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулсан. Алдаж оносон, бас амжилт бүтээлээр дүүрэн тийм л он жилүүдийг үдлээ. Цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, офицер, ахлагч, ажилтан бүр хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлснийг олон жил цагдаагийн хэлтсийг удирдсан хүний хувьд цохон тэмдэглэхийг хүсч байна.

-Та Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар хамгийн олон буюу есөн жил ажилласан. Анх томилогдож ирэхэд байдал ямар байв?

-Би 1998 онд Улсын мөрдөн байцаах газрын Тэргүүний даргаар шалгарч Сонгинохайрхан дүүрэг дэх Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байхад  ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар Баян-Өлгий аймгийн  Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн ажлыг сайжруулах даалгавар өгч хэлтсийн даргаар томилсон. Ажил хүлээж авах үед хэлтсийн конторын барилгад олигтой засвар хийгээгүй, өрөө  тасалгааны тавилгууд нь хуучирч өнгө үзэмжээ алдсан, албан хаагчдын сахилга, хариуцлага ч сулавтар зэрэг зохисгүй зүйлүүд байсан.

Мөн аймгийн хэмжээнд архидан согтуурах явдал газар авсан, зөрчил ч их гардаг. Иргэдийн эрх зүйн мэдлэг нимгэн байсан нь шинэлэг арга барилаар ажиллахыг зүй ёсоор шаардсан. Ажлын амжилтын чухал хөшүүрэг нь сахилга, хариуцлагыг дээшлүүлэх учраас байгууллагын дотоод журамд сахилга хариуцлагыг дээшлүүлэх заалтуудыг нэмж мөрдүүллээ. Хэлтсийн  конторын барилгад засвар хийх, өрөө  тасалгааны тавилгууд нь хэт хуучирч өнгө үзэмжээ алдсаныг солих гэхээр төсөв мөнгө хүрэлцдэггүй. Хэлтсийн хэмжээгээр 5-6 машинтай, норм хугацаа дууссан, засвар үйлчилгээ байнга шаарддаг маш хүнд үе байлаа. Энэ хүнд байдлуудыг даван туулахын тулд хувийн компаниудаас будаг, хаалганы бариул, нугас, хадаас  барилгын материал гуйж аваад ойр зуурын засвар  хийж эхэлсэн.

Хуучин ажиллаж байсан Улсын мөрдөн байцаах газраас баахан бланк, маягт, бичгийн цаас гуйж авчирлаа. Төсөв хэмнэх, зардал багасгах үндсэн чиглэл гарган ажилласнаар сүүлийн долоон жил дараалан төсвөө хэмнэж тэр  мөнгөөрөө  шуурхай албаны  суудлын машин хоёрыг авч өрөө тасалгааны тавилга, ширээ, сандал, шаардлагатай техник хэрэгсэл худалдан авч, дотоод нөөц бололцоо, өөрсдийн хүчээр бүх өрөө тасалгаанд засвар хийж  тохижуулсан нь ажилтнуудад сайн ажиллах урам хайрласан  чухал ажил болсон юм.

Алба хаагч бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний заалт бүрээр нь хүснэгтэд оруулан сар болгон дүгнэж хангалтгүй  үнэлгээ авбал дутагдлаа арилгах арга замыг хэлж өгдөг байлаа. Мөн хүн бүрийн  ахуй амьдрал, ааш араншин, ажлын ололт, дутагдалтай талыг үндэслэн  тэдэнтэй ажиллах арга барилыг тусгасан стандарт, жор тогтоож ажилласан маань ажил сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн. Ажлыг биечлэн шалгаж бичгээр зааварчилж, тэдний ёс зүйг төлөвшүүлэх  сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар  багагүй ажил зохиосон юм.

Он удаан жил түдгэлзээтэй байсан ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан олон хэргийг ажлын бус цагаар нэг бүрчлэн уншиж хянан амаар болон бичгээр зааварчилгаа өгч шийдүүлж байлаа. Миний энэ арга, ажиллагаа залуу ажилтнуудыг сургаж чадваржуулахад үр дүнгээ өгсөн  шинэлэг ажил болсныг олон хүн хэлж байлаа.

