Б.ДОЛЖИН

Эцэг эхчүүд амралтаа авч, аялал зугаалгаар явж, хүүхдүүд гэртээ бус гадаа тоглож өнждөг урин дулаан цаг хэдийнэ иржээ. Дэлгэр зуны налгар өдрүүдэд багачууд үеийнхэнтэйгээ гадаа тоглох нь зөв боловчиг энэ үед эцэг эхчүүд тэдэнд тавих хяналтаа огт сулруулж болохгүй. Гэтэл асран хамгаалагчдын хараа хяналт суларсны улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихэсчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар даваа гаригаас өнөөдрийг хүртэл буюу зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 3-нд зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэсний долоо нь хүүхэд байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 26, гол усанд живж найм, өндрөөс унаж есөн хүүхэд нас баржээ. Үүнээс гадна ухсан нүх шуудуунд унаж, халуун ус, галд түлэгдэж  тус бүр тав, мориноос унаж найман хүүхэд амь насаараа хохироод байна. Түүнчлэн сүүлийн  гурван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан юм. Тухайлбал, 2017 онд 55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас бараад байна.

Эх сурвалж: www.polit.mn