Архидалттай тэмцэхийн тулд олон зүйл сэдсэний дотор өөрийнхөө 1979 онд бичиж хэвлүүлсэн "Архины хор" нэртэй номоос архидан согтуурахын нийгэмд болон хувь хүний амь нас,  амьдралд учруулдаг хор нөлөө, бие эрхтэн тархи толгой, нүд, ходоод, элэг цөс, зүрх судас, бөөр болон үр удамд үзүүлдэг хор  хөнөөлийн талаар аймгийн Үндэсний радиогоор цуврал нэвтрүүлэг явуулж, албан байгууллага, сургуулиудад болон сумдад тогтмол яриа хийж, "Жана өмир" сонинд тусгай булан нээлгэн бичсэн нийтлэлээ нийтлүүлэх зэргээр  өргөн хүрээтэй ажил зохиосноор  архины хор холбогдлыг иргэд, хөдөлмөрчид таньж архи дарсыг жигшдэг болсон.  Үүний үр дүнд Дэлүүн сумын 50 жилийн ойн баяр болон зарим хурим найрыг архигүй тэмдэглэдэг болж, эрүүлжүүлэх байранд ордог, гудамж талбайд архидан согтуурдаг  хүмүүсийн тоо өдрөөс өдөрт багасч, согтуугаар үйлдэгддэг гэмт хэргийн тоо эрс буурсныг сайн санаж байна.

-Гэмт хэргээс сэргийлэхэд хэрхэн үр дүнтэй ажиллаж байв?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг өөрчилж хэд хэдэн шинэ журам боловсруулан батлуулан мөрдүүлж албан хаагч бүрээр тодорхой ажлууд зохион байгуулсны үр дүнд гэмт хэрэг жил дараалан буурсан. Албан байгууллага, сургуулиудад офицер, цагдаа нарыг хуваарилан өгч тогтмол яриа таниулга хийлгэж байлаа. Тухайлбал, 2001 онд 275 гэмт хэрэг гарсан бол 2002 онд 232, 2003 онд 199, 2004 онд 123 гэх мэтээр буурч байсан нь  бидний зохиосон төрөл бүрийн ажил үр дүнгээ өгснийг харуулж байгаа юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг системтэй сайн зохион байгуулж чадвал хэрэг, зөрчил эрс багасдаг. Энэ ажилд хэлтсийн дарга өөрөө манлайлах ёстой гэж боддог. Тиймдээ ч хэлтсийн даргаар ажилласан хугацаандаа өөрийн биеэр 29 газар лекц, 86 газар яриа хийж олон хүнийг хамруулсан. Сонин хэвлэлд 49 мэдээлэл бичиж нийтлүүлэн, аймгийн үндэсний радиогоор  бичсэн 149 мэдээллийн нэвтрүүлгээр дөрвөн ном бичсэн. Хуулийн сурталчилгаа хийхдээ сургууль төгссөн залуу боловсон хүчнүүдийг дагуулан явж ярианд суулган ярих урлаг эзэмшүүлэх тал дээр ихэд анхаарал хандуулж ирсэн нь тэдэнд томоохон дадлага, биет сургалт болдог байлаа.

Намайг ажил хүлээж авахад цагдаагийн хэлтэс 1997 оны ажлын үзүүлэлтээр 21 аймгаас 19 дүгээр байранд орж байсан. Харин 1998 оны ажлын үзүүлэлт урдах жилээс 10 байраар урагшилж  улсад есдүгээр байранд орсон бол 1999 оны ажлаар бүсдээ тэргүүн байранд шалгарч байсан түүхтэй.  Цагдаагийн хэлтсийн ажил  жилээс жилд сайжирсан нь бие бүрэлдэхүүний  идэвх санаачилга, сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн, тэдний сахилга хариуцлага, мэдлэг чадвар дээшилсний  баталгаа. Манай хэлтсийн хамт олон ажил үйлсээрээ таван жил дараалан  аймгийн Засаг даргын  харьяа хэлтэс, агентлагуудаас шагналт болон эхний байранд шалгарч "Соёлч байгууллага"-ын болзол ханган биелүүлж гэрчилгээ авч байсан юм. Би гавьяаны амралтад гараад 13 жил болсон ч одоо хүртэл цагдаагийн газрынхантай ойр дотно ажиллаж чадах чинээгээрээ залуу офицеруудыг чадваржуулахад тусалж байгаа.

-Түүхт 80 жилийн ойгоо угтсан олон ажил өрнөж байгаа байх?

-Цагдаагийн газар 70 гаруй ахмад ажилтантай. Цагдаагийн газар байгуулагдсны түүхт 80 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө гарсан. Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилтийг шинэ шатанд гарган сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх,  бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний болон цагдаагийн ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн 60 гаруй төрлийн ажил, арга хэмжээг төлөвлөж, бараг ихэнхийг нь амжилттай хийж байна.

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохиосноор гэмт хэргийн гаралт өнгөрсөн онд 3.8 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 15.3 хувиар, зөрчлийн илрүүлэлт 23.9 хувиар  өссөн амжилт гаргасан байгаа. Зөрчлийн илрүүлэлт ийн өссөн нь үр дүнтэй ажилласныг илтгэн харуулж байгаа сайн үзүүлэлт юм.

-Таниас хойш танай хамт олон таван  ч даргын нүүр үзсэн юм байна?

-Түүхт 80 жилийн хугацаанд цагдаагийн газрыг нийт 17 дарга удирдаж байсан. Надаас хойш Т.Бахыт, К.Женисгүл, М.Батболд, Б.Батхүү, Б.Наранбаатар гэсэн таван дарга ирсэн байна. Тэд Цагдаагийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх талаар чадах чинээгээрээ, өөрийн арга барилаар ажилласан. Сүүлд ирсэн цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатараас бусад нь “Цагдаагийн хурандаа” хэмээх эрхэм цолоо аваад явцгаасан юм. Үүнээс болж ард түмний дунд “хурандаагийн дамжаа” гэсэн онигоо ч гарсныг нуух юун. Тогтвор суурьшилтай ажиллуулахыг ард түмэн хүсч байгаагаас ийм  л юм яригдаж байгаа байх. Аймгийн Цагдаагийн газар байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр хаяанд ирсэн үед томилогдон ирсэн цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатар ажилдаа сэтгэл, зүтгэл гарган, шинэлэг арга барилаар чармайн ажиллаж байгаа нь илэрхий мэдрэгддэг. Мөн Цагдаагийн газрыг удирдаж байсан үе үеийн дарга нараас хамгийн залуудаа цагдаагийн газрыг удирдсан дарга болж байна. Ялангуяа, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байгаа. Мөн алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд мэдрэгдэхүйц ажил хийж байна гэж олон жил даргын албыг хашсан хүний хувьд дүгнэн харж байна.

Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч, нэлээд зүйл хийж байна. Улаанхус, Бугат сумдын цагдаагийн хэсгүүдийг машин унаатай болголоо. Гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулахад чиглэсэн системтэй ажлуудыг дэс дараатай авч байгаа нь үр дүнгээ өгч байна.

Коронавирусын хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон үед хамгаалалтыг мэргэжлийн өндөр түвшинд, чадварлаг, сайн зохион байгуулснаар өвчнийг хязгаарлан барьж чадаж байна. Түүхт 80 жилийн ойг угтаж хуулиар хүлээсэн үндсэн үүргийн амжилтыг ахиулах нь бусад ажлаас ач холбогдол нь өндөр гэж бодож байна.

-Туулсан амьдралаа эргэн харж, алдаа оноогоо дэнслэн үзэхэд залуу үедээ аминчлан захих зүйл юу байна вэ?

-Эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэл гарга, эзэн ёсоор, залхуурахгүйгээр няхуур, нямбай хандахыг залуу хуульчдад захимаар байна. Танай сониноор дамжуулаад цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан түүх бүтээлцсэн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, тэдний залгамж халаа, хойч ирээдүй болсон цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд Цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.16  ПҮРЭВ № 135 (6360)